Хүн төрөлхтний айдас: Дэлхийн сүйрэл

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтний айдас: Дэлхийн сүйрэл

Айдас. Хүн өөртөө тулгарч болох бүр эсвэл хэзээ ч тулгарч байгаагүй зүйлээс ч айдаг. Харин хүн төрөлхтөнд нэг л айдас байсан, одоо ч байгаа. Тэр нь дэлхий сөнөх. Аянга цахих, газар хөдлөх, галт уул дэлбэрэх, шуурга шуурах зэргээс хүн үүссэн цагаасаа эхлэн айж, “Дээр нэг юм бий, болохгүй бол дэлбэлэх чадалтай” гэж итгэж иржээ. Жишээлбэл, Маяачууд нар хиртэхтэй зэрэгцэн аймшигт тахилга үйлддэг байж. Тэд Чичен Ица хэмээх газарт байх өндөр пирамидийн оройд насанд хүрсэн эрэгтэй 30 гаруй хүнээр цусан тахилга өргөдөг байжээ. Яг үүнтэй адилхан зан заншил эртний Грек, Ром, Месопотам, Ацтек, Инкагийн соёлд ч нэвт шингэсэн нь түүх болон үлдсэн билээ. Магадгүй үүнээс үүдэн хүн төрөлхтөний бүх л цаг үеийн туршид энэ айдас “амь бөх”-тэй үлдсэн байж болох. Бүр эсвэл бидний удмын санд энэ айдас эргэлт буцалтгүй үлдсэн ч байж болох талтай. Хэрвээ аль ч үеийн хүмүүсийн аймшигт таавар үнэн байсан бол МЭӨ 2800 оноос хойш дэлхий хэдэнтээ “сөнөжээ”. Ийнхүү бид хамгийн сүүлчийн мөхөл буюу 2012.12.21 гэх өвөрмөц өдөртэй ойртон ирээд байна.

Дэлхийн өнцөг булан бүрт энэ мэдээлэл нэг хэсэгт нь айдас, нөгөө хэсэгт нь бизнес, бүр нөгөө хэсэгт нь инээдэм болон түгсээр байна. Саяхан хүчтэй хар салхи дайрч өнгөрсөн Филлипин улсад аль хэдийнэ дэлхий сөнөх гэж байгаа тухай мэдээлэл “үнэн” болж хувирсан. Тус улсын шашин номын газрууд өдөр бүр ном хурж байна. Нас барсан 1000 хүнийхээ араас мөн ийм хэмжээний цэцгийн эрхийг гол мөрөндөө урсгажээ. Харин Хятад улсад байдал арай л өөрөөр үргэлжилж байна. Дэлхийн мөхлийн тухай мэдээлэл тараасан хүмүүсийг ээлж дараагаар нь баривчилж эхлэв. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 200 гаруй хүнийг баривчилжээ. Чинхай болон Фужиан мужид 71 хүнийг албадан саатуулаад байна. “Синхуа” агентлагын мэдээлж буйгаар 2012.12.21 гэсэн тоог бичсэн зурагт хуудас, зарлалын самбар, элдэв төрлийн материалууд, ном, хэвлэл зэргийг хураах, устгах ажлыг нийт орон даяар зарлажээ. Хэрвээ энэ тоог ямар нэгэн байдлаар хэвлэсэн л байх юм бол өөр зориулалтаар ашигласнаас үл хамааран өчиггүй хурааж авах аж.

Харин хөгжингүй орнууд энэ талаарх мэдээлэлд төдийлөн анхаарал хандуулахгүй байх шиг. Ямар ч гэсэн цахим ертөнцөд сүүлийн долоон хоногийн хамгийн халуухан сэдэв нь мөхлийн өдөр болоод байгаа юм. YouTube болоод Facebook, Twitter хуудсанд ч энэ мэдээлэл “од” болоод байна.

2012.12.21 БУЮУ ЦАГ ХУГАЦААНЫ ТӨГСГӨЛ

Мөхлийн тухай энэ бүх яриа Маяачуудаас эхтэй. 2000 он гарч шинэ зуун, шинэ эрин эхэллээ гэж шуугилдаж байсан тэр цаг үетэй зэрэгцэн нэгэн мэдээлэл гарсан нь “Маяагийн цаг тооны бичиг”. Манай эринээс 2000 жилийн өмнө Юкатаны хойгт цэцэглэж байсан энэ үндэстэн цаг хугацааг нарийн  хөтөлдөг байсан нь нар болон сарны пирамидуудаас нь тодорхой харагддаг. Тэд 5125 жил үргэлжилсэн урт хугацааны хуанлиг зохион бүтээжээ. Бичиг үсэг үүсэхээс хэдэн мянган жилийн өмнөх үед шүү дээ. Тэдний одон орны судлал одоо ч зарим эрдэмтдийн гайхашралыг төрүүлдэг. Гайхашрал үүгээр дуусахгүй. Тэд орчин цагийн григорианы тоололтой тун төстэй календарь хөтөлдөг байжээ. Хааб буюу нэг жил нь 260 өдөртэй бөгөөд 20 сартай. Сар бүр нь 13 өдөртэй байжээ. Тэднийхээр нэг зуун 52 жилтэй. Өөрөөр хэлбэл, 52 жилийг тэд нэг бактун гэж тоолдог байсан аж. Гэхдээ яагаад ч юм бэ тэдний хуанли 5125 жил үргэлжлээд дуусчихаж. Ингэж он цаг дуусахыг тэд ертөнцийн төгсгөл хэмээн пирамидын хананд зураглан үзүүлсэн нь малталтаар олдсон юм. Чухамдаа тэрхүү төгсгөл ирэх өдрийг орчин үеийн тооцооллоор махчлан буулгаваас 2012 оны арванхоёрдугаар сарын 21-23 болж байгаа аж.

2002-2005 оны хооронд энэ яриа эрчимжиж, зөвхөн энэ сэдвээр дагнан бичдэг элдэв янзын блогууд үгээр хэлэхийн аргагүй олширчээ. Яг үүн дээр National Geographic болон Discovery зэрэг шинжлэх ухааны баримтат кино голчлон үзүүлдэг сувгуудаар энэ талаар цацаж эхэлсэн нь “дайран дээр давс” гэгч болсон гэхэд хилсдэхгүй.

Яриа газар авахаас  бүр өмнөх үе рүү очицгооё. 1701 онд Popol Vuh буюу “Нийтийн ном” хэмээх бүтээлд анх удаа Маяачуудын цаг хугацааны цаг тооны бичгийн тухай дурьдаж, анхны тооцооллыг гаргаж байжээ. Тэр үед дэлхийн төгсгөлийг 3340 он гэж таамаглаж байлаа. Харин 20 дугаар зууны эхний жилүүдэд Юкатаны хойгоос олдсон нууцлаг газрыг эрчимтэй судалж, чухам тэр цаг үед л энэхүү цаг тооны бичгийн учрыг тайлсан билээ. Тухайн үедээ 3114 оны арваннэгдүгээр сарын 11-13-ний хооронд дэлхий сөнөнө гэж таамаглаж, үүнийг ихэнх эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байх тэр үед буюу 1950 онд нэгэн эрдэмтэн тэс ондоо тооцоолол гаргаж ирэв. Маяачуудын соёл, зан заншил, түүхийг судалдаг эрдэмтэн Мауд Ворчестер Макемсон энэхүү шуугиант нээлтийг хийжээ. Түүний тооцооллоор маяачуудын тооллын 13.0.0.0.0 гэдэг нь 13 дахь бактун эхлэх тэр он бөгөөд 2012 оны арванхоёрдугаар сарын 21-23-нд энэ өдөр таарсан гэж үзсэн байна. Тухайн үедээ тэрээр энэхүү “нээлт”-ээрээ хэвлэлийн баатар болж байв. Харин 1966 онд гарсан “Маяа” гэх бүтээлдээ зохиолч Майкл Д.Ко “13 дахь бактун нь яах аргагүй 2012 оны арванхоёрдугаар сард таарч байгаа. Гэхдээ энэ үед юу болохыг тааварлахын аргагүй. Маяачуудын хот балгадын тууринаас харвал энэ өдөр аянга цахилгаан, галт уул дэлбэрэх, газар хөдлөх, цунами үүсэх зэрэг байгалийн үзэгдлүүд нэг дор болохоор байгаа. Бидний тооцооллоор шүү дээ” гэж бичжээ. 1990 онд 2012 оны мөхлийн үзэгдлийн яриа, хөөрөө олширч эхлэв. Майкл Когийн үзлийг дагагчид түүний зохиолыг “Библи” мэт хүндлэх болсон юм. Түүний үзлийг баяжуулсан хүн бол одон оронч Марк фан Стөүн. Тэрээр маяа судлалаар дагнах болсноос хойш одон орны бүх байрлалыг маяатай холбон судалдаг болсон байна. “Ацтек, эсвэл Маяачуудын цаг хугацаа тоолох аргачлал нь нэг. Тэд одон орон, байгалийн юмс үзэгдлийг дэндүү сайн мэддэг байсан. Математик, геометрийн зарим арга, элементүүд ч энэ үндэстнүүдэд бий. Гэтэл энэ цаг үед Европ тивд хүмүүс хагас зэрлэгээрээ л байлаа шүү дээ. 13 дахь бактун эхлэхэд ямар нэгэн юм болно гэдгийг тэд мэддэг байсан. Угтаа тэдний үед ч ийм үзэгдэл болсон болохоор тэд ийм тодорхой бичсэн байж магадгүй” гэж  1995 онд ярьж байсан удаатай. Энэ мэтчилэн түүний үзэл дээр илүү өөр санаа, оноог хэлэлцсэн маш олон эрдэмтэн төрөн гарсан билээ. Гэхдээ чухам яагаад 2012.12.21 гэж.

ЯАГААД 2012.12.21 ГЭЖ? И ЧЕН ГЭЖ ЮУ ВЭ?

Үүнийг хэн ч тогтоогоогүй. Арифметик тооцооллоор арванхоёрдугаар сарын 21-23-ны хооронд 13 дахь бактун таарч байгаа. Гэхдээ олон нийтэд хүрэх, тооны давхцал, дээрээс нь НАСА-гаас зарласан Сүүн зам дээр бүх гариг давхцана гэсэн мэдээлэлтэй тааруулж 2012.12.21 гэсэн өдрийг сонгосон байж магадгүй. Мөн Хятадын эртний тоолол И Чен хамааралтай ч байж болох юм. И Ченийг /Та бүхэн И Чений дөрвөн тэмдэгтийг Өмнөд Солонгос улсын төрийн далбаанаас харж болно/ хөрвүүлбэл “Өөрчлөлтийг өгүүлсэн ном” юм. Энэхүү ном нь 9000 жилийн өмнөөс Хятадын газар нутагт тархжээ. Хятадын домогт гардагчлан, эзэн хаан Фү Ши дагалдагчиддаа хандан ирээдүйг яг таг тооцоолж болохуйц, ойлгомжтой тоолол бүтээ гэсэн зарлиг буулган энэ номыг бүтээлгэжээ. Нийтдээ 64 ширхэг боломжит тэмдэгт байх бөгөөд гурван зоос татаж энэхүү тооцооллыг үйлддэг аж.

Энэ санааг орчин үед тууштай хөгжүүлсэн хүн нь  АНУ-ын одон оронч, философч, судлаач Терренс Маккена. И Чен бүтээгдсэнээс хойш 5000 гаруй жилийн дараа ийнхүү дэлхийд бестселлэр болсон нэгэн бүтээл туурвижээ. Энэ нь И Ченийг дэлхийд дахин гаргаж ирсэн гэхэд болно.  Түүний тооцоолол шуугиан тарьж бүх л эрдэмтдийн үзэн ядсан тооцооллоо 1990-ээд оны сүүлээс гаргаж эхлэв. Тэрээр боломжит 64 тэмдэгтийг тооцоололд оруулж дэлхийн ирээдүйг зурагласан байна. Маккена таван хэвтээ шугмийг 64 босоо шугамд хуваан, өөрийн тооцооллыг зоос татдаг аргад шилжүүлэн, арифметик тооцооллоор боджээ. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн он цагийн дарааллыг 4000 жилийг тооцоолон гаргаж чадсан байна. Түүний тооцоолол зарим нэгэн зүйлтэй таарч байлаа. Жишээлбэл МЭ-ний 500 онд Ромын эзэнт гүрэн мөхөв. МЭ-ний 1500 онд шинэ тивийг нээв. Харин 2000 дахь жилийн өмнөхөн дэлхийн томоохон хоёр дайн өрнөсөн юм. Түүний тооцооллоор боломжит 64 тэмдэгтэд хуваан байршуулсан тоонууд 2012.12.21-ний өдөр яг таг таарч дуусчээ. 

Тухайн үедээ энэ мэдээлэл нь эрчимтэй түгэн, дэлгэрч байсан ч түүний тооцооллыг хэтэрхий нэг талыг барьсан, арифметикийн ямар ч тооцоололд үндэслээгүй гэж шүүмжлэх хүмүүс захаасаа аваад гарч байв. Тэгээд ч шинэ зуунтай учрахад ямар нэгэн гамшиг тохиолдоно гэж итгэсэн хүмүүс өнөөдрийн буюу 2012 оныг бодоход бэлэн байсан билээ. Түүнийг 2000 онд нас барахад үзлийг нь тоох, сонирхох хүн бараг үгүй болсон юм.

МӨХЛИЙН ӨДӨР ДАХИН ИРЭВ

2005 оноос дэлхийн бүх хэвлэлүүд энэ талаар шуугиж эхлэв. Хамгийн анх National Geographic суваг дэлхийн томоохон таван эрдэмтнийг оролцуулан баримтат кино хийсэн билээ. Энэ киноны гол сэдэв нь дэлхийн мөхлийн тухай биш тив шилжих хөдөлгөөн, туйл солигдох үзэгдэл зэргийг оруулж өгсөн нь үнэмшилтэй болж олон нийт энэ талаар шуугиж эхлэв. Үүний дараа Discovery Channel, History Channel ч өөр, өөрийн киног бүтээсэн билээ. Олон нийтийн сэтгэл санаа нэг тал руу хэлбийж эхэллээ. Шинэ мянгантай золгоход айж байсан хүмүүс 2012.12.21-ээс эмээж эхлэв. Үүдэн гарсан хариу үйлдлүүд тун сонирхолтой. 2007 онд АНУ-ын сансар судлалын NASA агентлаг хоёр сарын дотор 5000 асуулттай гарын авлага гарган, дэлхий сөнөхгүй гэдгийг олон нийтэд тайлбарлах гэж оролдов. Гэтэл байдал бүр ч эсрэгээрээ эргэсэн юм. 2008 оноос NASA-д хандах иргэдийн тоо 50 хувиар өсчээ. Өмнө нь 51 дүгээр бүсийн тухай шуугиж байхад NASA руу залгах хүмүүсийн тоо 60 хувиар өсч байсан гэдэг. Харин одоо бол өөр. Мөхлийн өдрийн тухай асуултад хариулахын тулд  мэдээллийн албанд ажиллах хүмүүсийн орон тоог ч 20 гаруй хувиар нэмжээ.

2012 оны тавдугаар сард NASA-ийн судалгааны төвийнхөн анх удаагаа дэлхийн 21 орныг хамарсан судалгаа явууллаа. Энэ нь дэлхий сөнөх эсэхэд итгэлтэй байгаа хүмүүсийн тоог гаргах зорилготой байжээ. Гэтэл АНУ-ын иргэдийн 12 хувь нь, Орос, Турк, Япон, Солонгос улсын иргэдийн 13 хувь нь итгэлтэй байгаа нь дүн гарчээ. Энэ судалгаанд хамгийн өндөр үзүүлэлтэй гарсан улс нь Хятад. Тус улсын иргэдийн 20 хувь нь энэ өдөр дэлхий сөнөнө гэдэгт итгэлтэй байжээ.

Сүйрлээс айсандаа бүхэл бүтэн тосгоноороо ууланд амьдарч байгаа тохиолдол ч бүртгэгдсэн гэвэл та итгэх үү? Энэ тосгон Францад байх бөгөөд Бугара гэж нэрлэдэг. Энэ жижиг тосгоны иргэд сүйрэлд өртөхгүй гэж итгэсээр ирсэн Бугара уулын оройн хэсэгт сууц барин суурьшиж эхэлжээ. Мөн эртний агуй, сонин хэлбэртэй хад асга ихтэй тул нутгийн иргэд үүнийг харийнхантай холбогдох газар ч гэж хүндэтгэдэг. Нийтдээ 189 хүн амтай энэ жижиг тосгон одоо болтол тэр ууландаа бий.  Энэ мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш тосгонд ирэх жуулчдын тоо маш их нэмэгдсэн гэхэд болно. Жил болгон нэг сая гаруй жуулчин энэ жижиг тосгонд ирдэг. Харин арванхоёрдугаар сар гарснаас хойш энэ тосгон жуулчдын ачааллыг даахаа больжээ. Францын Засгийн газрын зүгээс Бугара уул орчимд ажиллах цагдаагийн тоог 100-аар нэмэх шийдвэр гаргасан юм.

Туркийн Сирице тосгон ч жуулчдын хөлд дарагдаад байна. Жэк Нобел гэх зохиолчийн номонд гарснаас бүх юм үүдэлтэй. 1999 онд худалдаанд гарч байсан “Мөхлийн өдөр” нэртэй номонд Сирице тосгонд амьд үлдэгсэд үлдсэн байх бөгөөд дэлхийн шинэ цаг тооллыг эхлүүлж байгаагаар гардаг ажээ. Энэхүү тосгон 2010 оноос хойш жил бүр 100 мянга гаруй хүнийг хүлээж авдаг болсон гэх албан бус тооцоо бий.

ОХУ-д байдал үүнээс тэс ондоо. Гэхдээ жуулчдыг татах уул, агуй сэлт тэдэнд байхгүй. Харин 2012 оны арваннэгдүгээр сараас хойш Москва хотод лаа болон шүдэнз, дулаан хувцас, байшингийн дулаалга, цасны хучлага, ус нэвтэрдэггүй хувцас, хэрэглэлийг худалдан авах хүмүүсийн тоо олширсон тухай Итар-Тасс мэдээлжээ. Мөн ОХУ-ын онцгой байдлын газрынхан 2012 оны арванхоёрдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хүн хүчнийхээ тоог нэмсэн байна.

Харин Хятад улсад энэ байдалтай албадлагын аргаар тэмцэж байна. Мөхлийн өдрийн тухай дурьдсан ном, сонин, сэтгүүл, кино, зурагт хуудас, хувцас зэргийг хурааж, энэ талаар цуурхал дэгдээсэн 200 гаруй хүнийг албадан саатуулсан гэдгийг “Синхуа” агентлаг мэдээлсэн юм.

Өмнөд Америкийн Бразилид ч мөхлийн өдөрт бэлтгэх ажил 2012 оны аравдугаар сараас эхэлжээ. Сао Франчиско де Паула, Рио Гранде до Сул зэрэг хотод ус болон хүнсний бүтээгдэхүүний эрэлт өмнөх жилүүдийнхээс ихэссэн бөгөөд Рио Гранде до Сул мужид хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүссэн байна. Мөн Соржиньёо хотын  Мато Гроссо до Сул дүүргийн томоохон зочид буудлууд арванхоёрдугаар сарын 21-нээс хойшхи бүх захиалгаа цуцалжээ. Эдгээрээс хамгийн аймшигтай үйл явдал Тересина хотод өнгөрөгч аравдугаар сарын 11-ний өдөр гарчээ. Шашны томоохон байгууллагын мөргөл болж байх үеэр Гэгээн эх дагины сүмийн оройгоос 80 гаруй хүн үсэрч амиа хорлох гэжээ. Үүнийг тус хотын нэгэн иргэн фейсбүүк хуудсандаа бичжээ.

Ватикан хотын папын дэргэдэх одон орны зөвлөлийн гишүүн Хосе Фунес 2012 онд олон орныг хамарсан аймшигт сүйрэл болох тухай L"Osservatore Romano сонинд нийтэлсэн нь нэлээд шуугиан дэгдээсэн юм. Харин Аргентин улсын Кордоба хотод амиа хорлох хэрэг олширчээ. Ар гэрийнхэндээ үлдээсэн ил захидалдаа “дэлхий сөнөхөөс өмнө” гэсэн үгсийг үлдээсэн 10 гаруй хэрэг гарсан байна.

Өнөөдөр маяачуудын тооцооллоор календарийн сүүлийн өдөр. Гэхдээ бид нэг л зүйл санах хэрэгтэй. Түүхийн ямар ч үед дэлхий сөнөх тухай айдас байсаар ирсэн. Цаашид “айсаар” л байна байх. Хүн төрөлхтөн оршин байгаа цагт энэ айдас оршин тогтносоор байх нь мэдээж билээ. Басхүү айдсыг үргээсээр, амьдрал үргэлжилсээр байгаа билээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж