Алдарт дуучин Мадонна уржигдар Чилийн нийслэл Сантъяго хотод “MDNA” аялан тоглолтоо тавьжээ. Сантъяго хотын задгай театрт супер тоглолтоо тавихаар бэлтгэлээ хангаж дуусаад байх үеэр тэнд байсан хэсэг хүмүүс тамхи татсан нь түүний дургүйцлийг төрүүлсэн гэнэ. Мадонна тамхи татаж байгаа хүмүүсийг эсэргүүцэн “Энд зарим хүмүүс тамхи татаж байна. Тэдгээр хүмүүс тамхи татахаа болихгүй бол би тоглолт хийхгүй” гэж мэдэгджээ. Мөн тэрээр тамхичдад хандан “Та нар намайг үл тоож болох ч өөрсдийгөө хүндлэхийг гуйя. Би тоглоом, шоглоом хийгээгүй байна. Хэрвээ та нар тамхи татсаар байх юм бол би дуулж чадахгүй” хэмээсэн гэнэ. Харин Мадоннаг ийн мэдэгдсний дараа тамхи татаж байсан хүмүүс тамхиа унтрааснаар тэрээр супер тоглолтоо эхлүүлсэн аж.
Дуучин Мадонна “MDNA” аялан тоглолтоо өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Израиль улсаас эхлүүлжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд “MDNA” аялан тоглолтын тасалбараас 228 сая ам.долларын ашиг орлого цуглуулаад байгаа аж. Түүний дараагийн зогсоол Аргентин байх юм байна.
Б.АНХТУЯА