Уран, төмөр зам гээд бүх салбарыг хамарч ярина

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Уран, төмөр зам гээд бүх салбарыг хамарч ярина

Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд болох гэж байна. Өмнөх 15 дугаар хуралдаан 2011 оны долдугаар сард Улаан-Үд хотод болжээ.

Хуралдааны талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай ярилцлаа.

Элчин сайд Д.Идэвхтэн:

-Энэ удаагийн Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ямар гол асуудалд анхаарал хандуулах вэ?

-Комиссын үндсэн нэр нь Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс гэсэн нэртэй. Тэгэхээр улс төрөөс бусад бүх асуудал үүнд хамаарна. Хүмүүнлэг, соёл, эдийн засаг, худалдааны бүх асуудал орно. Тэгэхээр бүх асуудлыг хэлэлцэнэ.

Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж байгаа энэ үе өөрийн онцлогтой. ОХУ-д ч Засгийн газар солигдсон. Монголд ч шинэ Засгийн газар бүрдсэн. Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хурал бол хоёр улсын харилцааны шинэ агуулгыг тодорхойлсон, ойрын нэг, хоёр жилийн дүр төрхийг илэрхийлсэн сонирхолтой, бас их чухал хурал болно.

-Төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр, Монголросцветмет гээд хамтарсан үйлдэврүүдийн асуудлыг хөндөх үү?

-Бүгд хэлэлцэх асуудлын хүрээнд орж байгаа.

-Хуралдаан хэд хоног үргэлжлэх вэ?

-Үндсэндээ гурав хоногийн хуралдаан байгаа. Эхний хоёр өдрийн хуралдаан болчихсон. Өнөөдрийнх гурав дахь өдрийн хуралдаан юм. Эхний хоёр өдөр ажлын хэсгүүд хуралдсан. Өнөөдөр үдээс өмнө мөн ажлын хэсгүүд хуралдсан. Бүтэн хоёр, нэг хагас өдөр ажлын хэсгүүд хуралдлаа. Өнөөдөр үдээс хойш нэгдсэн том хуралдаан болно.

-Ажлын хэсгийн хуралдаанаар юуг голлон ярьсан бол?

-Бүх асуудлыг хэлэлцсэн. Тодотгож хэлбэл, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээний асуудлууд байна. Худалдааг либералчлах нь хоёр улсын хэлэлцэх онцлох чухал асуудал болж байна. Оросоос оруулж ирэх барааны үнэ, тариф, Монголоос Оросын зах зээлд нийлүүлэх барааны үнэ тарифийн асуудал байна. Үүнийг яаж чөлөөтэй болгох вэ гэдгийг хэлэлцэнэ.

ОХУ саяхан Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Энэ байгууллагын өмнө ОХУ худалдаагаа либералчлах үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүрэгтэйгээ холбоотойгоор Монгол Улстай худалдааны салбарт хэрхэн харилцах вэ гэдэг сэдвээр ярилцаж байна.

Хоёрдугаарт, том том хөрөнгө оруулалтын асуудал байна. Ураны хамтарсан үйлдвэр байгуулна. Төмөр замын салбарт яаж хамтарч ажиллах вэ. Нүүрс зэрэг эрдэс баялгийн салбарт яаж хамтарч ажиллах вэ гэсэн асуудал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороод байна. Урьд нь дээд төвшинд буюу хоёр орны Ерөнхийлөгч нарын, Ерөнхий сайд нарын төвшинд тохирсон тохиролцоонууд бий. Үүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуудал давхар явж байгаа. 

Бас юун дээр цаашдаа хамтарч ажиллах вэ гэсэн шинэ төслүүд орж ирж байна. Энэ мэтээр ярих асуудал асар өргөн хүрээтэй байна.

-Хуралдааны дараа мэдээлэл өгөх үү?

-Нэгдсэн хуралдааны дараа комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской, Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва нар хэвлэлд хандсан мэдээлэл хийнэ. Хуралдаан дээр энэ хоёр дарга дэлгэрэнгүй илтгэл тавина. Илтгэлдээ улс төр, цэрэг, техникээс бусад салбарын харилцаан дахь асуудлаар хоёр орон ямар байр суурьтай байгааг харилцан мэдээлэх юм.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун: Хамтарсан байгалийн нөөц газрууд байгуулна

-Та өнөөдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын Оросын хэсгийн тэргүүн С.Е.Донскойтой уулзахаар болжээ. Ямар асуудлаар ярилцах вэ?

-Оросын хэсгийн дарга С.Е.Донской сайд өөрөө ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд хүн. Өөрөөр хэлбэл, манай салбарын түнш сайд гэсэн үг. Байгаль, орчны чиглэлээр санал бодлоо солилцоно.

Манай яамдад тодорхой хамтын ажиллагааны чиглэл байдаг. Саяхан манай дэд сайд Б.Тулга хил орчмын усны байдал, харилцааны асуудлаар гэрээ, хэлэлцээр хийгээд яваад ирсэн. Үүнээс гадна хил дамнасан ой, хээрийн түймрийн асуудлыг тавина гэж бодож байгаа. Үүн дээр хэлэлцээр байгуулна. Мөн хамтарсан тусгай хамгаалалттай байгалийн нөөц газрууд байгуулах саналыг Оросын тал тавьсан. Түүнийг бид дэмжиж байгаа.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж