Дарангуйлагч бүрт өөрийн “ард түмэн” байдаг. Энэ бол дарангуйлагчийн хамгийн гол зэвсэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам цөөн тооны “үнэнч ард түмэн”-тэй болдог. Ийм дарангуйлагч Монголын олимпийн хөдөлгөөнд бий болсоор удаж, улмаар хязгааргүй хугацаагаар сонгогдохоор болоод байна. Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд байгууллага Олон улсын олимпийн хорооноос “дэлхий дахинд сайн засаглал, ардчиллын үндсэн зарчим болох албан тушаалтны сонгогдох хугацааг хязгээрлаж өгөхийг маш олон үндэсний олимпийн хороод дүрмэндээ оруулан мөрдөж буйг тэмдэглэж байна” гэсэн зөвлөмжийг ч тоосонгүй. Дарангуйлагч бол энэ зэргийн юмыг тоохгүй. Түүний шунал хязгааргүй билээ. Дөрвөн жил тутам өөрийгөө сонгодог жүжгээ энэ удаа ч “амжилттай” найрууллаа. Үр дүн нэгэнт тодорхой жүжиг дуусангуут нэг нэгэндээ баяр хүргэн үнсэж үлгэж буй нь эмгэнэлтэй. Монголын олимпийн чуулган гэсэн сүртэй нэртэй боловч анхан шатанд хурлаа хийж төлөөлөгчөө сонгосон холбоо хуруу дарам цөөн, аймаг дүүргээс бол зүгээр л өөрийнх нь дуудаж ирүүлсэн амьгүй албатууд цугладгаараа цуглав. Нэгэнт суурь нь ийм хойно шударга өрсөлдөөний тухай дурсах ч хэрэггүй. Харин ийм тодорхой нөхцөлд дарангуйлагчийн эсрэг зориг гарган, үнэн сэтгэлээсээ өрсөлдсөн Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан нарт талархахаас аргагүй.
Нэр дэвшигч Д.Дорлигжавыг нэрээ таттал нь шахах болохоороо нэг их дүрмээ баримталдаг хүмүүс, харин дарангуйлагчид ашигтай бол ямар ч дүрэм журам хэрэггүй. Арга ядахдаа Д.Дорлигжав “Та нар чинь дүрэм яриад байсан, суурин дээрээ долоо, найм хувирдаг улс шив дээ” гэж хэлэхэв. Сталин, Ленин, Мао, Гитлерийн хурал дээр хэрэглэж амжилт олж байсан аргууд. Харин эдгээр аргыг Д.Загдсүрэн гуай гарамгай эзэмшснээр нь ДАРАНГУЙЛАГЧ гэхээс өөр арга алга. Түүнд дарангуйлагчид байдаг бүхий л шинж бүрдсэн нь сонин. Дээд сургуульд тэнцээгүй, малын бага эмч мэргэжилтэй түүнийг Баянхошуунаас нутгийн ах тухайн үеийн Олимпийн хорооны ерөнхийлөгч Ш.Отгонбилэг олж ирсэн гэж ярьдаг. Ш.Отгонбилэг гуайг зуурдаар таалал төгссөнөөс хойш манай өнөөгийн дарангуйлагчийн зам нээгдэж, өдгөө Эрүүлийг хамгаалахын гавьяат, шинжлэх ухааны доктор, агуу менежер гээд аваагүй цол үгүй. Эгээ л дарангуйлагчдын адил.
Түүнийг тэнгэрт тултал нь магтаж, өвдөхөд нь “уйлж унждаг” үнэнч албат нар бий. Айгаад ярьдаггүй, мөн өчүүхэн жижиг хувийн эрх ашгийн төлөө саналаа худалдагсад ч бүрдсэн. Тэднийгээ гарын бэлэг, одон медаль, ойр зуур гадаадад авч яван хэн хэндээ ашигтай байхаа дарангуйлагч мэднэ.
Дарангуйлагч энэ бүхнийг юуны төлөө хийх нь ойлгомжтой. Тэрээр одоо Монголын тэргүүн баячуудын нэгэн болсон байж ч мэднэ. Олимпийн хорооны 6 га газрыг 0,3 болтол нь жижигрүүлсэн зэрэг бол олон хууль бус юмны зөвхөн сэжүүр нь. Өөрийн ажилтны хувийн компанид олон нийтийн газраас хуваарилахдаа ч сийхгүй. Барилгын хувийн компанид ч өгсөн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болоод буй. Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчийг 3 настай хүүхэд шиг хуурснаа ч гайхуулан ярих дуртай. Хэдийгээр тэрээр том дарангуйлагч ч Монгол улсын хуулинд захирагдах өдөр ирэх л байх. Түүний өөртөө бол хамгийн том, бусдад бол хувийн эрх ашиг гэгдэх мөрөөдөл нь Олон улсын олимпийн хорооны гишүүн болж дархлагдах, тэр болтлоо “өөрийн ард түмнээр” дахин дахин сонгогдох. Өнгөрсөн 11 жилд дарангуйлагч болох замаа яаж зассан болон бүхий л хурлын явц зэргийг нарийвчлан бичвэл Та бүхэн бухимдаж, бачимдаад сүйд болох тул энэ хүргээд өндөрлөе. Гэвч бид ардчилсан Монгол оронд ганц хүний дарангуйлал дор амаа хамхин доромжлуулваас алдас болох тул дарангуйлагчийг бусад дарангуйлагчийг түлхэн унагасан арга замаар түлхэн унагах тэмцэлд нэгэнт орсугай.
Анхан шатны бүх байгууллага хурал цуглаанаа хийж төлөөлөгчөө сонгон Монголын олимпийн ээлжит бус чуулганыг хуралдуулах, одоогоор мэдэгдээд байгаа хувийн компаниудад олгосон газрыг эргүүлэн авах, Олон улсын олимпийн хорооны үндсэн дүрмийг зөрчин зохион байгуулагдсан хурал, хуйвалдаанаар сонгогдсон “дарангуйлагч”-ийн сонгуулийг хүчингүйд тооцон хууль, дүрмийн дагуу шударга, ардчилсан сонгууль явуулахад нэгдэхийг уриалж байна.
МҮОХ-ны гишүүн асан (1999-2012)
Ч.Бат-Эрдэнэ