Шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг 10-аад минутын өмнө Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр анги
руу ачлаа. Биеийн байдлын улмаас сүүлийн гурван сарын хугацаанд Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Н.Энхбаярт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ялын тогтоолыг нь гардуулаад, шууд хорих анги руу ачуулсан байна. Н.Энхбаярын хувьд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоолыг гардан авч, хорих анги руу авч явах машинд суужээ.
Яг одоо Хорих 401 дүгээр ангийн үүдэнд Н.Энхбаярын гэргий О.Цолмон, МАХН-ын гишүүд болох Л.Цог, З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг нар ирээд байна. Н.Энхбаярыг хорих анги руу шилжүүлж буй талаар өмгөөлөгч Б.Оюунбилэгээс тодруулахад “Улсын дээд шүүхээс Н.Энхбаярт ялын тогтоол уншиж, танилцуулаагүй. Хуулийн дагуу ялын тогтоолыг эхлээд өмгөөлөгчид нь танилцуулах ёстой. Ялын тогтоолыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангийн дарга н.Амардорж ирж, гардуулсан. Хуулийнхаа хүрээнд н.Амардорж бус, Улсын дээд шүүхэд гардуулж, танилцуулах учиртай” гэлээ.
Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэлэлцэж шийдвэрээ гаргасан билээ. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн "Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон байна гэж үзэв. Мөн Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нарыг эдгээр хэрэгт хамтран оролцогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж Дээд шүүхээс дүгнэсэн юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Энхбаярт оноосон дөрвөн жилийн хорих ялыг Улсын дээд шүүхээс 2,6 болгон өөрчилсөн билээ. Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Н.Энхбаяр Зайсан дахь 401 дүгээр хорих ангид ялаа эдлэх болж байна.
НЭМЭЛТ 13:06 цагт:
Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэв
ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид ял эдлэхээр болсон Н.Энхбаяр өлсгөлөн зарлах тухай түүний эхнэр О.Цолмон хэллээ. Тэрбээр “Миний нөхрийг энд санаатайгаар авчирсан. Хорлогдож магадгүй гэж үзэж байгаа учраас ямар ч эм тариа хийлгэхгүй, мөн хоол идэхгүй, өлсгөлөн зарлана” гэв.
Мөн хорих 401 дүгээр ангийн өмнө цуглаад буй МАХН-ын гишүүд, дэмжигчид Хорих анги руу нэвтэрнэ гэж дайрч байна. З.Баянсэлэнгийн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй, тиймээс хорих анги руу нэвтэрнэ хэмээн зүтгэж, багагүй шуугиан дэгдээж байгаа талаар манай сурвалжлагч мэдээллээ.