Энэ жил улсын хэмжээнд 4034 аюулт үзэгдэл болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Энэ жил улсын хэмжээнд 4034 аюулт үзэгдэл болжээ

Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд сар гаруйн өмнөөс олон нийтийг цочролд оруулаад буй арванхоёрдугаар сарын 21-ний талаар болон цаг агаарын урьдчилсан мэдээлэл хийсэн юм. Мөн шинэ жилийн баяр болох гэж байгаатай  холбогдуулан тэсэрч, дэлбэрэх бодис буюу  салютыг хэрэглэх, зарах зэрэг зөвлөмжүүдийн талаар мэдээллээ.

АРВАН АЙМГИЙН 32 СУМАНД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧЭЭ

Энэ жил улсын хэмжээнд 4034 удаагийн аюулт үзэгдэл тохиолджээ. Үүний улмаас 234 хүн амь насаа алдаж, 98 хүн хүнд, хөнгөн бэртэж нийтдээ 93.9 тэрбум төгрөгийн  хохирол учирсан байна. Энэхүү тоог өнгөрсөн оныхтой харьцуулбал аюулт үзэгдэл ослын тоо 13.7 хувь, учирсан хохирол 9.7 дахин нэмэгдсэн байна. Дээрх аюулт үзэгдэл ослын хор уршгийг арилгахад 33 мянга 100 хүн, зургаан мянга гаруй машин механизм ажиллаж 663 хүний амь насыг аварсан байгаа юм. Мөн аж ахуйн нэгж байгууллагын 25.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Аюулт үзэгдлийг төрлөөр нь авч үзвэл, гол мөрний усанд унаж золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол их байгаа аж. Тухайлбал өнгөрсөн онд гэхэд 105 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Дээрээс нь мал амьтны халдварт өвчний 34 удаагийн тохиолдол илэрснийг газар дээр арга хэмжээ авсан байгаа юм. Мөн уул уурхайн салбар хөгжиж байгаагийн хэрээр бичил уурхайн осол нэмэгдсэн байна.

Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс ирүүлсэн энэ сарын эхний 10  хоногийн цаг агаарын тойм мэдээгээр манай орны нийт нутгийн 70 орчим хувь нь цастай байгаа гэнэ. Үүнээс Архангай аймгийн хоёр сум, Баянхонгорын нэг, Булганы хоёр, Дундговь, Өвөрхангайн 11 сум, Завханы таван сум, Сэлэнгэ хоёр сум, Увсын зургаа, Хөвсгөл аймгийн хоёр сум, Хэнтий аймгийн нэг сумын нутгаар цасны зузаан 20-60 см хунгарласан бол шуурсан газартаа 60-130 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос арван аймгийн 32 суманд өвөлжилт хүндэрсэн байна. Цаашид цас орж хүйтэрвэл Хөвсгөл аймгийн долоон сум, Завханы 12, Баян-Өлгийн нэг, Ховдын нэг, Архангайн дөрөв, Төв аймгийн 11, Булганы тав, Сэлэнгийн тав, Дархан-Уулын хоёр, Хэнтийн зургаа, Дорнодын гурав, Сүхбаатарын дөрөв, Дундговь аймгийн нэг сумын нутгаар цасны зузаан 10-19 см байгаа учир 15 аймгийн 70 суманд өвөлжилт хүндрэх магадлал өндөр байгаа аж. Өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комисс, Засгийн газар холбогдох арга хэмжээг авчээ. Хамгийн сүүлд хөдөө, орон нутгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна. Үүний дагуу хөдөө, орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээ авч байгаа юм байна. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өвөлжилт хүндэрсэн дээрх аймгуудаас Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад улсын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг худалдан борлуулах шийдвэр гарчээ.

Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байгаагаар энэ сарын 21-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байгаа юм.

ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС НИЙСЛЭЛД 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 3501 удаагийн гал түймэр гарч, арван тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гал түймэрт 75 хүний амь насаа алдаж, 40 хүн түлэгдэж эндсэн байна. Дээрх 3501 гал түймрийн аюулаас 303 хүний амь насыг гал түймрийн голомтоос Онцгой байдлын алба хаагчид авран хамгаалсан. Ерөнхийдөө улсын хэмжээнд гарсан гал түймрийн аюулыг нийслэл болон хөдөө, орон нутаг гэж хоёр хуваан судалгаа хийхэд нийт гал түймрийн 69.2 хувь буюу 2423 гал түймэр нийслэлд гарсан бөгөөд 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Харин үлдсэн гал түймрийн 30.8 хувь буюу 1078 гал түймэр нь хөдөө орон нутагт гарсан байна. Энэ жилийн хувьд ой хээрийн түймэр нэлээд талбайг хамарчээ. Ялангуяа гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл улсын хэмжээнд маш их хуурайшилттай байсан. Мөн өнгөрсөн өвөл цас бага орж, эрт хайлсан учраас гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл ой хээрийн түймэр нэлээд газар авсан аж. Энэ оны хувьд 19 аймаг, нийслэлийн 103 сум, дүүрэгт   ой хээрийн түймэр гарсан байна. Тухайн үед ч дээрх түймрийг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын дөрвөн алба хаагч “алтан” амиа алдсан. Мөн нэг алба хаагч онцгой байдлын үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байна. Энэ жил улсын хэмжээнд 229 удаагийн ойр хээрийн түймэр гарсан байна. Эдгээрээс сар гаруй хугацаанд үргэлжлэн их хэмжээний талбай хамарсан түймрүүд байсан аж. Хамгийн их хохирол учруулсан хээрийн түймэр Дорнод аймагт гарчээ. Мөн их хэмжээний хохирол учруулсан ойн түймэр Хөвсгөл аймгийн Цагаан уул сум, Сэлэнгэ, Булган аймгуудад гарсан байна.

Өнгөрөх гэж буй 2012 онд Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс 1685 аж ахуйн нэгж, 447 мянга 713 айл өрхөд үзлэг шалгалт хийсэн байгаа юм. Тус шалгалтад 314 мянга 334 нь гал гарч болзошгүйг тогтоож, шалгалтын явцад илэрсэн 86 мянга гаруй зөрчлийг тэр дор нь арилгуулжээ. Мөн шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан томоохон танхимтай зоогийн газруудад галын аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн аж. Түүнчлэн Гал түймэртэй тэмцэх газраас хөдөө орон нутаг, сум дүүргүүдэд албан тоот хүргүүлсэн байна. Үүнээс гадна салют бенгалын галыг ашиглахдаа чанарын шаардлага хангаагүй, үйлдвэрийн бус хэрэгслийг ашигласнаас өөрсдийн амь нас, эрүүл мэндээ хохироох тохиолдол нэлээд гарч байсан учир үүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргүүлжээ. Улсын хэмжээнд гарсан гал түймрийн шалтгаан нь ил задгай асгасан үнс нурам, пийшин зуухны соролтоос, цахилгаан эрчим хүчний ашиглалт угсралтаас болж гал түймрийн 60 гаруй хувь нь гардаг байна.

ӨНӨӨДӨР ЯМАР Ч АЮУЛТ ҮЗЭГДЭЛ БОЛОХГҮЙ

Өнөөдөр ямар нэгэн байгалийн үзэгдэл болно гэх мэдээлэл хүмүүсийн дунд нэлээд байгаа. Энэ асуудал дээр Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн хэлэхдээ “Энэ асуудал дээр ямар нэгэн хариулт хэлэх боломжгүй. 21-нд ямар нэгэн зүйл болохгүй гэдгийг Шинжлэх ухааны академийн  харьяа байгууллагууд, Одон орон судлал гэх мэт байгууллагууд тодорхой хариу өгсөн. Мөн зөвхөн манай улс гэлтгүй олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэй хариултууд өгсөн учраас бид нэмэлт тайлбар хийх боломжгүй” гэсэн юм.

Ж.БАТТУУЛ
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж