Би эхнэр авахгүй
Би эхнэр авахгүй шүү авахгүй
Битгий намайг ятгаарай ээжий минь нөхөд минь охид минь
Би эхнэр авахгүй биеэ хайрлаж, амиа бодсондоо биш
Ичсэндээ би ингэж тунхаглаж байна
Эмэгтэй хүнд дургүйдээ биш дуртайдаа
Энхрий тэдэнд хайргүйдээ биш хайртайдаа
Энэ дэлхий дээр хөхнийхөө сүүгээр тэжээсэн ачтаныг
Эрх чөлөөтэй хүн шиг явагдаа гэсэндээ
Эхнэр авахгүй гэж энэ ширээн дээрээ
Эх нутаг дээрээ энгүй их дэлхий ертөнц даяар би андгайлж байна
Олон айлаар орж, гарч үзсэн би
Олон олон эхнэр нөхрийн орилоон, бархираан хараал, хэрүүл зодоон нүдээнийг
Орчин үед нүдээ өвдтөл чихээ хавдтал үзлээ
Хамаг судас нь гүрийж халимаг үс нь босож
Хамар нь майхны ваадан шиг нармалзаж хашгирч, нулимж, дэвслэж
Харааж зүхэж, заналхийлж
Заамаа ярж, нударгаа зангидаж зандалчин дүрийг олсон зарим нөхдүүдийг
Харсан минь гай болж хааяа би хар даран зүүдлэх юм
Гэзэг үсээ сэгсийтэл дээш доошоо тонгочиж
Гэдэс хэвлийгээ гартал дээл палажаа цуучиж
Өлөгчин барын нүд шиг
Өшөө хорсол хилэн бадарсан нүдээ
Мөс шиг цэхэлзүүлж мөс нь бас уур хилэнгийн галд хайлав уу гэмээр
Мөндөр бороо шиг нулимс асгаруулж
Үнгээд хаячихсан зураг шиг үрчийж ярвайсан нүүр дээгүүр нь
Үерийн ус шиг урссан өөрийнхөө нулимсанд
үзмэр чамирхлынх нь будаг, оо Үнс, хөө, цус мэт
Холилдон урссан, арчаагүй бүсгүй хүнийг хоёр гурав биш
Хорь гучаар нь үзсэн хорины идэвхтэн авгай
Хойд урд хамар хашааны хүүхнүүд
Хол ойрын хамаатнаас нь өөр
Энэ хэргийг ойшоож эрх дархыг нь өмгөөлж
Эрс арга хэмжээ авах элэг зөөлөн хэн бий вэ
Аль нэгнийхээ мөчийг хугалаагүй бол адаглаад хамар чихийг нь хазаагүй бол
Албан ёсоор тэдний хэргийг авч хэлэлцэх үндэсгүй гэдэг
Үндсийг нь хүлээсэн хүн үрэгдэж ч мэдэх
Үгүй бөгөөс үйлээ үзэж, үсээ халцалж
Гайгаар учирсан амраг зандалчны гарын дор амь зуух болдог
Энэ чинь амьдрал юм уу эрх чөлөө юм уу?
Энх тайван 20-р зуун юм уу? Эхнэр нөхөр 2 гэдэг чинь муур хулгана гэсэн үг үү?
Муу янагласнаас сайн үнсээд өнгөр гэсэн үг байдаг
Муур хулганацаж хаана биз, болих болоогүй юм уу?
Мунхаг харанхуйн зуршил, эхнэр нөхөр гэдэг
Мунхаг хар томъёог өөрчлөх болоогүй юм уу?
Аль эрт энэ тухай равжаа хутагт шүүмжилсэн бус уу
Ариун сэтгэл нинжин хайрын тухай амаа чилтэл ярьж, үзгээ элэгдтэл бичиж
Айл бүхэнд зуу зуугаараа оногдох ном кино, дуу шүлэг гарсан байна
Аль вэ тэгтэл эхнэр гэж эдлүүлэх, зарцлуулах, хардуулах
Эрт балрын нөгөө л үйл хэвээрээ эрээгээ барсан зарим нь
Эрх сүрээ улас бататгахын дон тусаж
Өнөр өтгөн бүлтэй өрхийн тэргүүн гэгдэх юмсан гэж
Өөрийгөө гэрийн доторх хэсээгүй эрхт Богдод
Өргөмжилж ичгүүргүй дуу хүртэл гаргасаар байна
Энэ бүгдээс ой гутаж, эхнэр авахгүй гэж би андгайлж байна
Эхнэр авахгүй ээ харин энхрий сэтгэл нийлсэн хүний нэг үртэй
Эрх зориг чацуухан хамт амьдрах бодол байна
Дарлуулдаг эхнэр даралдаг нөхөр биш
Дархан мөнх амьдралын насан элээх шувууны далавч болж хоёулаа
Эн чацуухан дэвэх эцвэл хоёулаа эцэж
Эрэмшвэл хоёулаа эрэмшиж
Эгц дээшээ хоёулаа өндөр авч
Эсвэл хоёулаа унах жинхэнэ хань хэрэгтэй
Алдхан биеийг минь төрүүлсэн аятан ээж минь
Азай буурал тэргүүндээ сайн тогтоож ав
Хайраа өгсөн ханийг минь та хадмын нүдээр бүү хараарай
Хардаж авгайчуудын хов живээр хааяа ч гэсэн улыг нь бүү шагайгаарай
Бэлдэх ёстой хоол цай хийж улиглах байтугай
Бэр гэдэг балрын нэрээр нэрлэхийг би зөвшөөрөхгүй бид зөвшөөрөхгүй
Энэ гэрт би хувьсгал хийж байна
Эхнэр гэдэг дөнгийг хүний бүсгүй шрийн хүзүүнээс авч хаялаа
Ээж та хүү наддаа л ээж нь бай энхрийн ханьд минь
Ардчилсан бүгд найрамдах улсын адилхан нэг иргэн нь би
Амраг бүсгүйг авчрахын учир гэвэл
Амттай хоол хийлгэх гэсэн юм биш
Угаалга хийлгэж цэвэрлүүлэх гэсэн юм биш
Урагдсан хувцасаа оёуулах гэсэн юм биш
Улс амьтанд үзмэр болгож үзүүлэх гэсэн юм биш
Унтах орондоо өвөр дулаан байлгах гэсэн юм биш
Ажил бүтээл сурлагын аугаа хүчийг дэмжилцэж
Аугаа их 20-р зуундаа ард иргэний үүргээ биелүүлж
Нэгэн биений тэнхэл үл хүрэх бүтээлд
Нэгдэж хоёулаа тэмцэх гэсэн юм
Энэ бол эхнэр биш эрх чөлөө төгс
Эрхэм журмын хамтран зүтгэгч хань болно
Ренчингийн Чойном