Жүдогийн дүрэмд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Жүдогийн дүрэмд өөрчлөлт орууллаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос дүрмийн өөрчлөлт хийснээ өнгөрсөн долоо хоногт зарласан байна. Үүнд тэмцээн зохион байгуулах дүрэм, шүүлт болон чансаа тогтоох шинэ дүрэм гаргажээ. Тэмцээн зохион байгуулах дүрэм болон шинэ шүүлтийг ирэх оны хоёрдугаар сард болох Парисын “Их дуулга”-аас Бразилийн Рио-де-Жанейрод болох ДАШТ хүртэл туршилтын журмаар хэрэгжүүлж үзэхээр болсон байна. Мөн олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж байгаа албан ёсны тэмцээнүүд буюу ДАШТ, тивийн аваргын тэмцээнд бүх насны ангилалд дээд тал нь есөн эрэгтэй, есөн эмэгтэй тамирчин оролцож байхаар болсон. Урьд нь эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин орж болдог байлаа. Өөрөөр хэлбэл, нэг улсаас бүх жинд хоёр бөх оролцож болдог байсан бол одоо долоон жингийн хоёрт нь л хоёр тамирчин оруулж болно гэсэн үг.

Мөн “Дэлхийн цом” хэмээх тэмцээнийг хааж, Хотуудын нээлттэй тэмцээн гэж нэрлэх, гэхдээ тивийг нь заавал дурдахаар тогтсон байна. Тивийн нээлттэй тэмцээнүүдийн алтан медалийг 100, мөнгөн медаль 60, хүрэл медаль 40 оноогоор үнэлнэ. Харин Гранпри тэмцээний алт 300, мөнгө 180, хүрэл 120 оноо, тивийн аваргын тэмцээний алтан медаль 400, мөнгө 240, хүрэл 160 оноо, “Их дуулга”-ын алт 500, мөнгө 300, хүрэл 200 оноо авна. Тэгвэл “Мастерс” тэмцээний аваргууд 700, аман хүзүүний тамирчин 420, хүрэл медальтан 280 оноо, дэлхийн аваргууд 900, мөнгө 540, хүрэл 360 оноо чансаандаа нэмэхээр болж байна. Мэдээж хамгийн их оноотой тэмцээн бол олимп. Олимпийн аваргууд 1000, мөнгөн медаль 600, гуравдугаар байр эзэлсэн тамирчин 400 оноо авч байхаар боллоо. Үүнээс гадна ямар ч тэмцээний урьдчилсан барилдаанд нэг ч ялсан байсан оноо авч байхаар зохицуулжээ. Гранпри тэмцээний шагналын сан 100 мянга, “Их дуулга” 150 мянга, “Мастерс” 200 мянга, дэлхийн аваргынх 200 мянган ам.доллар байхаар тусгав. Шинэ улирлаас эхлэн тамирчдын жинг тэмцээний өмнөх  оройны 19.00 цагаас үзэж байхаар тогтлоо. Урьд нь тэмцээний өдөр жин үздэг байлаа. Хэрэв тамирчин жиндээ орж чадахгүй байгаа бол тэмцээний өдөр жинг нь үзэж болно. Барилдааны өмнө тамирчид бие биедээ мэхийн ёслох бөгөөд тэмцээн эхлэхээс өмнө гар барьж болохгүй. Оноо өгөх болон шийтгэх дүрмэнд ч бас багагүй өөрчлөлт оржээ. Жүдогийн дээд оноо болох Иппоныг зөвхөн өрсөлдөгчөө нуруугаар нь шидсэн тохиолдолд өгнө. Өрсөлдөгч нь мост хийсэн ч иппон гэж тооцогдох болно. Шидо торгууль тамирчдын хэн нэгэнд давуу байдал өгөхгүй, самбар дээр зөвхөн техникийн оноо л гарна. Харин оноо тэнцсэн тохиолдолд л шидо цөөтэй тамирчинд ялалт өгөх юм. Барилдааны үеэр гурван шидо өгч болох бөгөөд дөрөв дэх шидогоо авсан тамирчны өрсөлдөгчид ялалтыг шууд өгөхөөр болов. Талбай дээр мэх хийсэн бол талбайгаас гарсан хойно ч шүүгч нар зогсоохгүй, үргэлжлүүлэх болсон. Даралтад 20 секунд дарахад иппон цэвэр ялалт өгнө. Урьд нь 25 секунд байсан билээ. 10 секунд дарахад юүко, 15 секундэд вазари үнэлгээ өгнө.

“СПОРТЫН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж