&#34Ама Дабламын оргил уулчин бүрийн мөрөөдөл&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

&#34Ама Дабламын оргил уулчин бүрийн мөрөөдөл&#34

Спортын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” наадам 24-нд болно. Энэ жилийн шилдэгт олон хүн нэр дэвшсэний нэг нь уулын спортын тамирчин  Лувсандоржийн Баярсайхан. Тэрбээр нэг жил гаруйхны хугацаанд 4000 метрээс дээш өндөртэй уулын оргилд 11 удаа гарсны дотор дэлхийн дээвэр Эверест,  Альпийн нурууны ноён оргил Монблан, урьд өмнө нь монгол хүн гарч байгаагүй 6812 метрийн өндөртэй Ама Даблам, Маттерхорн, Имжа Цэ зэрэг уулчны тэсвэр хатуужлын жинхэнэ шалгуурыг давсан. Түүний авирсан өндөр оргилуудын дунд монгол хүн анх удаа мөрөө гаргасан уулс ч нэг биш байгаа. Чухам энэ амжилт нь Л.Баярсайхан докторыг Монголын уулын спортод хүндтэй гавьяа байгуулсан хэмээн үзэх үндэс болж, спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно”-д нэр дэвшүүлсэн хэрэг.  Түүнтэй гаргасан амжилтынх нь талаар, уулчин хүний жаргал зовлонгйин талаар ярилцлаа.

-Таныг эмэгтэйчүүдийн, тэр дундаа хавдрын чиглэлээр мэргэшсэн эмч гэдгийг тань мэднэ. Гэтэл спортын салбарын оны шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно” шагналд нэр дэвшсэнийг тань дуулаад жаахан гайхлаа.

-Яагаад гайхсан гэж. Би уулын спортын тамирчин хүн шүү дээ. Эмчийн ажлынхаа хажуугаар энэ спортоор сонирхож хичээллээд бага биш хугацаа өнгөрч байна. 2006 онд уулын явган аяллын клуб байгуулан уул хадаар тогтмол аялж, улам л өндөр ууланд гарах хүсэлдээ хөтлөгдөн явсаар нэг мэдэхнээ уулын спорт миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон юм. Энэ удаагийн “Бөртэ чоно”-д миний нэрийг Уулын спортын холбооноос дэвшүүлсэн. Жил дөрвөн сарын хугацаанд 4000 метрээс дээш өндөртэй уулсын оргилд 11 удаа гарсныг минь тамирчны хувьд амжилт гэж үзсэн юм.

-Хэр олон уулын оргилд гарсан гэсэн үг вэ?

-Миний авирсан уулнуудын  дөрөв нь тусгай багаж хэрэгсэлгүйгээр алхаж гардаг  уулууд. Нөгөө долоо нь харин жинхэнэ тамирчин хүний чадал чансаа, эр зориг, тэсвэр хатуужлыг шалгадаг уулс. Тухайлбал, дэлхийн дээвэр Эверест, Альпийн ноён оргил Монблан, урьд өмнө нь монгол хүн гарч байгаагүй 6812 метрийн өндөртэй Ама Даблам, Маттерхорн, Имжа Цэ зэрэг ууланд авирлаа. Нийтдээ энэ хугацаанд 63872 м өндөрт гарчээ. Миний хувьд дахин давтагдашгүй амжилт байх. Оргил болгон дээр Алтан соёмбот хөх далбаагаа мандуулж, уухайн дуугаа цуурайтуулснаа маш их хувь тавилан гэж бодож байгаа.

-Хамгийн өндөр нь Эверест үү?

-Дэлхийн дээвэр Эверестийн оргил 8848 метр  өндөрт шүү дээ. Тэсвэр хатуужлын уул гэдэг юм. Өнгөрсөн тавдугаар сарын 19-нд “Хөх тэнгэр-2012” нэртэй манай үндэсний баг анх удаа багаараа Эверестийн оргилд гарч чадсан.

-Баг гэхээр хэр олуулаа юм бэ?

-Манай баг таван хүнтэй байсан. Оргил дээрээ гурав нь  гарсан даа. Таваас гурав гэдэг бол багийн амжилт гэсэн үг шүү дээ. ОУХМ Цогзолмаа, багийн гишүүн Цэвээндаш бид гурав тус бүр хоёр цагийн зөрүүтэй оргил дээр гарсан. Мөн Төвдийн талаас авирсан манай Монголын уулчин залуу бас гарч нэг үгээр дэлхийн дээвэр Эверестийн оргил дээр дөрвөн монгол хүн нэг өдөр зогсч улсынхаа далбааг мандуулна гэдэг ховор тохиол. Тиймээс 2012 оныг Монголын уулын спортын түүхэнд онцгой үйл явдал тохиосон жил гэж үзэхээс аргагүй.

-8848 метрийн өндөрт гарахад хэр их хугацаа зарцуулав?

-Бид Эврестийн авиралтаа 45 хоног бэлтгэл хийж байж эхэлсэн. Нийт дөрвөн өдөр авирсан. Сүүлийн кемп буюу буудаллах газраас 7900 метрийн өндөрт байдаг юм. Тэндээс орой 21:00 цагт авиралтаа эхлээд  бүтэн 11 цаг яваад өглөө 08:18 цагт оргилд гарсан. 

-Уулчид Эверестэд гарсан гэхээр аль талаас нь авирсан бэ гэдгийг чухалчилж үзээд байдаг юм билээ. Та нар аль замыг нь сонгосон бэ?

-Бидний хувьд Балба талаас нь авирсан. Манай нөгөө залуу Төвдийн талаас гарч ирсэн. Гэхдээ Балба талаас авирах, Төвд талаас авирах хоёр ихээхэн ялгаатай учраас тэгж ялгаж ярьдаг юм. Тийм болохоор уулчид хоёр талаас нь авирч ур чадвараа үзүүлдэг.

-Аль нь хэцүү гэж?

-Балба талын 5364 метр өндөрт орших бааз руу 7-8 хоног алхаж очдог. Тэндээсээ кемпүүд хүрэх замд Кумбу гэдэг агуу том мөсөн голтой, ёроолгүй олон ангал хавцлуудаар гардаг юм. Долоо хоног болгон нэг метрийн зайтай ан цав үүсч, нурж байдаг бөгөөд хүн унаж осолдох нь их гэсэн. Бас кемп 3 нь Лхотце уулын налуу мөсөн хана дээр байрлаж байсан нь майхнаасаа гараад л эвгүй гишгэвэл доош нисч мэдэхээр эвгүй. Нэг биш уулчин энд эрсэдсэн гэдэг. Харин Төвдийн талаас авирахад харьцангуй хөнгөн юм билээ. Үндсэн бааз руугаа машинаар хүргүүлчихнэ. Аюултай мөсөн ангал гэхээр юм байхгүй. Тэгээд ч сүүлийн кемпээс оргил хүртэлх өндөр гэхэд даруй 300 метрийн зөрүүтэй.

-Та нарыг авирч байхад өөр газрын уулчид таарсан уу?

-Манай багтай Солонгосын уулчид явсан. Тэдний баг манайхаас олуулаа ч дөрөв нь л оргилд гарч чадсан. Нэг нь орой дээр гарсан хойноо нас барж харам­салтай явдал болсон. Бид­нийг очиход бас нэгийнх нь хүчилтөрөгч дуусаад аюул болохын даваан дээр байж билээ. Манайхан хүчилтөрөгчийн нөөцөөсөө өгч амийг нь аварсан.

-Тийм эрсдэлтэй, амиа ч алдаж болох спортод дурлахын учир юунд байдгийг ойлгохгүй юм?

-Надаас олон хүн ингэж асуудаг. Яг үнэндээ яах гэж ууланд авираад байгаагаа шууд хариулахад хэцүү байдаг ч нэг өндөр уулнаас нөгөө өндөр ууланд тэмүүлж явах сайхан санагддаг юм. Ер нь бол өөрөө өөрийгөө ялан дийлэхийн тулд авирдаг байх. Үнэхээр өөрийгөө ялан дийлэхээс илүү ялалт хаана байх билээ.

-Хамгийн анх ямар ууланд авирч байв?

-Анх уулын спортын ОУХМ Байгал­мааг дагалдан Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Алтай таван Богдын Хүйтний  оргилд гарсан. 4374 метрийн өндөрт. Зургадугаар сарын 22-нд Хүйтний оргилд гарахын өмнөх шөнө тэнгэр газар нийлэх мэт цахилгаан цахиж цасаар шуурч байсан нь санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш Гималайн нурууны өндөр өндөр уулс руу авирах, оргил дээр нь гарах том зорилго өөртөө тавьж түүнийхээ төлөө уйгагүй зүтгэсэн. Анх удаа өндөр уулын оргилд гараад байж байтал араас олон уулчин ирсэн. “Учрал болгон учиртай, энэ эх орны хамгийн өндөр цэгт таарсан хүмүүс байна нэр усаа мэдэлцье” гээд гар барихад нэг нь Өсөхбаяр гавьяат байлаа. Тэр үед залуу гавьяатаасаа ууланд авирах эрч хүчийг авсан даа.

-Та Ама Даблам зэрэг Гималайн гурван ч оргилд олон улсын багийг ахалж гарсан гэсэн?

-Манай багт долоон тивийн долоон өндөр оргилд авирсан Канад, Голландын хоёр уулчин, 8000-аас өндөр хоёр оргилд гарсан Норвегийн нэг тамирчин байсан. Надтай нийлээд дөрвүүлээ. Бид аравдугаар сарын 31-ний өглөө 8:00 цагт Гималайн нурууны хамгийн үзэсгэлэнт оргил 6856 м өндөр Ама Дабламын оргилд гарсан. Энэ бол Гималайд авирсан уулчин болгоны мөрөөдөл байдаг юм.

-Яагаад таныг багийн ахлагчаар сонгосон хэрэг вэ?

-Норвег уулчин маань Эверестийн авиралтаас хойш ууланд авираагүй. Харин нөгөө хоёр маань бэлтгэл болгож Альпийн нурууны Маттерхорн оргилд явсан боловч 4158 м өндөр Жунгфрауд л гараад ирсэн. Би Маттерхорнд гараад удаагүй мөн Монбланд гарчихаад ирсэн байсан учраас энэ авиралтын ахлагчаар сонгосон байх.  Миний хувьд нэр төрийн хэрэг байснаас гадна багийн гишүүддээ санаа тавих, болзошгүй эрсдэлээс хамгаалах, гол нь багаа амжилтанд хүргэх том үүрэг, хариуцлага хүлээж байлаа. Бас энэ оргилд анх удаа гарсан монгол хүн болсондоо баяртай байгаа.

-Дандаа туршлагатай уулчид учраас бэрхшээл бага байсан уу?

-Багийн гишүүд өмнө нь дэлхийн олон оргилд авирч байсан боловч ийм хэцүү, ур чадвар шаардсан авиралтыг анх удаа хийсэн гэсэн. Авиралтын шөнө их  хүйтэн байв. Үндсэн авиралтаа 4700 м-ээс эхлээд эхний кемпээ 5800 м дээр байгуулж, маргааш нь хоёр дахь буудлаа 6100 м дээр байгуулсан. Харин кемп-3-аа байгуулах гэтэл майхан босгох боломжгүй учраас кемп-2-оосоо оргил өөд 6856 м хүртэл авирч гараад эргээд кемп-1 рүүгээ бууж хоносон. Кемп-1-ээс эхлээд авиралт цэвэр хад, цас мөсөн хананы техникийн ур чадвар шаардсан авиралт байсан даа.

Бааз дээрээ бууж ирэнгүүт бидний авиралтыг зохион байгуулсан, зөвхөн Эверестийн оргилд гэхэд 17 удаа гарсан алдарт хөтөч Нямаа Гомбо “Та нарт Гималайн хамгийн хэцүү ууланд амжилттай авирсанд баяр хүргэе” гэсэн. Тэгэхэд Норвегийн уулчин “Аннапурна, К2 илүү хэцүү биш юм уу” гэхэд Нямаа Гомбо “Тэр бол 8000 метрээс өндөр, хүчилтөрөгч хэрэглэдэг, аюултай уулс, гэхдээ техникийн хувьд яг ийм хэцүү авиралт тэнд байхгүй” гэв. Хэрвээ авирахаас өмнө тэр энэ тухай хэлсэн бол хэцүү байсан. Хүний сэтгэлзүй их сонин шүү дээ.

-Ууланд авирах үед хоол хүнсний асуудлаа яаж зохицуулдаг юм бэ?

-Үндсэн авиралтын үед Монголоос авч явсан үхрийн жигнэсэн мах, хатаасан адууны мах, зөгийн бал, нэрсний шүүсээ идэж ууж эрчим хүчээ сэргээж явсан даа.

-Таны хийсэн 11 авиралтаас хамгийн хэцүү нь аль нь байсан бэ?

-Альпийн нурууны 4478 метр өндөр Маттерхорныг л хэлнэ дээ. Энэ уул эрсдэлийн хэмжээгээрээ зургаад бичигддэг юм. 1865 онд хамгийн анхны хүн оргилд нь гарснаас хойш 500 гаруй уулчин амь насаа алдсан гэдэг. Гайхамшигтай үзэсгэлэнтэй, бас их эрсдэлтэй энэ ууланд Монгол Улсаа төлөөлөн анх удаа авирах завшаан тохиосонд би баяртай байгаа.

-Өмнө нь гарч үзээгүй ууланд авирахад зүг чигээ яаж барим­жаалж, оргил нь энд байна гэдгийг тогтооход юу тус болдог юм бол?

-Миний хөтөч Маттерхорны оргил дээр надаас өмнө 183 удаа гарчихсан, Швейцарийн туршлагатай уулчин байсан. Тэр надад үнэхээр хүн аалз мэт санагдаж байлаа. Өндөр техниктэй их хурдан авирдаг уулчин байсан. Шөнө авиралт эхэлдэг. Намайг урьд нь Эверестэд гарсныг тэр мэдэж байсан, тэгээд монгол гэхээр бүр ёстой үзүүлээд өгнө өө чамд гэж дотроо бодсон юм билээ. Дээш авирах үед хоёр минутын хугацаатай гурван удаа л амьсгаа дарах боломж олгосон. Би ч араас нь мөчөөгөө өгөөгүй. Уг нь бол таньж мэдэхгүй хадан уулын хаагуур нь яаж авирч байгааг сайн харах ёстой. Тэгтэл би түүнийг хаана гишгэж, юунаас бариад байгааг мэдэхгүй, ёстой зөнгөөрөө мацсаар орой дээр нь ердөө гурван цаг 50 минутын дараа зогсч байлаа. Уг нь анх удаа авирч байгаа хүн  5-6 цаг зарцуулдаг гэсэн. Тэр хэцүү авиралт байсан. Хөтөч маань ч гайхаж байсан. Тэр яг ийм маягаараа Гималайд авирах юм бол лав л амьд бууж ирэхгүй. Альпийн авиралтын стиль, Гималайнхтай харьцуулшгүй гэсэн. Уул болгон өөр өөр техник, тактик шаарддаг.  Миний хийсэн 11 авиралтын долоо нь өндрийн тоноглолтой техникийн авиралттай, дөрөвт нь уулын таягнаас өөр багажгүй гарсан. Альпийн хамгийн өндөр оргил 4812 м Монбланаас шүхрээр уухайлаад бууж байхад сэтгэлд нэг л сайхан байсан шүү.

-Нэг жил дөрвөн сарын хуга­цаанд өндөр ууланд 11 удаа авир­сан гэхээр бие болоод сэтгэл зүйн бэлтгэл нэлээд их шаардсан байх даа?

-Миний хийсэн 11 авиралт бүгд 4000 метрээс дээш өндөртэй уул. Эдний гурав нь 5000 метрээс өндөр ч алхалтын уул юм. Өндрийн өвчингүй,  бэлтгэл сайн бол гарахад боломжийн, гэхдээ цас шуургатайд хэцүү. Мөнгөтэй бол болдог мэт зарим нь боддог. Гэхдээ мөнгө бэлтгэлийн 10 хувь л болно. Үлдсэн 90 хувь нь бие, сэтгэлийн бэлтгэл гэж үзвэл түүний 10 хувь нь бие бялдрын бэлтгэл, харин үлдсэн нь  сэтгэл зүйн бэлтгэл байдаг. Сэтгэл зүйн бэлтгэл дутуу бол оргилын бараа харахгүй, эсвэл хөл гараа хөлдөөнө. Зарим хүн өндөр ууланд авирахад 1-2 жил бэлтгэдэг байхад жил гаруйхны хугацаанд 11 удаа яаж авирсан байх вэ гэнэ. Гэхдээ болдог гэдгийг би баталлаа. Нарийн тооцоо, судалгаа, цогц бэлтгэл, тус бүр тактик боловсруулалт, тэгээд хамгийн гол нь юунд ч шантаршгүй хүсэл зориг, тэмүүлэл дүүрэн байж гэмээнэ ямар ч уулын оргил өөд хэдэн ч удаа авирах сэтгэлийн хаттай болдог.

-Уулын спортод ингэтэл дур­ласныг тань ойлгохгүй юм. Тэр өндрөөс хэдийд ч унаж мэднэ, наад зах нь хөл гараа хөлдөөхөөс эхлээд эрсдэл ихтэй. Яг ууланд авирч байхад эрсдлийн талаар бодогддог уу?

-Яг авирч явахад мөн ч олон юм бодогдоно шүү дээ. Олон зүйлийг уучилна, ойлгоно. Заримдаа энэ мөсөн ууланд яах гэж үхэхээ мэдэхгүй дүүжлэгдэж яваа билээ, буцаж буугаад гэртээ харьчихъя гэж бодох үе ч байна. Гэхдээ анхаарал алдвал үхэх эрсдэл үргэлж дагана. Тиймээс авиралтын үед гол нь илүү хөдөлгөөн хийж хүч чадлаа алдахгүй байх л чухал. Их ядарвал эсэн мэнд эргэж буухгүй. Эргэж буухгүй бол үзэгчгүй тул таныг оргилд гарсныг хэн ч батлахгүй. Ямар ч үзэгчгүй, хөгжөөн дэмжигчгүй, хэзээ дуусах нь үл мэдэгдэх урт замаар тэнгэр өөд авирч байхад нэг талаас хүйтэн мөсөн хана, хүйтэн багаж хэрэгсэл, хангалттай хүчилтөрөгчгүй хүйтэн орчин нөгөө талаас тамирчин хүний халуун сэтгэл, амжилтад хүрэх чин зориг, тэмүүлэл хоёрын жинхэнэ утгаар завсарлагагүй олон цагаар үргэлжлэх том тулаан болдог.

-Эмчийн ажлаа орхиогүй биз дээ?

-Юу гэж орхих вэ. Миний унаган мэргэжил шүү дээ. Би эмэгтэйчүүдийг хавдраас сэргийлэх чиглэлээр ажил­ладаг. ХСҮТ-д ажиллаж байгаад “Даффодил” эмнэлгээ нээсэн. Анг­лид умайн хүзүүний эмгэгийн дуран оношлогоо эмчилгээгээр сурч мэргэ­жил дээшлүүлсэн. Урьд нь хожуу илэрсэн учраас эмчилгээ үр дүн муутай байх, том хагалгаа хийсэн ч 1-2 жилээс хэтрэхгүй өвчтөн амь насаа алдах явдал байсан. Одоо бол өөр. Эрт үед нь илрүүлээд л эмчлээд байхад өвчтөн үйлчлүүлэгчээ хавдраас болж алдахгүй, эрүүл саруул, элэг бүтэн амьдрах боломжтой болсон. Тиймээс ийм сайхан буянтай ажлаа хэзээ ч орхихгүй. Бас тамирчны хувьд спортоо ч орхихгүй.

Н.САРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж