Хуулийн төслүүдийг чуулганд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг чуулганд шилжүүллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөд өглөө 09.00 цагаас хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.

Өнөө өглөө гишүүдийн ирц маш сайн байв. УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр орой гишүүдийг 21-ний өдрийн чуулганд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохыг үүрэгдэж, нэг ч хүнд чөлөө олгохгүй гэсэн нь ийнхүү хэрэгжжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг онцгой анхаарах хэрэгтэй гэж байлаа. “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зөвхөн Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг төдий биш, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдгээрээ асар их эрх мэдэлтэй албан тушаал. Монголд сонгуулийн нөхцөл байдал цаашдаа улам хүндэрнэ. Олигархийн нөлөөлөл, уул уурхайн хөгжил зэргийн нөлөө ихэснэ” гэж байлаа. Энэ үеэр гишүүд бүх сонгуулийг автомат машинаар явуулж байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдаж орж ирсэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг буцаах хэрэгтэй гэж үзэж буцаалаа. Ерөнхийлөгчийн сонгуульд “Нью имиж кейс” автомат төхөөрөмжийг хэрэглэхээр болов.

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын Тамгын газрын дарга гэсэн нэр томъёо оруулсныг урьдын хэвээр Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн үлдээхээр боллоо. Энэ нэр томъёо олон улсын жишиг юм байна. Хуулийг баталсан өдрөөс нь хүчин төгөлдөр мөрдөхийг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлснээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаан болох гэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж