Зургаан хүзүүвчтэй онгоцны буудал барина

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Зургаан хүзүүвчтэй онгоцны буудал барина

Монгол Улс шинэ нисэх буудалтай болох талаар олон жил яригдаж, өнгөрсөн хавар шавыг нь тавьснаас хойш чимээ алдарсан. Тиймээс шинэ нисэх буудлын ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Шинэ нисэх буудал барих төслийн захирал Н.Энхбаттай ярилцлаа.

-Хурдан шинэ нисэх буудалтай болох хүлээлт их байна. Монголчууд хэзээ шинэ нисэх буудалтай болох бол? Төслийн ажлын талаар танилцуулахгүй юу?

-Бид онгоцны буудал гэхээр зөвхөн терминал буюу зорчигч үйлчилгээний барилгаа л яриад байна л даа. Энэ бол дан барилга биш агаарын хөлөгт үйлчлэх иж бүрэн цогцолборын тухай асуудал юм. Үүний дотор агаарын хөлгийг цаг уурын ямар ч нөхцөлд аюулгүй буулгах зурвас хамгийн чухал. Бид эхлээд ямар зурвастай байна, түүнээ түшиглэн хөгжих нисэх буудлаа барих ёстой.  Яагаад Чингис хаан нисэх буудлыг сайжруулахгүйгээр нийслэлээс урагш 50 км-т шинэ нисэх буудал барих болсон бэ гэхээр Буянт-Ухаа буй нисэх зурвас маань зөвхөн нэг л талаас онгоц хүлээж авч, хөөргөдөг. Өөрөөр хэлбэл, зөвхөн баруун хойноосоо бууж, баруун хойшоогоо нисдэг нэг чиглэлийн буулт, суулттай зурвас. Хоёр талаас нь бууж хөөрдөг болгох талаар 1993 оноос хойш Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилттэй мэргэжилтнүүд Буянт-Ухаагийн зурвасыг судалсан байдаг. Манай нисэх буудал урд талдаа өндөр уулан саадтай. Энэ саадыг үгүй болгоё гэвэл уулаа тайрах хэрэгтэй болоод байдаг. Энэ байдлаасаа болоод Чингис хаан нисэх буудлын нисэх зурвасын ашиглалт 73 хувьтай, олон улсын стандартад бол 95 хувь байдаг.

Тиймээс дотоод, гадаадын олон удаагийн судалгааны баг ажилласны үндсэн дээр Улаанбаатарт ойр, хоёр талтай зурвас байгуулах хамгийн тохиромжтой байрлал ньТөв аймгийн Хөшгийн хөндий гэдэг газар юм гэж дүгнэлт гаргасан байдаг.

Ингэж газраа сонгосны дараагаас 2006 оноос санхүүжилт хайж, донор орнуудад хандсан. Тэр үед Монголын эдийн засаг жижиг, онгоцны буудал барих туршлагатай мэргэжилтэн гэвэл бүр хэцүү үе байсан. Харин Японы Засгийн газар манай саналыг нааштай хүлээж авч зээл өгөхийг зөвшөөрсөн. 2006 оны сүүлээр өөрсдийнхөө зардлаар судалгааны баг явуулж онгоцны буудлыг ямар хэмжээний төсвөөр барих судалгаа, техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/-г хийсэн. Тэр үеийн судалгаараар шинэ олон улсын нисэх буудлыг 300 орчим сая ам.доллараар барих боломжтой гэж тооцоолсон. Японы Засгийн газар тодорхой нөхцөлтэй хөнгөлттэй зээлийг санал болгосон. Энэ нь 40 жилийн хугацаатай эхний 10 жил төлбөргүй, жилийн 0.2 хувийн хүүтэй зээл байлаа. Одоо яваад байгаа бондын хүүтэй харьцуулахад хүүгүй гэж болохоор энэ зээлийг олгохдоо мэдээж нөхцөлүүд тавьсан. Энэ нь Японы зөвлөх компани, барилгын гүйцэтгэгчийг энэ ажилд оролцуулах асуудал байлаа. Би хувь хүний хувьд энэ нөхцлийг зөв гэж үздэг. Учир нь манайд иж бүрэн нисэх буудлын төлөвлөлт, барилгын ажлыг гүйцэтгэх хэмжээний туршлага байхгүй, 2-т 100 гаруй нисэх буудалтай Японы мэргэжилтнүүдийн ажлын чанар гэдэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанар гэдэгтэй бүгд санал нийлэх байх.

Ингээд 2008 оны тавдугаар сард зээлийн гэрээ байгуулсан. Зөвлөх компани шалгаран зүраг төслийн ажил 2009 оны 8 сараас эхлэсэн. Ер нь дэлхий нийтийн жишигээр нисэх буудлын төлөвлөлтийг зорчигчийн болон агаарын тээврийн өсөлтөд үндэслэн 10-15 жилээр хийдэг. Энэ талаар Японы мэргэжилтнүүд 2019, 2024 он хүртэлх таамаглалыг гаргаж одоо барих гэж байгаа нисэх буудлын төлөвлөлтийг хийсэн. 2011 онд зөвлөх компани зураг төслийн ажлаа хийж дуусгасан. Яг одоо бол барилгын ажлын гүйцэтгэгчээ шалгаруулах тендерийн үйл ажиллагаа явагдаж байна даа.

-Зээлийн гэрээ хийснээс хойш бүтэн дөрвөн жил өнгөрч. Төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч явна уу, эсвэл ингэж удаан хийгддэг зураг төсөл юм уу?

-Зураг төслийг хүмүүс яагаад тэгж их удсан, явдаггүй төсөл юм байна гэж ярьдаг. Төлөвлөлтийн үе шатанд бид япончуудтай ойлголцолгүй тав орчим сарыг алдсан тал бий. Бид нилээн алсыг харсан том барилга барих гээд байдаг, япончууд бол анх тохирсон төсөв, хэмжээндээ барих гээд байдгаас үүссэн гэж хэлэхэд болно. Эцэст нь бид ирээдүйд өргөтгөх боломжтой санаандаа хүрсэн хэмжээний хувилбар дээр тохиролцож чадсан. Нисэх зурвасаас эхлээд бүх барилга байгууламжийг барихад орох элс шороо, хайрга цемент, эрэг боолтоос эхлээд бүх материаллын нарийн тооцоог зураг төслийн хамт  жил хагасын хугацаанд хийж дуусгасан. Үүний дараа барилгын гүйцэтгэгчийн шалгаруулах эхний тендер маань санал ирээгүйн улмаас амжилтгүй болсон. Учир нь Японы том компаниудын хувьд Монголын зах зээл шинэ, сайн мэдэхгүй учраас их болгоомжилж байсан. Нөгөө талаас тендер зарлах үед Японд болсон цунамигийн дараах сэргээн босголтын их ажил эхэлсэн учраас дотооддоо ажил ихтэй гадаадад ажиллах сонирхолгүй байсан гэж би хувьдаа дүгнэдэг. Харин сүүлд зарласан тендерээр хоёр компани оролцож байна. Манай нисэх буудлын төслийг шалгуураараа Япондоо эхний аравт орох барилгын гүйцэтгэгчид л хийж чадна.

-Гүйцэтгэгчийг хэзээ тодруулах вэ?

-Том төсөл болохоор ирүүлсэн зураг төсөл, бичиг баримт судлахад хугацаа шаардлагатай байна. Мөн бид зээлдүүлэгч Японы талтай бас зөвлөлдөх ёстой. Үнэлгээний ажлыг Улаанбаатарт хийж байна.
 
-Японы ямар компаниуд оролцож байгаа юм бол?

-Тендерийн явагдаж буй үе шаттай холбоотойгоор компаниудын нэрсийг одоогоор мэдээлэх боломжгүй байна. Ямар ч байсан ирэх оны хоёрдугаар сард гүйцэтгэгч тодорхой болно. Тэгээд дөрөвдүгээр сард Хөшигийн хөндийд их бүтээн байгуулалтын барилгын ажил, хөрс хуулалтаа эхлэнэ. Барилгын гүйцэтгэгч 2016 оны  аравдугаар сард нисэх буудлыг ашиглалтад оруулах ёстой. Бид гэрээгээ хоёрдугаар сард багтааж хийгээд, дөрөвдүгээр сард багтааж барилгын ажлыг нь эхлүүлэхээ хичээн ажиллаж байна. Манайд дулааны улиралд барилгын ажил явагддаг тул хугацаандаа эхлэхгүй бол ганц хоёр сарын хоцролт цаашидаа жил хоёр жилээр ч сунжруулж болох эрсдэлтэй. Энэ явцад янз бүрийн саад, давагдашгүй хүчин зүйлүүд бүү гараасай л гэж залбирч байна.

-Барилгын гүйцэтгэгч компани хэдэн сая ам.доллараар нисэх буудал барих төсөвтэй юм бол?

-Бид үнийн саналыг хараахан нээгээгүй байна. Хамгийн гол нь 2006 онд, тэр үеийн ханшаар шинэ нисэх буудал барих төсөвийг гаргаж зээл авсан. Үүнээс хойш юмны үнэ ямар их өссөн билээ, бид бүгд мэднэ. Тэгэхээр анх гаргасан тооцооноос барилгын өртөг нэмэгдэж магадгүй байгаа. Гэхдээ Японы Засгийн газар энэ тухай сайн мэдээлэлтэй байгаа болохоор үнэхээр хэрэгтэй гэж үзвэл нэмж санхүүжилт олгох боломжтой гэсэн байр суурийг албан бусаар илэрхийлж байгаа. Японы тал Япон-Монголын найрамдлын билэг тэмдэг болох япон стандартын чанартай онгоцны буудал Монголд сүндэрлээсэй гэж хүсэж байгаа юм билээ.

-Шинэ нисэх онгоцны буудал одоогийнхоос хэр том нисэх буудал болох вэ?
  
-Нэг сая  300 мянга гаруй хүнд үйлчлэх үйлчлэх хүчин чадалтай онгоцны буудал барих гэж байна гэсэн буруу мэдээлэл Эдийн засгийн байнгын хороон дээр яригдсанаас болж улс төрийн хүрээнд болон олон нийтэд буруу ойлголт яваад байх шиг санагдаад байгаа юм. Чингис хаан нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчийн тоо энэ жил нэг  сая хүрэх гэж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 31-ны байдлаар 930 мянга зорчигч үйлчлүүлсэн байсан.

Япончуудын 2006 онд гаргасан судалгаагаар 2019 онд зорчигчийн тоо нэг сая 650 мянга, 2024 онд хоёр сая 300 хүрнэ гэдэг тооцоонд үндэслэж буудал барих болсон. Мэдээж энэ тоонуудыг 2006 онд тэр үеийн эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдхүүний өсөлтөд тулгуурлаж гаргасан учраас шинэчлэх шаардлагатай. Бид өөрсдөө Монголын эдийн засагчидтай хамтарч, зорчигчийн тоог шинээр тооцоолон гаргасан. Бидний тооцоогоор 2016 онд нэг сая 500 мянга, 2019 он гэхэд хоёр сая 700 мянга, 2024 онд гурван сая 400 мянга, 2029 онд 4 сая 100 мянга, 2032 онд 4 сая 800 хүрнэ гэж тооцоолсон. 

Бид төслөө хоёр үе шатанд хуваасан. Эхний шатанд 2016 онд ашиглалтанд орох  шинэ нисэх буудал маань зургаан хүзүүвчтэй гурван сая хүнд үйлчлэхээр төлөвлөгдсөн бөгөөд зорчигчийн тоо өсөх юм бол буудлаа томруулах хоёрдугаар шатандаа шилжинэ. Дээр дурьдсан таамаглалаар бид 2020 он гэхэд гурван сая зорчигчид үйлчлэхээр буудлын барилгаа өргөтгөж эхлэх бөгөөд үе шаттайгаар 20 хүртэлх хүзүүвчтэй болгох боломжтойгоор төлөвлөсөн.  20 хүзүүвчтэй нисэх буудал гэдэг бол жилд 12 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай гэсэн үг.

-Зургаан хүзүүвчтэй, нэг нисэх зурвастай нисэх буудал хэдэн онгоц зэрэг хөөргөж буулгаж болно гэсэн үг юм бол?

-Энэ бол цэвэр менежментийн асуудал.  Жишээлбэл, Японы Нарита хэдэн жилийн өмнөхөн нэг л зурвастай байсан. Саяхнаас л хоёр зурвастай болсон. Нарита нэг зурвастай байхдаа жилд 60 сая хүнд үйлчилж байсан. Цаг агаар тааламжтай, уулын саадгүй нөхцөлд бол зурвас зорчигчийн тоонд ямар ч асуудал гаргахгүй. Зарим хүн Чингис хаан буудлын өдрийн амьдралыг мэдэхгүй байх л даа. Авиа компаниудтэй тохирсон гадагшаа нисэх “цонх” өглөө Улаанбаатараас нисэхээс өөр аргагүй байж таардаг. Ер нь бол жижиг орны нислэгүүд бусад улсын онгоцны буудалд таатай цаг авч чаддаггүй. Өглөө ачаалдаг Чингис хаан өдөр нь хоосон байдаг. Өглөө явсан онгоцууд орой буцаж ирдэг болохоор дахиад хөл хөдөлгөөнтэй болдог. Бусад онгоцны буудлуудтай цагаа зохицуулж, цагуудыг өдрийн цагт шилжүүлж чадвал одоогийн Чингис буудлаас ч ачаалалгүй ажиллах боломж байна. Гол асуудал нь зурвасын л асуудал юм.

-Хөшигийн хөндийн хотоос нэлээд зайтай энэ хооронд ямар дэд бүтцийн шийдэл байх вэ?

-Улаанбаатар хотын төв цэгээс 54 км, Чингис хаан нисэх буудлаас 17 км-ийн зайтай. 54-өөс 17 км-ийг нь замыг нийслэлийн төсвөөр шийдэж барьж байна, нисэхийн товчоо хүртэлх явах зургаан эгнээтэй зам шүү дээ. Үлдсэнийг Монголын талын санхүүжилтээр барина. Ер нь Монголын тал зам, цахилгаан, интернетийн шилэн кабелийг татах ажлыг хариуцаж байгаа. Үлдсэн замыг нь концессын гэрээгээр барих ёстой. Урьд нь хоёр удаа тендер зарлаад амжилттай болоогүй, гэхдээ үүнийг Засгийн газар удахгүй шийдэх байх. Эрчим хүчний хувьд онгоцны буудал онцгой обьект учраас бие даасан хоёр талын эх үүсвэртэй байх ёстой. Налайх, Сонгинод баригдах шинэ цахилгаан станцаас 110 киловатын шугамаар цахилгаан нийлүүлнэ. Налайхаас энэ жилдээ багтааж цахилгааны шугамыг бариад дуусна. Сонгино талыг нь ирэх жилд багтааж барина. Шилэн кабелийн гүйцэтгэгч шалгарсан. Замаа барих юм бол Монголын талын хүлээсэн үүрэг биелж дуусна гэсэн үг.

-Энэ хооронд автобус эсвэл метро байх уу?

-Улаанбаатарын дундуур явж байгаа төмөр замын ачаа тээврийг хотоос гаргаад оронд нь зорчигч тээврээ оруулна гэж төлөвлөөд байгаа. Шинэ төмөр замын төслөөр ачааны вагонуудыг салгаад хотын урдуур явдаг болгоно. Энэ төмөр зам нь Шинэ нисэх буудлын хажуугаар өнгөрөх юм. Сонгино хүртэл төмөр замаар яваад, хот руу авто замаар явж хүрэх боломжтой болно. 

Мөн шинэ нисэх буудал маань дагуул хоттой болох юм. Нисэх буудал ашиглалтад орохоор 3000 хүн ажиллана. 3000 хүн тэнд байнгын ажилтай болоход тэднийг дагаад гэр бүлийнхэн нь гээд дор хаяж 10 мянган хүн амьдрах хот үүснэ. Тэднийг дагасан хотын орчин үүсэж, орон сууц, үйлдвэр үйлчилгээний газрууд нээгдэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар 100 мянган хүн амьдрах дагуул хотын зураг төсөлийг  батлаад байна. Ингэснээр нийслэл хот маань дөрвөн уулын дундаасаа гарч урагшаа барилгажилтаар тэлэх боломж нээгдэж байна гэж би их баяртай байдаг даа.  

-Цаг зав гаргасанд баярлалаа, танд амжилт хүсье.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж