
7-8 жилийн өмнө шилжилтийн бусад оронтой адил ялзарсан засаглал, дэндсэн авлигаараа зартай байсан Гүрж улс 2010 оны Авлигын Барометрийн судалгаагаар авлига хамгийн багатай орны нэг болжээ. Гүржийг авлигатай тэмцэж буй №1 орон гэж зарлаж байна. Авлига гэдэг зүйл бол засаглалын машиныг хяхтнуулж, зууруулж, гацааж, эцэст нь эвдэлж орхидог хамгийн хорлонтой үзэгдэл. Нэгэнт авлигад идэгдсэн, хөгцөрч зэвэрсэн бүтцийг тэр чигт нь өөрчилж солихгүй бол өнгөн талаас нь хусч цэвэрлээд ямар ч нэмэргүй байдаг аж. 2003 онд Сарнайн хувьсгалаар гарч ирсэн Саакашвилигийн засгийн газрын эн тэргүүний зорилго нь авлигатай тэмцэх явдал байсан бөгөөд авлигатай тэмцэх үндэсний стратегийг яаралтай хэрэгжүүлж эхэлжээ.
Үүний тулд эхлээд төрийн (“нийтийн” гэж нэрлэх нь зүйтэй санагдана) албаны бүтэц, ажил үүргийн хуваарийг оновчтой тогтоож, давхардал, хийдлийг арилган хүний нөөцийн менежментийг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх, төрийн буюу нийтийн үйлчилгээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааны мэдээллийг ил тод, нээлттэй болгох, нийтийн мэдээллийг түгээх цахим системийг бий болгоход голлон анхаарчээ. Түүнээс гадна улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, нийтийн албаны санхүүгийн дотоод гадаад хяналт шалгалтыг чангаруулах, тендерийн шалгаруулалт, хяналтыг сайжруулах, бизнесийн орчны саад тотгорыг багасгах, гэрчийг хамгаалах чиглэлээр олон хууль шинээр баталж, олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Авлига хэмээх нийтийн дайсныг бүх талаас нь бүслэн довтлох бэлтгэлээ базааж аваад довтолгоонд оров. Хуулиуд үйлчлээд эхэлмэгц иргэдийн гомдол хүсэлтийн дагуу маш хатуу арга хэмжээнүүдийг тууштай авчээ. Аль ч газар цагдаа нар авлигад хамгийн их өртдөг. Тиймээс, авлигатай хийх тэмцлийн хамгийн эхний алхам нь цагдааг цэвэрлэх явдал байв. Тэгээд ч цагдаа нар авлигачдын хэргийг бүртгэх, мөрдөн байцаах, баривчлах гээд тэмцлийн бүх шатанд ажиллаж таарна. Иймд цагдаа өөрөө шударга байх ёстой. Гүржид хэдхэн сарын дотор 40 мянган хүнтэй цагдаагийн бие бүрэлдэхүүнээс их бага зөрчил илэрсэн 25 мянгыг нь үг дуугүй халж, үлдсэнийх нь цалинг эрс нэмж, тавих шаардлагаа ч чангаруулжээ.
Үүний дүнд зам зохицуулалтгүй, гудамж талбай хяналт муутай болсон боловч зам тээврийн осол, гэмт хэргийн гаралт нэмэгдээгүй байна. Гэхдээ богино хугацаанд олон залуусыг нөхөж бэлтгэн цагдаа болгожээ. Авлигад амташсан хүмүүсийг гэгээрүүлэх нь чоныг махнаас гаргахтай адил, түүний оронд эвдрээгүй залуусыг сургаад авах нь хамаагүй үр дүнтэй байдаг аж. Энэ стратегийг урьд нь Мексикийн цагдаагийн алба хэрэгжүүлж амжилт олж байсан гэнэ. Төрийн бусад албанаас 40 мянган хүнийг цомхотгож, үлдсэнийх нь цалинг бас нэмсэн байна. Эхэн үедээ хэрүүл тэмцэл маш их гарч, бөөн л юм болж байж. Гэхдээ эдгэрэхийн тулд түр зуурын өвдөлтийг тэсэх ёстой. Дараагийн нэг стратеги бол төрийн зардлын хувь хэмжээг аль болох бага байлгах. Цус сорогч шумуултай тэмцэх хамгийн найдвартай арга бол үржиж өсдөг шалбаагийг нь хатаах явдал.
Төсвийн зардал их л байгаад байвал элдэв тендер, урсгал зардал, хөрөнгө оруулалт, татаас гэх мэтээр албан тушаалтнууд авлига нэхэх бололцоо их л гарна гэсэн үг. Гүржүүд энэ тал дээр тууштай байж, ДНБ-д эзлэх төсвийн зарлагыг 18 хувиас хэтрүүлээгүй байна (Монголд энэ үзүүлэлт 40 гаруй хувь байдаг). Дараагийн алхам нь, авлига авсан улс төрчид, төрийн албан хаагчдыг хомроголон баривчилж, хууль завшигч хамгийн том мафижсан бүлэглэлүүдийг илчлэн шоронд хийжээ. Мөн авлигад идэгдээд байсан боловсролын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэв. “Саакашвилигийн боловсролын шинэчлэл” гэдгээрээ их алдартай юм билээ. Дараа нь гаалийн байгууллагыг шинэчлэх гэх мэтээр нийтийн үйлчилгээний бүх салбар луу тэмцлээ өргөжүүлжээ.
2008 онд Оростой дайтаж ялагдан газар нутгаасаа алдсан тухайд гүржүүд Саакашвилигийн засгийн газарт дурамжхан байдаг ч, авлигатай дайтаж ялалт байгуулж байгаад нь ам сайтай байна. Тал тохой татах, нутгархах хандлага нэлээд хүчтэй, социализмын үеэс “арын хаалгадах” өвчнийг удамшуулан авч улам “төгөлдөршүүлсэн” гүржүүд хэдхэн жилийн дотор авлига хамгийн багатай орны тоонд орж, бусдад үлгэр жишээ болж байна.
