&#34Ногоон&#34 хөгжлийн манлайлагчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

&#34Ногоон&#34 хөгжлийн манлайлагчид тодорлоо

2012 оны "ногоон" хөгжлийн манлайлагчид тодорлоо

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Green Awards 2012 буюу “Ногоон” манлайллын эздийг тодруулах арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Эх болсон байгаль дэлхийд ээлтэй, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглахад чиглэсэн шинэ техник технологийг нэвтрүүлсэн, энэ чиглэлд дорвитой үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг тодруулж, тэднийг олон нийтэд мэдээлэн таниулахад арга хэмжээний гол зорилго оршиж байгаа юм байна. Өнгөрсөн Лхагва гарагт буюу энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр нийт 9 номинацид “ногоон” хөгжлийн эздийг нэрлэлээ.

Бусад салбаруудын шилдгийг тодруулах арга хэмжээнүүдээс ялгаатай нь олон нийтэд бүх талаараа хүлээн зөвшөөрөгдсөн, жинхэнэ утгаараа хүн, нийгэмд үр өгөөжтэй, ээлтэй үйл ажиллагааны эзэд Eco Awards-ыг хүртсэн юм. Тухайлбал Хог хаягдлыг байгаль экологид ээлтэй аргаар боловсруулагч номинацид хаягдлыг дахин боловсруулах замаар дотоодын зах зээлд нэн хэрэгцээтэй хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Инакис ХХК тодорсон бол Оны шилдэг эко бүтээгдэхүүн номинацид эх орны хөрс шороонд ургуулсан артишок ургамлын ханд буюу “Артишок” эрүүл мэндийн ундаа шалгарсан байна.

Манай улс төдийгүй нийт хүн төрөлхтний амин чухал асуудал болсон усны нөөцийг зөв зохистой ашиглах үйл ажиллагааг дэмжих нь Eco Awards-ын бас нэгэн гол зорилго. Ус хэмнэгч, зөв зохистой хэрэглээний технологийг нэвтрүүлэгч номинацид Энержи Ресурс компанийн Ухаа Худаг уурхайн усан хангамжийг хариуцсан охин компани Ухаа Худаг Ус хангамж ХХК шалгарсан байна. Энэхүү компани усны ууршилт, нэвчилт буюу алдагдлыг бүрэн хязгаарласан усан сан, говь нутагт нэн зохимжтой, усны “0” хэрэглээ бүхий хуурай хөргөлтийн системтэй цахилгаан станцын технологи, үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг 98% хүртэл эргүүлэн ашиглах технологи, усны ашиглалтыг хянах орчин үеийн телеметрийн удирдлагын систем гэх зэрэг орчин үеийн дэвшилтэт технологиудыг Монголын уул уурхайн салбарт анх удаа нэвтрүүлжээ. Eco Awards-ынГран при шагналын эзнээр Эко Ази-байгаль орчны менежментийн дээд сургууль шалгарсан юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун:

-Манай үндэсний компаниуд орлого, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахын хажуугаар нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд ухамсарладаг болжээ. Байгаль орчинд ээлтэй цэвэр технологийг нэвтрүүлэх гэж  зорьж ажилладаг компаниуд маш олон болсон байна. Анх удаа явагдаж байгаа шалгаруулалт гэхэд олон арван компани материал, тайлангаа ирүүлж, их хүчтэй өрсөлдөөн дундаас шилдгүүдийг тодрууллаа. Эх дэлхий, байгаль орчноо гэх ухамсартай үйл ажиллагаа явуулж байгаа компани, байгууллагуудад төрөөс урам өгч, дэмжих хэрэгтэй гэдэг үүднээс бид энэ шалгаруулалтыг явуулж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж