-Өвлийн загасчлалын үе эхэлж байна гэж ярих юм. Ер нь аль үед нь загас барьвал илүү тохиромжтой байдаг юм бэ?
-Өвлийн улиралд гол хөлдсөн үед загасчлал эхэлдэг. Загаснууд гол хэсэгтээ цугларан бөөгнөрдөг.Үүнийг ямкална гэж ярьдаг юм. Ямкалсан газрыг олж чадвал загас олдох нь амархан. Нэгээс гурван сарын үед загасчлахад их тохиромжтой. Зуны улирлыг бодвол өвөлдөө загаснууд нэг газартаа бөөгнөрдөг. Хамгийн чухал нь хаана цооног гаргахаа судлах хэрэгтэй. Түүнээс дуртай газраа цоолоод байх юм бол үр дүнгүй болдог.
-Манай орны хувьд загас ихтэй ч гэдэг юм уу, том загастай газар нь хаанах вэ?
-Манайд загастай газар олон бий. Тухайлбал,Чулуут, Онон, Ерөө, Эг Мөрөн гээд олон. Гэхдээ олон байхын зоргоор барьж идэхдээ гол нь биш байдаг. Загасаа бариад буцааж тавих нь чухал. Энэ нь спорт загасчлал гэсэн үг. Гэтэл загас барьж байгаа нөхдүүд тор хэрэглэж үй олноор нь барьдаг. Энэ их буруу.
-Загасаа барьчихаад буцаагаад тавьдаг гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Дэлхий дахинд барьсан загасаа буцааж тавих олон арга хэрэглэдэг. Тухайлбал сэртэнгүй дэгээ хэрэглэх, ямар нэг юмыг нь гэмтээхгүйгээр буцааж тавьдаг.
-Загас барих техникээсээ хуваалцахгүй юу. Зун цагт удаан хугацаанд суугаад барьчихдаг. Тэгвэл өвлийн хүйтэн цагт хэрхэн барих уу. Уургандаа яаж хурдан оруулах вэ?
-Олон арга бий. Уурга, хиймэл өгөөш гэх зэрэг. Манайхан голдуу амьд жараахайг өгөөш болгодог. Үүнээс татгалзах хэрэгтэй. Дэлхий дахинд амьд загасаар өгөөш хийхийг хориглочихоод байгаа. Манайд энэ арга хэрэгжихгүй байна. Ер нь бол амьд загасыг өгөөш болгох шаардлагагүй. Түүнээс биш хиймэл жараахайгаар баригдахгүй байгаа бол чадахгүй л байна гэсэн үг. Тиймээс техник чухал. Тэгэхээр бид нар өвлийн улиралд юу бэлтгэх вэ гэхээр уурга, лоом мөн загас барих газраа сайн судалж сонгох хэрэгтэй болдог.
-Өвөл загас барьж байхад гол цөмрөх тохиолдол гардаг уу?
-Газраа зөв сонгоогүйгээс болж цөмрөх тохиолдол гардаг. Гол болон нууранд өрх гэж бий.Туршлагагүй хүмүүс түүнийг мэдэхгүй цөмөрч аюулд орох үе тохиолдоно. Манай нэг найз цөмөрч унаж байсан. Тиймээс болгоомжтой байх ёстой.
-Өвөл загасчлах юу нь сайхан бэ?
-Загасчлах хообийтой хүмүүс эрүүл агаарыг загас барих үед мэдэрдэг. Харин зуны загасчлал бол хаа сайгүй эргэлдэж, хөдөлгөөн их шаарддаг. Учир нь зун гол урсаж буй тохиолдолд загаснууд урсгал дагаж явдаг. Харин өвлийн улиралд нэг газраа бөөгнөрч /ямкалдаг/ шавдаг. Тиймээс өвөл цооног гаргаж ямкалсан газрыг нь олдог. Түүнээсээ л кайф авдаг даа. Мөн мэдрэмж гэдэг зүйл их хэрэгтэй.
-Гол ер нь хэдэн сард сайн хөлддөг юм бэ?
-Арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл сайн хөлдсөн байдаг.
-Та ихэвчлэн ямар төрлийн загас барьдаг вэ.Мөн хамгийн томдоо ямар хэмжээтэй загас барьж байв?
-Хэдэн жилийн өмнө нэг удаа том загас барьж байсан. Одоо хүртэл бичлэг нь байдаг юм. Нэг метр 52 см урттай тул загас. Үүрийн голоос барьсан юм. Тэр үед нэг метр 25-52 см хүртэл 14 загас барьж байлаа. Гэхдээ бүх загасаа буцааж тавьж байсан. Манайд байдаг загаснуудаас хамгийн том нь хилэм, тул загас барьсан юм байна.
-Уурганы талаар ярихгүй юу. Загасчид өөрсдөдөө тохирсон уурга хийчихдэг гэсэн.Тэгэхээр дэлгүүрт худалддаг уурга тохиромжгүй байдаг уу?
-Өвлийн уурга богинохон байхдаа зүгээр.Манайхны нэг арга байдаг. Өөрсдөө хийх их дуртай. Хуванцраас илүүтэй модон уурга хэрэглэх дуртай, тэр нь ч удаан хэрэглэгддэг юм гэнэ лээ. Дэлгүүрийнх муу гэж хэлж болохгүй. Маш сайн чанарын уургатай газар цөөн бий.
-Манайд өвөл загасчилдаг хүн хэр олон байдаг вэ?
-Сүүлийн үед загасчин олон болсон. Ялангуяа байгууллага, найз нөхдийн хүрээг хамардаг болжээ. Олон байгаа нь сайн хэрэг хэдий ч тэр нь зөв загасчлал байгаасай гэж хүсч байна. Түүнээс биш барьсан болгоноо алаад байвал хэзээ мөдгүй загасгүй болчихож мэднэ.
-Өвөл загаснууд өгөөшинд амархан хууртана биз?
-Өвөл царцаа, голио байдаггүй. Тэгэхээр загаснууд өгөөш ормогц түүнийг идэхээр булаацалддаг. Нэг үгээр хэлбэл өлөн болчихдог.
-Загасны жим гэж юуг хэлдэг юм бэ?
-Мөрөө үлдээдэг загас байдаг. Тодруулбал, хилэм загас явсан газар бүртээ мөрөө үлдээдэг тал бий. Түүнийг загасны жим гээд байгаа юм. Мөн гүйдэг гүйдэл гэж байдаг. Хилэм, тул аль нь ч хамаагүй жимээ үлдээдэг.
-Та хэзээнээс загас барих хообийтой болов?
-Арван настайгаасаа хойш загас барьж байна. Бүр багаасаа эхэлж сонирхсон болохоор миний амьдрал загастай их холбоотой. Тиймдээ ч “Хообий” нэрийн загасны дэлгүүр нээсэн.
-Спорт загасчлалын талаар ярихгүй юу. Уншигчид тэр бүр энэ спортын талаар сайн мэдэхгүй шүү дээ?
-Нэгдүгээрт загас хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай. Тиймдээ ч спорт загасчлал гээд тусдаа нэг төрөл гараад ирчихсэн. Загас барих хообийтой хүмүүс загасны тухай бүх зүйлийг судалсан байдаг. Загасчид загас барьчихаад буцаагаад тавьчихдаг. Гаднын улс оронд энэ спорт маш сайн хөгжсөн. Гэтэл манайхан тор тавиад, хавар өгсөж байх үед нь сэрээ хэрэглэж байна. Үүнийг бүрэн таслан зогсоох хэрэгтэй. БОНХЯ-ныхан энэ талаар тайлбарлаж мэдээлэл их гаргадаг. Тэгэхээр тул загас заруулахгүй гэдэг шийдвэр гаргавал их сайн.
-Та загасны дэлгүүр нээсэн гэж байна. Танай дэлгүүрт загас барихад хэрэглэгдэх бүх хэрэгсэл бий юу?
-Завинаас бусад нь бий. Манай дэлгүүр нээгдээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Тийм ч олон хүн мэдэхгүй. Гэхдээ загасчлах спортод хообийтой хүмүүс манайхыг зорьж, хэрэгслээ захиалж авчруулдаг. Орон нутгаас гэвэл Баян-Өлгий, Увсынхан их захиалдаг. Сүүлийн үед манайхан загас их сонирхдог болсон байна лээ.
-Загасыг хообий болгож хөгжүүлснээр юунд ашигтай юм бэ?
-Мэдээж хамгийн эхэнд эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн үүнийг хөгжүүлснээр чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлж байгаа хэрэг. Загас барихад спортын бүх төрөл орсон байдаг. Тухайлбал хөдөлгөөнд тустай, эрүүл агаарт алхах мөн урсгал ус харах хүний эрүүл мэндэд маш сайн байдаг гээд эмч нар их хэлдэг шүү дээ.
-Таны хувьд загас барихын тулд хамгийн холдоо хаашаа явж байв?
-Загастай бүх газар очсон доо. Талдаа 1000 гаруй км явж хүртэл загасчилж байсан.
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин