Хилчдэд оноосон зүйл анги цаазаар авах ялтай

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хилчдэд оноосон зүйл анги цаазаар авах ялтай

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын  0129 дүгээр ангид өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой гэмт хэргийг байлдагч Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нар бүлэглэн  үйлдсэн. Тэдний хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгасны дараа Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Ц.Насанбат хянаад шүүхэд шилжүүлээд байна. Шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд  маргааш 9.30 цагт болох бөгөөд шүүх хурлыг  шүүгч Ч.Хосбаяр даргалах юм байна.  
Харуулд гарч байсан дөрвөн байлдагч  үүргээ гүйцэтгэж байсан харуулын дарга, гэрээт хилчин М.Энх-Амгалангийн амийг хөнөөгөөд шөнийн 02.00 цагийн үед застав дээрээ ирээд заставын орлогч дарга, ахлах дэслэгч  С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарыг тодорхой шалтгаангүйгээр хөнөөгөөд дэслэгч Ц.Сод-Эрдэнийг шархдуулсан юм. Тэдний үйлдсэн хэрэгт  Эрүүгийн хуулийн 91.2-ын 1, 6, 7, 8, 11, 12, 13, 16, 147.2-оор ялласан.

 Энэхүү зүйл анги нь 15-25  жил хүртэл хугацаагаар хорих,  эсхүл цаазаар авах ял шийтгэх ялтай аж.

147.2. Энэ хэргийг давтан,  бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг,  урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн,  энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол наймаас  дээш арван  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай юм байна.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж