-“Шударга ёс” эвслийн бүлэг чуулганаас сая завсарлага авлаа. Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Зайсангийн хорих анги руу шилжүүлсэн учраас эвслийн бүлэг ийм арга хэмжээ авлаа гэж үзэх хүн байна, энэ үнэн үү?
-УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан нь Н.Энхбаяр даргатай ямар ч холбоогүй. Дөнгөж сая л Н.Энхбаяр даргыг нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс авч явсан тухай сонслоо.
-Тэгвэл ямар шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр завсарлага авсан бэ?
-Энэ хуулийн төсөлтэй цуг УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа юм. Дэгийн тухай хуулийн төсөлд УИХ дахь намын бүлэг завсарлага авах тохиолдолд хугацаатай болгохоор зааж өгсөн байгаа. Харин манай бүлгийн гишүүд энэ асуудал дээр байр суурь нэгдээгүй байна. Нэг хэсэг нь намын бүлгийн завсарлагыг хугацаатай болгох нь зөв гэж байхад мөн нэг хэсэг нь хуучин хугацаа заадаггүй байснаар хэвээр үлдээх ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудал дээр бид байр сууриа нэгтгэнгүүт завсарлагаа цуцлана.
-Тэгэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл аль аль нь эцсийн хэлэлцүүлгээр шууд батлагдах ёстой байсан. Гэтэл танай талаас тээг тавилаа. Энэ нь Н.Энхбаярыг ачсантай холбоотой юм биш үү?
-Ямар ч хамааралгүй, тэгэхдээ би хувь хүнийхээ тухай асуудлыг яримааргүй байна. Энэ талаар ер нь өмнө нь зөндөө ярьчихсан шүү дээ.
-Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанд танай бүлгийнхэн орох уу?
-Оролгүй яахав.
Нэг зүйл онцлоход, Төрийн ордонд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайхан нар хүрэлцэн ирээд байна. М.Энхсайхан даргаас Н.Энхбаяр даргатай холбоотой асуудлаар тодруулга авах гэсэн боловч “Цаг алга, яриа өгөх боломжгүй” гэсэн тайлбар хийсэн бол Э.Батшугарын хувьд мөн л болсон үйл явдалтай холбоотойгоор тайлбар өгөх боломжгүй гэлээ.