Д.Арвин намаасаа гарсан нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Д.Арвин намаасаа гарсан нь зөв үү?

УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөр Ардчилсан намын гишүүний батламжаа гардан авсан нь шуугиан тарьсан.  Олон хоногийн өмнөөс Д.Арвин МАН-аас гарч АН, МАХН-ын аль нэгэнд элсэх болсон талаар яриа дэгдсэн ч албан ёсоор баталгаажуулаагүй байсан юм. Харин өчигдөр Д.Арвин АН-ын батлахаа авснаар асуудлыг шийдвэрлэсэн. Ингээд Д.Арвин намаа сольсон талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

Ө.Энхтүвшин: Д.Арвинд  МАН хэрэггүй болж

-Д.Арвин гишүүн МАН-аас гарлаа. Та үүнд ямар суурьтай байна вэ?

-МАН-аас сонгуульд нэр дэвшигч нь Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг тууштай дэмжих болно гэж батламж дээр гарын үсэг зурдаг. Үүнийгээ мартаж байгаа бололтой. Уг нь МАН энэ хүнийг олон удаа нэр дэвшүүлж сонгосон. Олонх болж байсан үед энэ хүнд нам хэрэгтэй байсан юм шиг байна. МАН цөөнх болсон энэ цаг үедД.Арвинд  нам нь хэрэггүй болж, Ардчилсан нам хэрэгтэй болсон юм шиг байна гэж дүгнэж байгаа.  Олон удаа түүнд санал өгсөн, тухайлбал хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн сонгогчдоос уучлалт хүсч байна. Намын зүгээс ийм хүнийг нэр дэвшүүлж байсандаа ард түмнээсээ уучлалт хүсч байна

-МАН-ын зүгээс Д.Арвин гишүүнийг багагүй гомдоож байсан юм биш үү?

-Хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүст гомдоод намаа хаядаг бол хамгийн зарчимгүй асуудал.

-МАН-ын бүлэг Д.Арвин гишүүнээр дутах уу?

-За яахав дээ. Тэртээ, тэргүй цөөнх байгаа шүү дээ.
 

Х.Баттулга: МАН татан буугдах хэрэгтэй

-Танай нам нэг гишүүнээр бүл нэмлээ. Гэхдээ сөрөг хүчнээс орж ирж байгааг та юу гэж харж байна вэ?

-Ирж яваа цагаа харж байна. 2008 оны долдугаар сарын 1-нд энэ МАН-ын мэдрэмж, удирдлагуудж байхгүй болсон. Иргэд намын  байр луу яагаад дайрсан, үүнээс л удирдлагууд нь харах хэрэгтэй байсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрсдийн шатсан байраа та бидний, ард түмний татварын мөнгө буюу улсын төсвөөс 13 тэрбум төгрөг гаргаж бариулсан. Нам гэдэг зүйлээс хүмүүс татгалзаж байгааг удирдлагууд нь ойлгохгүй байсан. Д.Арвин гишүүн үүнийг мэдэрсэн.

-Ардчилсан намд нэг суудал хэр үнэ цэнэтэй вэ?

-Үзэл бодлоо илэрхийлээд ороод ирсэн байна. Одоо энэ цаг нь болсон намыг татан буулгах хэрэгтэй шүү дээ. Залуус мэдрэх хэрэгтэй. Д.Арвин маш олон залууст үлгэр дууриал үзүүллээ гэж бодож байна.

Н.Энхболд: Намаасаа гарах талаар мэдэгдээгүй байна

-Д.Арвин гишүүн намаасаа гарсныг та юу гэж үзэж байна вэ?

-Д.Арвин гишүүн одоо болтол намын удирдлага болон гишүүдтэйгээ уулзаагүй, албан ёсоор хэлээгүй байна. Ер нь бол УИХ-ын сонгуулиас өмнө намаас гарах талаараа шийдсэн байсан юм билээ. Өөрийнх нь өгсөн ярилцлагаас харахад Ардчилсан намд Д.Арвин хэрэгтэй биш, Д.Арвинд Ардчилсан намд хэрэгтэй байсан юм байна гэж харж байна. Улс төрийн харьцаанд нөлөөлсөн гэхээсээ илүү улс төрийн төлөвшил, хүмүүсийн итгэл үнэмшилд хортой нөлөөтэй үзэгдэл удаа дараалан гарч байна. Нэг удаа ийм зүйл болж байгаа бол өөр, гэтэл олон удаа гарч байгаа нь харамсалтай. Намын дарга байж намаа хаяад өөр намд орж байсан тохиолдол  өмнө нь гарч байсан.  Гэтэл бид үүнээс сургамж авахгүй л байна. Сургамж нь улс төрийн намаасаа илүү иргэдэд хэрэгтэй. Тиймээс сонгогчдын итгэл үнэмшил, сонгох эрхийг хамгаалах хуулийн төсөл хэрэгтэй гэж бодож байна.

-МАН-ынхан Д.Арвин гишүүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь  дэмжээгүй гэсэн гомдлын үгийг хэлж байсан?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Намааасаа нэр дэвшсэн хоёр гишүүний өрсөлдөөд дийлсэн нь гарах ёстой байсан. Намын зүгээс тэрийг нь илүү дэмжинэ шүү гэж ярьсан зүйл байхгүй учраас би ойлгохгүй байна. Тэрийг би шалтгаан гэж харахгүй байна.

-Д.Арвин гишүүн МАН-д шинэчлэл хийгдсэнгүй гэж ярьж байсан. Мөн танай намын залуу гишүүд шинэчлэл хийх хэрэгтэй байна гэсэн яриа гаргаж байгаа?

-Шинэчлэгдэх үйл явц бол мөнхийн процесс байдаг. Аль шатанд шинэчиллээ, шинэчлэгдэхгүй байна гэж ярьж болно. Энэ бол хувь хүмүүсийн байр суурь. Энэ бүгдийн үр дүн нь сонгуулийн  дүнгээр л харагддаг.  Манай нам орон нутгийн сонгуулиар 40 гаруй хувийн санал авч байгаа нь иргэдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн, томоохон нам гэдгийг харуулж байгаа юм.  Мэдээж нам дотор шинэчилж боловсронгуй болгох зүйл байгаа.

Д.Оюунхорол: Хувь хүний сонголт гэж бодож байна

-Д.Арвин гишүүн та хоёр МАН-аас олон жил сонгогдсон хүмүүс. Д.Арвины сонголтыг та юу гэж харж байна вэ?

-Ямар сонголт хийх нь  хувь хүний асуудал юм. Тэр утгаар нь ойлгож байна. Ер нь бол Баянзүрх дүүргийн энэ удаагийн дахин сонгуулийн үр дүнд хэн нь ч гарсан манай намын суудал байсан. МАН-ыг дэмжиж саналаа өгсөн олон мянган сонгогч, дэмжигчдийн санал дэм болсон. Манай намд саналаа өгсөн хүмүүст маш их талархаж байсан. Харамсалтай нь, энэ сонголтыг өөрчилж байгаад харамсч байна. Тиймээс намынхаа өмнөөс олон мянган гишүүдийнхээ өмнөөс энэ сонголтод нь харамсч байна.

З.Баянсэлэнгэ: Намаас намд орох эрх нь нээлттэй

-Д.Арвин гишүүн Ц.Цолмон гишүүн шиг сонголт хийсний та юу гэж харж байна?

-Мэдээж энэ сонголтыг хийхийн тулд маш их зүйлийг бодсон байх.  МАН-ын хувьд гишүүд, дэмжигчдийнхээ үгийг сонсдоггүй, буруу  үйл ажиллагаа явуулж байсан нь Д.Арвин гишүүнээр илэрхийлэгдэж байна. МАН-ын цөөн тооны төлөөлөл гишүүд, дэмжигчдээ сонсдоггүй, намынхаа төлөө гэсэн хүмүүсээ харж ханддаггүйн, цөөхөн хэдэн хүн эрх ашгийн төлөө явсны эсрэг Д.Арвин гишүүн тэмцэж байгаагийн илрэл гэж би харж байна. Энэ нь өөрийнх нь тэмцэл болж байна л гэж харж байна. 

-Шинэ парламентын хоёр ч гишүүн намаа солилоо. Сонгогчдоос нам төлөөлж сонгогдоод өөр намд элсэх нь хэр ёсзүйтэй юм бэ. Үүнийг хууль эрхзүйн хүрээнд зохицуулах шаардлагатай гэж та харж байна уу?

-Хэрвээ хуулийн төсөл санаачилбал, гишүүнээр элссэн намынхаа бүх шийдвэрийг дагах, хууль бус шийдвэртэй  эвлэрэх зүйл гарах байдал ажиглагдана. Нэг намаас нөгөө намд орох нь нээлттэй, тиймээс хуулийн хязгааралалт хийх шаардалагагүй гэж бодож байна.

Б.Батчимэг: Сонголтыг нь хүндэтгэж байна

-МАН-аас нэг эмэгтэй гишүүн АН-д элслээ. Ардчилсан нам УИХ-д олон эмэгтэй төлөөлөлтэй боллоо?

-УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо нэгээр нэмэгдэж  байна. Өөрийнх нь сонголтыг хүндэтгэж байна. Миний ойлгосноор  хэд хэдэн удаагийн сонгуульд намаасаа дэмжлэг авч чадаагүй. Байр сууриа илэн далангүй илэрхийлж байсны хувьд шахалт хавчлаганд өртөж байсан.  УИХ-ын сонгуулийн өмнө байдал хүнд байсан гэсэн хүмүүст байгаа ойлголттой л ижил ойлголттой байгаа. Үзэл бодлын хувьд өөрийгөө илэрхийлэх боломжгүй болоод ийм сонголт хийсэн байх гэж бодож байна. Ардчилсан нам бол чөлөөтэй нам шүү дээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж