Хуучирсан мэдээ: 2012.12.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентад 25 суудал авсан ч бүлэг байгуулах албан ёсны хүсэлтээ УИХ-ын даргад 24 цагийн дотор багтаж тавиагүйгээс өнгөрсөн хугацаанд бүлэггүй явсан МАН-ын гишүүд өнөөдрөөс албан ёсны бүлэгтэй боллоо. МАН-ын гишүүд бүлэгтэй болсноор УИХ-д албан ёсны гурван бүлэг үйл ажиллагаа явуулах болж байна. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 33, УИХ дахь МАН-ын бүлэг 25, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 10 гишүүнтэйгээр тус бүр ажиллах болж байна. Үүн дээр ИЗНН-ын хоёр гишүүн, бие даагч гурван гишүүнийг оруулан тооцвол 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн парламентад дахиад л гурван гишүүний орон зай үгүйлэгдэж буй.

Сонгуулийн ерөнхий хорооноос Өвөрхангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Д.Зоригт, Г.Батхүү нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх хүсэлтийг өнгөрсөн намар УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Гэвч МАН-ын гишүүд дээрх хүсэлтийг эсэргүүцэн чуулганы танхимын хаалгыг буйдангаар хааж, “рекэт” хийсэн нь хоёр нэр дэвшигчийг нэгэн зэрэг тангараг өргүүлэх аргагүй болгосон билээ.  Тиймээс хоёр намын төвшинд хэлэлцээр хийгдсэнээр ямар ч байсан Г.Батхүү, Д.Арвин, Д.Сарангэрэл нар нэг өдөр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн ч МАН нэг суудлаа олонхийн бүлэгт алдав. Цаашид олонхийн бүлэг суудлынхаа тоог ахиулахын төлөө зүтгэж таарна. Харин цөөнх ямар хамгаалалт хийх бол? Энэ асуудал улстөрийн хүрээнийхэн дунд анхаарал татсан хамгийн чухал сэдэв болж хувираад байна.

Эх сурвалжаас өгч байгаа мэдээллээр Өвөрхангайн тойрог дээр Ардчилсан нам, МАН ойлголцолд хүрсэн гэх. Түүгээр бол МАН-аас дээрх тойрогт нэр дэвшсэн С.Чинзориг УИХ-д орж ирж, харин Д.Зоригтыг нам нь Элчин сайдаар томилох аж. Энэ тохиолдолд УИХ дахь МАН-ын бүлэг суудлын тоогоо нэгээр нэмж, 26-уулаа болно. Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын дахин сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас өрсөлдсөн Д.Сумъябазар нарын хэн нь ялалт байгуулахаас хамаарч олонхи, цөөнхийн парламент дахь суудлын тоо нэгээр нэмэгдэх учиртай. Хэрэв Ардчилсан намаас нэр дэвшигч дээрх тойрогт ялалт байгуулбал, УИХ дахь суудлын тоо 34 болно, МАН-аас нэр дэвшигч ялбал 27 суудалтай болно. Харин үлдэж байгаа нэг суудал УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс илүү хамааралтай болж байгаа. Уг нь хуулиа хөөн намын листээ баривал тус эвслийн нэрээр УИХ-д нэр дэвшсэн Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангараг өргөх ёстой. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын даргад хандан өргөн мэдүүлсэн хүсэлтэд түүний нэр багтсан байдаг. Гэвч “Шударга ёс” эвслийнхний хувьд өнөөг хүртэл 11 дэх суудлыг хадгалсаар байгаа нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Батшугарыг оруулж ирэхээр МАХН-ынхан удирдлага талаас үүрэг авсантай холбоотой гэх. Бас нэг сонирхол татам мэдээлэл цацагдах болсон нь Ц.Оюунбаатар удахгүй УИХ-ын гишүүний тангараг өргөнө, ингэхдээ Ардчилсан намд элсч олонхийн бүлгийн суудлын тоог нэмж, 35-д хүргэх тухай юм. Энэ мэдээлэл батлагдвал Ардчилсан намын хувьд бие даагч нараас хоёр хүнийг татахад л “Шударга ёс” эвсэлгүйгээр Засгийн газрыг дахин эмхлэх боломжтой болно. Харин Ардчилсан намынхантай хамтран засаг барилцах хүслээ гээж чадахгүй байгаа  МАН-ын бүлгийнхний хувьд МАХН-ынхантай нэг талд гарч сөрөг хүчний байр сууринаас олонхийн бүлгийнхнийг хянаж суух үүрэгтэй л үлдэнэ гэсэн үг юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж