Тейт Стивенс “X Factor”-т ялжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Тейт Стивенс “X Factor”-т ялжээ

Америкийн телевизийн “X Factor” шоуны шилдгийг тодруулах сэтгэл догдлом торгон мөч өчигдөр болж өнгөрсөн байна. “X Factor” шоуны 2012 оны ялагч болж, таван сая ам.долларын дуу бичлэгийн гэрээний эзнээр кантри дуучин Тейт Стивенс тодорчээ. Тейт Стивенс шоуны сүүлийн хэдэн долоо хоногийн шалгаруулалтад байнга хоёрдугаар байрт орж байсан ч шийдвэрлэх тулаанд Карли Роуз Сонинклэйрийг илт давуу саналаар тэргүүлсэн байна. Өдгөө 37 настай Тейт Стивенс  “Намайг энэ шоуны туршид тусалж дэмжиж байсан Эл Эй Рейдэд талархлаа илэрхийлье. Мөн гэр бүл, миний төлөө саналаа өгсөн кантри дууны шүтэн бишрэгчдэд маш их баярлалаа. Энэ бол миний хамгийн сайхан өдөр” хэмээн нулимс дуслуулан ярьжээ. Харин 13 настай чадварлаг дуучин Карли Роуз Сонинклейр хоёрдугаар байрт, гуравдугаарт “Fifth Harmony” хамтлаг шалгарчээ.

“X Factor” шоуны хөтлөгч Марио Лопез, Клой Кардашиан нар ялагчийг тодруулахаас өмнө Тейт Стивенс, Карли Роуз Сонинклейр нар тайзан дээр Майли Сайрусын "The Climb" дууг хамтран дуулсан аж. Харин Кейт Стивенс Америкчуудаас хамгийн их санал авч шоунд тэргүүлснийхээ дараа Крис Янгийн "Tomorrow" дууг өөрийг нь дэмжсэн хүмүүст болон шоуны шүүгчдэд зориулан дуулжээ.

Сонирхуулахад, “X Factor” шоуны сүүлийн тулаан эхлэхэд улаан, хар өнгийн хувцсаар гангарсан шилдэг оролцогчид хар өнгийн тансаг машинаас буун алдарт “Beatles” хамтлагийн "All You Need Is Love" дууг дуулангаа улаан хивсэн дээгүүр алхжээ.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж