Махны үнэ 33,2 хүртэл хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Махны үнэ 33,2 хүртэл хувиар өсчээ

Тавдугаар сарын 19-ны байдлаар өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ ханш ямар байгаа талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Уг мэдээлэлд дурдсанаар нийслэл хотод хонины махны үнэ дөрөвдүгээр сарын дундаж үнээс 30.2-33.2 хувь, үхрийн махны үнэ 27.2-27.6 хувь, ямааны махны үнэ 29.1 хувь, адууны махны үнэ 23.2 хувиар тус тус өсчээ. Харин өмнөх долоо  хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 17.1-18.0 хувь, үхрийн махны үнэ 17.7-19.2 хувиар, ямааны махны үнэ 20.0 хувь, адууны махны үнэ 10.4 хувиар өсөөд байгаа ажээ.
Хүнсний захуудад нэг  кг хонины ястай мах дунджаар 5547 төгрөг байгаа бол  үхрийн ястай махыг  6138 төгрөгөөр борлуулж байлаа. Ямааны мах  3900 төгрөг, адууны мах 4233 төгрөг байгаа бол  хонины цул мах  5760 төгрөг, үхрийн цул мах  6557 төгрөгийн үнэтэй байна.
Хөдөө орон нутаг, аймгуудад худалдаалж байгаа хонины махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 100-1000 төгрөгөөр өсч, Хөвсгөл аймагт 500 төгрөгөөр буурчээ. Харин бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Говь-Алтай, Өмнөговь аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөг байхад Баян-Өлгий аймагт хонины махны үнэ 3800 төгрөг байгаа нь хямд үнэ байна. Үхрийн махны үнэ Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Төв, Ховд,  Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт өмнөх долоо хоногийнхоос 100-1000 төгрөгөөр өсч, Архангай, Хөвсгөл аймагт 100-500 төгрөгөөр буурсан байна. Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Төв аймагт 5800 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Баян-Өлгий, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт 4000 төгрөг байгаа нь хямд үнэ ажээ.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж