Хэнэггүй зан гаргасныхаа төлөө бүлэггүй хоцорсон МАН-ынхан Ардчилсан намын нөхөд болон “ангийн даргадаа” гомдоллож, өнгөрсөн дөрвөн сарыг үдлээ. Энэ хугацаанд парламентийн үйл ажиллагааг гацааж, буйдантай суулт хийсэн нь ч бий. Ямартай ч Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэж, ийнхүү өнөөдөр баталсан юм. Ингээд МАН албан ёсны бүлэгтэй болох боломжтой боллоо. Нэгэнт хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон тул МАН-ынхан ч үдээс хойшдоо бүлгээ байгуулахаар шуурхайлж эхэлсэн сурагтай.
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр ирц сайтай байсан бөгөөд МАН-ыг бүлэгтэй болгох хуулийн төслийг олноороо дэмжин баталсан байна. Хэдийгээр өнөөдөр “дэлхий сөнөнө” гэдэг супер тодотголтой, сенсаац цуурхалтай өдөр хэдий ч МАН-ын хувьд “баярын өдөр” боллоо.