![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2012/12/723ac63ae7f37ff3/6f38e457fde1ea48big.jpg)
Facebook-т Tayar Bayar ингэж бичжээ. “Харанга”-ын Лхагваа бол фэнүүддээ, өөрийн үнэнч сонсогчдодоо ийм өндрөөр таашаагддаг дуучин. Өнөөдөр түүний төрсөн өдөр.
Сэтгүүлч Б.Цацрал:
“Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ” Мөнгө хөөн нутгаа орхин гарсан залуусын нүдэндээ нулимстай, зүрхэндээ гунигтайгаар дуулдаг сүлд дуу. Минийх гэх бүх зүйлээсээ хол мөнгөнд захирагдсан дутуухан амьдралыг дүүргэж өгдөг сэтгэлийн дуу.
Цагдаа зодсон тухай мэдээг нь сониноос уншаад дургүй хүрсэн ч “Санана даа”-г нь сонсохоор сахилгагүйтсэнийг нь таг мартаж орхино. “Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ ээ” гэж дуулахыг нь сонсоод тэвэрч аваад үнсмээр санагдана. Хаашаа ч хүн юм бэ дээ, энэ эр. Хэчнээн хэрэг тарьсан ч ижий, аавдаа үргэлж зөвдөж байдаг айлын нандин хүүхэд шиг адармаатай хүн. Алгадмаар санагдсан ч гарыг минь далайлгадаггүй, зэмлэмээр болсон ч үгийг минь дотогш нь залгиулж чаддаг аймшигтай хачин хүн.
“Нарыг хайрла”… Тэр энэ дууг өөрөө зохиосон. “Зүрхээ гаргаад, зүсэж тавиад, сэтгэлээ тэгээд сэрээдээд хаямаар” гэсэн дөрвөн мөрийг бодож олсных нь төлөө “Нисванис”-ын Амгаад “Болор цом”-ыг бөөн бөөнөөр нь өгчихмөөр санагддаг шиг “Нарыг хайрла” хэмээх хоёрхон үгийнх нь төлөө түүнд Нобелийн шагнал өгчихсөн ч болохоор санагдана. Түүнээс өөр хэн нарыг хайрла гэж дуулсан бэ? Хүн хүнээ хайрлахын гайхамшгийг шүлэглэн Нобелийн шагналыг хүртсэн агуу Таагүрийн шүлэгт ч ийм холбоо үг бий бил үү? Нарыг хайрла. Энэ хоёрхон үгийг сонсоод танд юу бодогддог вэ? “Тэнгэрийг хайрла, үүлсийг бас хайрла” гэж дуулахыг сонсоод танд ямар мэдрэмж төрдөг вэ? Аялгуу амнаас нь биш сэтгэлээс нь урсдаг болохоор түүний дуунуудад би хайртай. Хар шилнээс салдаггүй ч баг зүүж аж төрдөггүйд нь хайртай. Хайртай хүүгээ өмөлзтөл өмөөрдөг шиг бид түүнд хайртай…” гэж бичиж байсан юм.
Тийм ээ, би ч гэсэн түүний чин үнэнч сонсогчдын нэг. “Харанга” хамтлагийн дуучин, бидний хүндэт Лхагваа ахдаа Төрсөн өдрийн мэнд хүргэе.