Уул уурхайн сайд С.Е.Донскойтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Уул уурхайн сайд С.Е.Донскойтой уулзлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр ОХУ-ын талаас геологийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг ажил хэрэг болгох,3D хэмжээс бүхий геологийн газрын зураглалыг шинээр хийх, эрчим хүч, нүүрсний салбарт, дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Д.Ганхуяг сайд “Таны энэ саналууд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тэмдэглэлд орсоноор санал солилцох боломжтой” гэлээ.

Түүнчлэн ОХУ-ын талаас геологийн судалгааны ажилд хэрэглэгдэх тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцлоо. Уул уурхайн сайд Монгол Улс ОХУ газрын тосны салбарт олон жилийн турш бизнесийн зарчмаар ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Гэхдээ “Роснефть” компанийн зүгээс Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ  сүүлийн жилүүдэд бусад оронд нийлүүлж байгаа үнээс харьцангуй өндөр байгаа учир, энэ үнийг бууруулах боломж байгаа эсэхийг судалж үзэхийг хүслээ. Мөн тэрбээр  Японы олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр Тоүоинженеринг компани  Монголд барих газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г хийсэн. Монгол Улс газрын тос олборлогч орон болж байгаа.Цаашдаа энэ газрын тосоо эх орондоо боловсруулах зорилтыг тавьж ажиллаж байна.Энэ байдалд шинэчлэлийн Засгийн газар газрын тосны үйлдвэр барих  ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргасан болно.Тиймээс энэ төсөлд ОХУ, Роснефт компани хөрш орны уламжлалт түнш, дээр нь  Дэлхийн худалдааны байгуулагын гишүүн орныхоо хувьд ч газрын тос нийлүүлэх байдлаар хамтарч ажиллана гэдэгт найдаж байна гэсэн саналыг дэвшүүлэв.Мөн  тэрээр газрын тосны бүтээгдэхүүн нь аль ч оронд стратегийн бүтээгдэхүүн байдаг.Монгол Улс цаашид нүүрс, шатдаг занарын нөөцдөө суурилан шатахуун үйлдвэрлэх, цаашид экспортлох зорилготой ажиллаж байгаа тухай  тэмдэглэн хэллээ.

Уул уурхайн сайд уулзалтын төгсгөлд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Манай улсад Геологи, уул уурхайн салбар хурдацтай хөгжихөд ЗХУ-ын  /ОХУ/ геологи, уурхайчдын нөр их хөдөлмөр бүтээл  шингэсэн байдгийг онцолж, С.E Донской сайдын айлчлалаар хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт итгэж байна гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж