Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүн, Засгийн газрын шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талын тэргүүн С.Е.Донской нар даргалан хуралдуулсан юм. Хуралдааны дараа хоёр талын комиссын дарга нар протоколд гарын үсэг зурж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүн Д.Тэрбишдагва:
-Өнөөдрийн хамтын ажиллагааны хурлаар Монгол Улс, ОХУ-ын хооронд бүх талын хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа. Хэлэлцээрийн үеэр хөндөөгүй сэдэв гэж байхгүй. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгаа боловч санасан хэмжээнд хүрч чадахгүй байна. Хоёр талын хамтын ажиллагаа, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар онцгойлон анхаарлаа. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаанд ялгаа байна.
ОХУ, Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд харилцан бараа солилцоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хамтарсан үйлдвэрүүдийн талаар санал солилцож гэрээнд тусгалаа. Монгол дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар тодорхой дэвшил гарлаа. ОХУ-аас Монгол Улс жил бүр нэг сая орчим тонн нефть бүтээгдэхүүн авдаг бол түүнийг хоёроос гурван сая тонн болгох чиглэлээр санал солилцож, үнийн асуудлаар ярилцлаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа. Оюутны тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, байгаль орчин, эрчим хүч, уул уурхай, төмөр замын салбар гээд олон чиглэлээр ярилцлаа. Уулзалт, хэлэлцээр амжилттай боллоо. Протоколд зурсан бүх асуудлыг ажил хэрэг болгохын төлөө холбогдох бүх байгууллага онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байна гэв.
Оросын талын тэргүүн С.Е.Донской:
-Энэ жил ОХУ-д ч, Монголд ч Засгийн газар шинэчлэгдсэн. Монголын талын нөхөдтэй танилцаж цаашдын үйл ажиллагааны талаар ярилцах таатай байлаа. Хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв маш ирээдүйтэй байна. Энэ 2012 онд Орос-Монголын эдийн засгийн харилцаа ахицтай байж оны төгсгөл гэхэд хоёр орны худалдааны эргэлт хоёр тэрбум ам.долларт хүрнэ гэсэн төлөвтэй байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгаснаар бараа эргэлтийг гурван тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд байгаа.
Уул уурхай, тээвэр, хамтарсан тусгай хамгаалалттай байгалийн нөөц газрууд байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ гэв.
Хуралдааны үеэр ноён С.Е.Донской хоёр талын худалдаанд үүсээд байгаа тэнцвэргүй байдал даамжирч байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийллээ. Энэ 2012 онд Монголоос ОХУ-д нийлүүлж байгаа жоншны үнийн уналт худалдааны тэнцвэргүй байдалд нөлөөлсөн гэж үзжээ.
Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Оросын төмөр зам компанийг Тавантолгойн орд газрыг ашиглах, Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөх төслүүдэд оролцуулах, ураны хүдэр хайх, олборлох, боловсруулах, “Дорнод уран” хамтарсан үйлдвэр зэрэг төслийг эхлүүлэх саналуудыг Оросын талаас тавьжээ. Мөн хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, ОХУ-ын “Ренова” компаниас Улаанбаатарын дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлд зориулж турбин нийлүүлэх гэрээ байгуулсан зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ.
Монголын талыг тэргүүлж буй шадар сайд Д.Тэрбишдагва ОХУ-аас Монголд нийлүүлж буй шатахууны нэгжийн үнэ бусад оронд нийлүүлж байгаагаас 200-300 ам.доллараар өндөр байгааг хэлж , үнийг бууруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Оросын тал Улаанбаатар дахь Ленин клубын барилга Оросын мэдлийнх боловч Монголын тал өөртөө “гулсуулчихсан”-ыг хэлж өмчлөлдөө эргүүлж авах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байв.