Худалдан авагч нь болох Атланта хотын үсрэнгүй хурдтай өсөн томорч буй Интерконтинентал Эксченж Инк ИКЭ (Intercontinental Exchange Inc ICE) хэрэв санхүүгийн зохицуулагчид энэхүү хэлцлийг зөвшөөрвөл Манхаттаны санхүүгийн дүүргийн нүүр царай болсон арилжааны алдарт танхимд ямар нэг томоохон өөрчлөлт хийхгүй гэж Пүрэв гаригт мэдэгдэв.
Нью Йорк, Атланта хотуудад хоёр төв байрлах бөгөөд Манхаттанд контороо нээх аж. НЙХБ-ын гүйцэтгэх захирал Данкэн Нийдерер нийлүүлсэн компаний ерөнхийлөгч, НЙХБ группын гүйцэтгэх захирлаар ажиллах юм байна. ИКЭ энэхүү холбоо нь зах зээлийн төрөл бүрийн бүрэлдэхүүнийг багтаасан, үр ашгийг өсгөсөн биржийн шилдэг операторыг бий болгоно гэж мэдэгдлээ.
Бид дэлхийн нийтэд олсон нэр хүнд, туршлага, дэд бүтцээ нэгтгэн хөрөнгийн төрөл бүрийн зэрэглэлээр харилцагчиддаа үйлчлэн, өрсөлдөөнд илүү байр суурьтай байна гэдэгт итгэж байна гэж ИКЭ компаний ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал Жеффри Спрекер хэлжээ. Спрекер албан тушаалдаа хэвээр үлдэнэ. НЙХБ-ын ТУЗ-ын 4-н гишүүн ИКЭ-ийн ТУЗ-д орсноор нийт гишүүдийн тоо 15 болно. НЙХБ-ын хувьцаа эзэмшигчид нэг хувьцаанд $33.12-ийг бэлнээр, дээр нь ИКЭ-ийн .2581 хувьцааг эсвэл $11.27-ийг бэлнээр, ИКЭ-ийн .1703 хувьцааг авах хоёр нөхлийн нэгийг сонгох юм. Хоёр компаний ТУЗ энэхүү хэлцлийг зөвшөөрөөд байгаа бөгөөд одоо санхүүгийн зохицуулагчдын зөвшөөрлийг хүлээж байна. Ойролцоогоор дараа жилийн 2-р хагаст дуусгах болов уу гэсэн хүлээлттэй байна. Өрсөлдөөн ширүүсч, шимтгэл багассан учраас биржүүд нэгдэхээр сүүлийн үед удаа дараа оролджээ. Өнгөрсөн жил ИКЭ Насдактай хамтран НЙХБ-ийг 11 тэрбум доллараар худалдан авах гээд чадаагүй юм. Энэ жилийн эхээр Дойче бирж НЙХБ-ийг худалдан авахыг оролдсон ч Европын санхүүгийн зохицуулагчид зөвшөөрөөгүй билээ. НЙХБ-ын хувьцаа 40 хувиар огцом өсөж 33.75 долларт хүрэн, ИКЭ-ийн хувьцаа 5 хувиар өсөн 134.98 доллараар арилжаалагдлаа.
Эх сурвалж: www.new.mn