Эх нялхсын эрүүл мэндийн төвийн баруун хойно “МТ” ШТС-ын зүүн хойно байрлах дээрх зурган дээр байгаа нэр хаяггүй хүнсний дэлгүүрийн эздэд цагийн хуваарь огт үйлчлэхгүй. Үдшийн бүрийгээс эхлээд үүр цайтал жижигхэн давчуу цонхоор архи худалдаалдаг аж. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол энэхүү дэлгүүрийн эзэн нь мэргэжлийн хяналтын байцаагч гэх. Бүх зүйлийг өөрийн дур зоргоороо ажиллуулж байгаа нь энэ. Энгийн нэгэн цагдаа орж ирээд хориг тавьж чаддаггүй гэж байгаа. “Даргаа дуудаад ир. Чамтай харьцахгүй” гэдэг аж. Тус дэлгүүрт архи худалдаалах хориотой цаг огтхон ч үйлчлилдэггүй. Тус хэсгийг хариуцсан цагдаагийн байгууллага нь хүртэл энэхүү дэлгүүрийг хяналтаас алдсан гэж хэлж болно. Шөнийн 00.00 цагаас хойш тус дэлгүүрийн ойр орчмоор такси болон архи уух хүсэлдээ хөтлөгдсөн хөгшин залуу гэхгүй бүгд эргэлдэнэ. Тэдэнд Монгол Улсын хууль үйлчлэхээ больсон бололтой.
Бөхийн өргөөний наана байдаг “Julia” гэх зочид буудал, караоке, паб, хүнсний дэлгүүр гэх нэр хаягтай үйлчилгээний төв нь шөнийн цагаар хууль бусаар архи худалдаалдгийг залуус гэлтгүй архи уух хүсэлдээ хөтлөгдсөн хүн болгон мэднэ. Тус үйлчилгээний төвийн үүднээс нь эхлээд бүхий л хонгилуудад камер байрлуулсан бөгөөд хяналтаар орж ирэх цагдаа болон ямар нэгэн хяналт шалгалтыг амархан аргалж чаддаг гэдэг. Үүдний хэсэгт нэг хамгаалагч зогсож, орсон хүмүүсийг “Манайх ажлахгүй байгаа. Хаасан байна” гэх бөгөөд “Дэлгүүр ороод архи авах гэсэн юм” гэхээр үүдээ нээн Хурдал гэх нь тэр. Цагдаа болон ямар нэгэн хяналт шалгалт ирэхэд хамгаалагч нь гарч байдлыг танилцуулаад дотор байгаа худалдан авагч нарыг гаргахгүйгээр цагдаа явсны дараа гаргах жишээтэй. Тус үйлчилгээний газрын паб нь мөн адил ямар ч цагийн хязгааргүй, хэнээс ч үл хамааралгүй ажиллана. Согтуу хөлчүү залуусаар дүүрэн, утаа униарт автсан бүгчим өрөөнд давчуухан ширээ сандал тавьсан байх юм билээ. Оройн цагаар “Julia” төвийг зорих залуус нийслэлд мундахгүй. Учир нь хэд л бол хэд хүртэл ажилладаг аж.
Архичдыг өөгшүүлж буй газрууд нь хууль бусаар архи худалдаалдаг зөвшөөрөлгүй дэлгүүрүүд билээ. Мэргэжлийн байгууллагаас хяналт, хийдэг ч Хяналтын хараанаас мултарсан хэтэрхий их эрх мэдэлтэй дэлгүүрүүдийн нэг бол “Өрнүүн” мини маркет юм. Уг дэлгүүрийг андахгүй хүн гэж нийслэлд нэгээхэн ч үгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Бүр цаашлаад шөнийн шоучдын найдвартай дэлгүүр ч гэж нэрлэж болох аж. “Өрнүүн” гэх дэлгүүрийг удаа дараа хяналт шалгалтын байгууллага битүүмжилж хаадаг боловч ямар нэгэн аргаар үйл ажиллагаагаа сэргээдэг гэнэ. Үүгээр ч зогсохгүй архи зарах зөвшөөрлийг нь цуцалж байсан удаатай. Гэвч одоо болтол үйл ажиллагаа нь явж л байна. Шөнийн дэлгүүрүүд дундаас найдвартай дэлгүүр нь “Өрнүүн” учраас архи хайгаад мухардсан хүмүүс уг дэлгүүрийн үүдийг нүддэг аж. Хамгийн гол нь тус дэлгүүрийн архины үнэ маш өндөр юм байна. Ойролцоогоор 15 мянган төгрөгийн үнэтэй архи шөнийн цагаар тус дэлгүүрт 25000-30000 төгрөгөөр зардаг. “Ямар үнэтэй юм бэ” гэх үйлчлүүлэгчдэд “Авбал авахгүй, бол боль” гэх хариултыг хэнэг ч үгүй өгч байх нь тэр шүү. Архинаас бусад бараа бүтээгдэхүүний үнийг амандаа орсноороо хэлж худаалдаг аж. Тус дэлгүүрийн өнгө үзэмж гэж авах юм байхгүй. Нурах дөхсөн хуучин барилгын дор үйл ажиллагаа явуулдаг.
Та бидний сайн мэддэг хүнсний дөрөвдүгээр дэлгүүр 24 цагийн худалдаа хийдэг. Ингэхдээ хөшигний араас хүн бүрт архи нь хүн бүр мэддэг. Архи худалдан авсан мөнгөө гараараа солилцож бусад наймааг дэлгүүрийн лангуун дээр бичүүлж зардаг. Үүгээр ч үл тогтоно. Гадна нь ирсэн худалдан авагч нарт “Хүлээж бай ямар машинтай явж байна. Дугаараа хэлчих. Юу авах вэ” гэж хэлээд 10-20 минутын дараа хүссэн зүйлийг нь торонд хийсэн гарч ирнэ. Дээрх дэлгүүрүүдээс үл хамааран гудамжинд архи зардаг залуус их болсон гэх мэдээлэл сүүлийн үед их гарч байна. Хаа сайгүй л архины наймаа цэцэглэн хөгжиж байна. Энэ нь монголчууд архийг хэрхэн хэрэглээнийхээ гол зүйл болгосныг харуулсаар байна.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин