Д.Арвин Элчингийн суудлаар тохироо хийсэн гэв үү

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Д.Арвин Элчингийн суудлаар тохироо хийсэн гэв үү

Д.Арвин МАН-аасаа гарч Ардчилсан намд элслээ.

Батлахаа гардан баяр хөөрөө нууж ядан байх юм. Энэ хүүхэн ингээд сонголтоо хийчихэж болно л доо. Гагцхүү түүнийг мөрийн хөтөлбөрийг нь харж сонгосон Баянзүрх дүүргийн 280 мянган иргэний итгэл, сэтгэлийг яах гээ вэ. Баянзүрхчүүд түүний барьж явсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг нь нягтлан тунгааж байж сонгосон байгаа. Чухам ирэх дөрвөн жилд эл мөрийн хөтөлбөрөөр амласан сайхан сайхан ажлуудаа хийгээрэй, бидний амьдралд тус болоорой гэж сонгосон байгаа. Түүнээс биш Д.Арвин гэдэг хүнийг хөөрхөн юм, дажгүй юм гэж сонгоогүй нь тодорхой. Юу үнэн энэ үнэн.

Гэтэл МАН-ын мөрийн хөтөлбөрийг  ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ гэж амласаар байгаад сонгогдмогцоо улс төрийн өөр намд орж байгаа нь шууд утгаараа баянзүрхчүүдийг цэвэр далаар нь тавьж байгаа хэрэг боллоо. Одоо   баянзүрхчүүд итгэж, үүрэг даалгавар өгч төрд илгээсэн төлөөлөлгүй боллоо. Тэдний итгэж найдаж байсан хүн нь төрийн түшээ болмогцоо зангаа хувирган, замаа засаад явчихаар хэрхэх вэ.

Үндсэн хуульд сонгох, сонгогдох гэсэн ариун нандин, хамгийн том эрх байдаг. Хэн ч байсан сонгох эрхтэй. Энэ  эрхээрээ монголчууд дөрвөн жилд ганцхан удаа төрийн эрх мэдлийг тухайн агшинд өөртөө авдаг. Тэгж авахдаа ирээдүйд өөрийнхөө, өрх гэрийнхээ сайн сайхны төлөө зүтгэнэ гэж итгэсэн хүндээ санал өгөн илгээдэг. Харин тэд тухайн хүнийг сонгохдоо хийнэ гэж амлаж байгаа мөрийн хөтөлбөрийг нь харж л сонгодог. Түүнээс бус царай зүс, бие хааг нь хардаггүй. Иймээс 280 мянган баянзүрхчүүдийн итгэл яг энэ мөчид хугаран унаж байгаа юм л даа.

Монгол Улсад өнөөдөр улс төрийн намын, улстөрчдийн хариуцлага гэж огт байхгүй болсныг энэ жишээ харууллаа. Тухайн улс төрийн нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна, түүнийг гүйцэлдүүлэхийн төлөө тууштай зүтгэнэ гэсэн хүнээ нарийн шалгуураар сонгон шалгаруулж нэр дэвшүүлэн мөрийн хөтөлбөрөө бариулж яваагүйгээс ийм эмгэнэлтэй байдал үүсч байгаа юм.  Энэ бол эмгэнэл мөн. Хэн нэгэн луйварчин “Би ийм юм хийнэ” гэж баг өмсөн гүйж байгаад 280 мянган монголчуудыг хулхидчихаад, тангараг өргөн төрийн ордонд залармагцаа “дунд хуруугаа” гаргаж болдог монгол төр болж.

Сураг сонсох нь ээ, Д.Арвин гишүүн хөөрхий хувийн бизнестээ хяналт шалгалт оруулахгүй, цэцэглүүлэх, дээрээс нь 2016 онд бүрэн эрхийнхээ хугацааг дуусангуут аятайхан улсад Элчин сайдаар суулгах гэсэн хоёр зүйлээр Н.Алтанхуягтай тохироо хийсэн гэх юм. Энэ тохирооноос л харахад энэ хүнд анхнаасаа л баянзүрхчүүдийг гэсэн сэтгэл байгаагүй нь харагдаж байгаа юм.

Дээрээс нь намдаа гомдсон гэх хачин хошин тайлбар түүнийг хэн бэ гэдгийг харуулаад өгч байна. Намдаа гомдоно гэдэг ямар утгатай тайлбар болон Монголын улс төрд явсаар ирснийг олон нийт мэдэж байгаа. Намдаа гомдсон гэж матрын нулимс унагасан болгон албан тушаалын бялуунаас ахиухан хүртэж чадахгүй болохоороо л энэ үгийг хэлдэг.

“Минийх долоохон, чинийх долоо” гэж ховдоглогсод яг ийм үйлдэл гаргадаг. Тухайлбал, Ардчилсан намаас бялуу бага хүртээж байна гэж гомдсон хэсэг гарч ҮШН-ыг байгуулж байлаа. МАН-аас мөн л бялуугаа чамлагсад тасран МАХН-ыг үүсгээд байгаа. Тэгвэл мөнхийн сөрөг хүчин байж, үзэж тардаг үгийн хорноор булдаг байсан Ардчилсан намынхаа өвөрт хусмаа чамласан Д.Арвин орж байна. Энэ бол дөрөв дэх удаагаа парламентад суухдаа байнга илүү харж, билүү долоохоор санаархаад санасандаа хүрч чадаагүйгээс хорсож явснаа илэрхийлж байгаа тэсрэлт. Түүний дотоод их адын хүсэл энэ агшинд тэсэрч байгаа нь энэ.
Ц.Цолмон МҮАН-аа орхин МАХН-д ороход олон хүн гайхаж байсан. Гэхдээ энэ тохиолдол бол Д.Арвиныхаас өөр. Ц.Цолмон “Шударга ёс” эвсэл гэх нэг л мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон намдаа элссэн. Ингэхээр тэр сонгуульд оролцохдоо  хийнэ гэж амласнаа хийнэ, мөрийн хөтөлбөртөө үнэнч байна гэдэг утгаараа сонгогчдыг хуураагүй юм. Тэр даргалж явсан намын гишүүдээ бол хулхидсан байх л даа. Үүний сайн тал нь сонгогчдоо хулхидаагүйд байгаа юм.

Харин Д.Арвины тухайд мөрийн хөтөлбөрөөсөө ухар­сан гэдэг утгаараа 280 мянган сонгогчдыг шууд хул­хидсанаараа увайгүй харагдаад байна. Тэр төрийн түшээ биш байсан бол намын даргадаа гомдоно уу, намаа солино уу, хэнд ч падлий байхгүй. Гагцхүү 280 мянган хүний итгэлийг дааснаараа тэр хувь хүн биш болж, олны өмнө хариуцлага үүрэх субьект болчихоод байгаа хэрэг. Харин эрхэм гишүүнтэн энэ хариуцлагаа нулимж хаяад хувиа хичээсэн нь өөрөө эмгэнэл болчихоод байгаа юм. Энэ жишээнээс манай улс төрийн намууд гашуун сургамж авах байх. Намын тухай хууль дүрэмдээ, Сонгуулийн тухай хуульдаа ийм тохиолдолд сонгогчдынх нь эрхийг хэрхэн хамгаалах талаар хатуухан заалт оруулахаар бодож эхэлсэн  байх гэж найдна. Хусмаа чамласан болгон мануусыг хулхидаад байх жишгийг Д.Арвин тогтоолоо шүү, монголчууд аа.

С.БАЯР

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж