Судалгааны үр дүнгээс харахад, 10-16 насны хүүхдүүд сонин уншиж хэвшээгүй бөгөөд тэдний хувьд телевиз, интернэт мэдээлэл хүлээн авах хамгийн чухал эх сурвалж болж буй аж. Тэд телевиз, интернэтэд бусад мэдээллийн хэрэгслээс илүүтэй итгэдэг бөгөөд авч буй мэдээллээ шүүмжлэлтэйгээр үнэлэн дүгнэх мэдлэг, дадал эзэмшээгүй байна. Хүүхдүүдийн дунд үдээс хойш хичээлээ тармагц интернетэд холбогдож, орой 18-21.00 цагийн үед телевиз үзэх хэвшил түгээмэл байна. Өөрөөр хэлбэл, амьд харилцаа хүүхэд, өсвөр үеийнхний дунд бага бөгөөд мэдээллийн хэрэгслээр дамжуулж үе тэнгийнхэнтэй болон бусад хүмүүстэй харьцаж, мэдээллийн хэрэгслээс авч буй мэдлэг туршлагаараа амьдрах хандлагатай байгаа тухай албаныхан дүгнэжээ.
Хүүхдийн сонин уншдаг хүүхдүүд голцуу сургуулийн хэмжээнд (албан журмаар) захиалсан сонинг уншиж, харин бусад нь долоо хоног тутмын телевизийн хөтөлбөр бүхий сэтгүүл болон шар сониныг тохиолдлын байдлаар уншдаг байна. Үүнийг хүүхдийн сэтгэхүйд таарсан, тэдний сонирхолд нийцэх сонин, сэтгүүл үгүйлэгдэж буйтай, эсхүл эцэг эхчүүд хүүхдүүддээ сонирхлынх нь дагуу тусгайлан зориулж хэвлэл захиалж буюу худалдан авч өгдөггүйтэй холбож тайлбарлаж болох ажээ.
Өсвөр үеийнхний хувьд мэдээллийн гол эх сурвалж болоод буй интернэтээс дуу хөгжим сонсох, кино клип үзэхээс гадна оддын амьдрал, танин мэдэхүй, далд ертөнц, аймшиг, хачирхалтай явдлын талаарх мэдээллийг авах сонирхолтой байдаг байна. Түүнчлэн хичээл, даалгавар хийхэд хэрэгтэй мэдээллийг хайх, фейсбүүк хэрэглэх явдал түгээмэл байгаа билээ.
Орон нутагт гурван сурагч тутмын нэг нь, Улаанбаатарт зургаан сурагч тутмын нэг нь ардчилал гэж юу болох талаар ямар нэгэн ойлголтгүй байсан аж. Харин бусад хүүхдүүдэд ардчилал нь эрх чөлөө буюу хүссэн зүйлээ хийх явдал хэмээх ойлголт давамгайлж буй. Мөн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө өөрт минь бий, энэ эрх чөлөө хүн бүрт хамаатай гэж дийлэнх нь хариулсан боловч энэ эрх чөлөө аав ээж, багш гэх мэт томчуудад болон улстөрчдөд хамаатай гэсэн тохиолдол багагүй байсан нь анхаарал татаж буй юм байна.