Дарангуйлагчийн охин

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Дарангуйлагчийн охин

“Надад халамжлах гэр бүл, эд хөрөнгөө өвлүүлж үлдээх үр хүүхэд байхгүй. Миний цорын ганц гэр бүл бол та нар. Тийм учраас би улс төрд орж, та нарыг аз жаргалтай байлгахын төлөө тэмцэж байна”. Энэ бол Өмнөд Со­лон­госын Ерөнхийлөгчийн сон­гуульд ялалт байгуулсан Пак Кын Хегийн  хэлсэн үг.

Өмнөд ­тэй боллоо. Тэд ард­чил­лаг­чийг биш, харин да­ран­гуй­лаг­чийн охи­ныг дэмж­лээ. Эмэг­тэй­чүү­дийг тө­дий­лөн ой­шоож үздэг­гүй, ха­рин эр­чүүдийг чу­халд тоо­цож эх­нэрүүдийг нөх­рөө дээдлэ­хийг сургадаг уламж­лал, ёс заншилтай энэ орны тө­рийг ганц бие эмэгтэй хүн удир­дахаар болсон нь ч бас гайхмаар.

Пак Кын Хегийн эцэг Пак Чун Хе Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн удаан буюу 1963-1979 оны хооронд Ерөн­хийлөгчөөр ажилласан хүн. Харин эцгийнх нь авто­ри­тари дэглэмийг эсэргүүцэж, шо­ронд хоригдож байсан хүний эрхийн хуульч Мүн Жэй Ин энэ удаад охиных нь хүчтэй өрсөлдөгч болжээ.

Гэхдээ өмнөд солонгосчууд либераль үзэлтэй хуульчийг биш, харин авторитари дэглэмийг эх орондоо байгуулсан хүний охиныг дэмжсэн билээ.

Пак Кын Хе Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Пакийн Сае­нури намаас нэр дэвшсэн юм. Тэрбээр 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд нам дотроо нэр дэвшиж байсан боловч Ли Мён Пакт ялагдаж байжээ.

Пак Кын Хегийн гэр бүлийн түүх нь гунигтай. Түүний ээжийг Хойд Солонгосын коммунист нууц албаныхан 1974 онд хороож байв. Тэр үед Пак Кын Хе Парист су­ралцаж буй 22 настай залуухан оюутан байжээ. Харин ээжийгээ нас барсны дараа тэрбээр сургуулиа орхиж, Сөүлд эргэж очсон байна. Тэгээд ээжийнхээ оронд тэргүүн хатагтайн хийх ёстой бүхий л зүйлийг амжуулдаг байсан гэдэг. Гэхдээ түүнээс хойш таван жилийн дараа Пак Кын Хегийн эцэг, тухайн үед Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан Пак Чун Хи өөрийн туслахдаа хорлогдон амиа алджээ. Энэ мэдээг сонссон даруйдаа Пак Кын Хе “Хойд Солонгосын хил орчимд хэвийн байгаа биз дээ” хэмээн асуусан гэдэг. Өмнөд Солонгос улс ардчиллын замаар замнаж, барууны орнуудтай хөл нийлүүлэн алхах үеэс эцгийг нь дарангуйлагч хэмээн нэрлэж, түүний дэглэмийг буруутгаж эхэлсэн юм.

Пак Кын Хе Өмнөд Солонгосын улс төрд 1998 онд орж иржээ. Тухайн үед Азийн санхүүгийн хям­ралаас эх орноо хамгаална гэдгээ амлаж байв. Тухайн үед түүнийг парламентын гишүүн болгохын тулд дэмжсэн хүмүүсийн дийлэнх нь эцгийг нь санан дурсаж байсан аж. Намынх нь албан тушаалтнууд авлигын хэрэгт орооцолдож, хээл хахуулын сүлжээнд орсон нь илэрхий болсон үед Пак Кын Хе л намынхаа нэр хүндийг өргөж байсан гэдэг.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Пак Кын Хе Хойд Солонгостой харилцаагаа сайжруулна гэдгээ ам­ласан. Мөн улс төрийн таагүй уур амьсгалаас үл хамааран умард хөрш­дөө хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэсэн юм. Түүний үзэж буйгаар бол Ли Мён Пакийн бодлого алдаатай байсан бололтой. Хойд Солонгосын талын цөмийн хөтөлбөрийг зог­соо­хын тулд тэдэнтэй хэлэлцээр хий­хээс татгалзаж, эдийн засгийн хо­риг арга хэмжээ авсан нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн хэмээн Пак Кын Хе үзжээ. Тэр Хойд Солонгост хөрөнгө оруулалт хийхийг хүсч, хоёр орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх замаар цөмийн хө­төлбөрийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд түлхэц болно гэж найдаж байгаа юм.

Пак Кын Хегийн эцэг нь Өмнөд Солонгост консерватив үзлийг дэл­гэрүүлсэн хүн. Түүнийг эрх барьж байх үед тус улсын эдийн засаг болон улс төр бүхэлдээ шинэчлэгдэхийн зэрэгцээ үүнээс болж өмнөд солон­госчууд хоёр хуваагдаж байжээ. Мөн түүний эцгийн үед хүйтэн дайн хүчээ авч, Өмнөд Солонгос АНУ-тай цэрэг, армийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн юм. Мөн олон хүнийг улс төрийн гэмт хэрэгтэн болгож, Хойд Солонгосын тагнуул мэтээр үзэж хяхан хавчиж байсан. Тэр үед хэлмэгдэж байсан олон хүн өдгөө Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчид болжээ. Харин Пак Кын Хегийн эцгийн эдийн засгийн бодлого нь нэлээд оновчтой гэгдэж байж. Хүйтэн дайны хөлд нэрвэгдэж хүнд байдалд ороод байсан жижиг дунд бизнес эрхлэгчид байр сууриа олж, үүнтэй зэрэгцээд төрийн дэмжлэгтэйгээр “Самсунг”, “Хёндай” тэргүүтэй үндэс­тэн дамнасан корпорациуд хү­чирхэгжиж, экспортод түшиглэсэн Өмнөд Солонгосын эдийн засгийг цогцлоосон юм. Гэхдээ одоо бол тэдгээр гигант компаниудаас болж Өмнөд Солонгост баян, ядуугийн ялгаа ихэсч байна гэх шүүмжлэл гарах болсон. Өөр нэг хачирхалтай зүйл нь гэвэл Пак Кын Хегийн эцгийн үед рок хөгжмийг хориглож, эмэгтэйчүүдийг богино банзал, эр­чүүдийг урт үснээс татгалзахыг шаар­даж байжээ. Хожим нь Өмнөд Солонгосын засгийн эрхэнд гарсан либераль үзэлтнүүд Пак Кын Хегийн эцгийн эсрэг суртал ухуулга хүчтэй хийсэн гэдэг.

Харин энэ удаад Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөн­хийлөгч болсон хатагтайн хувьд эцгээсээ тэс өөр бодлого явуулна гэдгээ харуулж байгаа бололтой. Тэрбээр Хойд Солонгостой харил­цаагаа улам зузаатгана хэмээн амлаж байгаа. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард өрсөлдөгчдөөс нь ирж буй дайралтуудыг зогсоохын тулд эцгийнхээ дэглэмийг буруушааж буйгаа мэдэгдэж, түүний өмнөөс уучлал гуйсан юм.

Пак Кын Хе өмнө нь огт гэрлэж байгаагүй. Хүүхэдгүй, ганц бие. Гэвч ийнхүү Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал нь Өмнөд Солонгосын эмэг­тэйчүүдийн хувьд цоо шинэ боломж гэж харж болмоор. Гэхдээ “New York Times” сонинд бичсэнээр бол Пак Кын Хег эмэгтэй хүн гэдэг утгаар нь биш, харин Ерөнхийлөгч агсан Пак Чун Хегийн охин гэдгээр нь илүү дэмжсэн бололтой. Учир нь Пак Чун Хегийн нэр хүнд одоо ч өндөр хэвээрээ байгаа юм. Нөгөөтэйгүүр Пак Кын Хегээс илүүтэйгээр түүний гол өрсөлдөгч болох Мүн Жэй Ин эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог дэмжиж байсан.

Пак Кын Хегийн хувьд Хатан хаан Элизабет, Их Британийн Ерөн­хий сайд Маргарет Тетчер нар шиг хүн болохыг хүсч, тэднээс үлгэр дуурайлал авдаг аж. Энэ тухайгаа өөрөө нэгэнтээ ярьж байв. Мөн ганбургерыг хэзээ ч гараараа барьж иддэггүй, үргэлж хутга, сэрээ ашиг­ладаг тухай нь хэвлэлийн тө­лөөлөгчөөр нь ажиллаж байсан эмэгтэй онцолж байсан юм. Ямартай ч тэрбээр Өмнөд Солонгосын Ерөн­хийлөгч боллоо. Солонгосын хой­гийн хоёр орон хоёулаа даран­гуйлагчдад захирагдах нь гэж зарим нь болгоомжилж байна. Гэхдээ Пак Кын Хегийн ачаар Солонгосын хой­гийн хурцадмал байдал намжихыг ч үгүйсгэх аргагүй юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж