Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Хар, цагаан хавар

Москвагийн Новодевичийн оршуулгын газар дахь Хрущевын булшны хөшөө нь
талийгаач Ерөнхий нарийн бичгийн даргын эрс тэс чанарыг харуулсан гэж
ярих нь одоо бүдүүлэг хэрэг. Үнэн хэрэгтээ барималч Энст Неизвестнийн
хөшөө нь сөрөлдөөнт цаг үеийн бэлгэдэл юм.


Нэг талаас сая сая хүмүүс
чөлөөлөгдөж эрх чөлөөтэй боллоо. Анх удаагаа “төмөр хөшгийг” өргөж
барууны ертөнцтэй хийж буй уралдаанаа цэвэр цэргийн зориулалтаас цэрэг,
улстөрийн тавцанд авчирлаа. Оросын тариачид иргэний үнэмлэхтэй болж,
хотын иргэд тусгаар байртай болох эрхтэй боллоо. “Хрущевын дулаарал” 
Зөвлөлтийн соёлын сүүлчийн цэцэглэлт болов. Аксенев, Вознесенский,
Евтушенко, Ахмадулина, Высоцкий, Тарковский, Хуциев, Петров, Данелия
бүгд л дулаарлын хүүхдүүд. Зөвлөлт, түүнийг дагаад бид жааз хөгжимтэй
танилцаж Ремарк, Хемингуэй нарын зохиолтой танилцлаа. Дулаарлыг хамгаас
тод илэрхийлсэн нь “Би Москвагаар алхаж явна” гэсэн киноны гол баатрын
залуугийн гэнэн ирээдүйн итгэл юм.

“Нууц илтгэл” нь өөрөө
Зөвлөлтийн коммунист намын удирдлагын дундах тэмцлийн нэг хэсэг болсон
бөгөөд энэ тэмцэлд Хрущев ялж, Молотов, Каганович, Маленковын бүлэглэл
ялагдлаа. Ер нь бол хорих лагерийн системийн устгал намын ХХ их хурлын
Хрущевын илтгэлээс гурван жилийн өмнө эхэлсэн билээ.

Илтгэлийг
хагас нууц гэж болно. Түүнийг намын байгууллагаараа хэсэгчлэн тараасан
боловч илтгэл өөрөө хагас хориотой, бүрэн бүтэн хэлэгдээгүй хэвээр
үлдсэн юм.

Эцэст нь Москвагийн удирдлага солигдож “дулаарал” гэж
нэрлэгдсэн энэ үед дэлхий хоёр ч удаа Берлиний, Карибийн гэх хямралаар
1960, 1962 онуудад их дайны ирмэгт ирээд байсан билээ. Намын ХХ их
хурлаас хэдхэн сарын дараа Зөвлөлтийн цэргүүд Унгарын ардчилсан бослогыг
дарлаа. Мөн энэ үеэр л Новочеркасск хотод ажилчдын эсэргүүцлийг цус
урсган дарсан юм. Дараа нь шашны эсрэг өргөн компанит ажиллагаа явуулан
хэдэн зуун сүм хийдийг хаан устгалаа. “Дулаарал” зөвлөлтийн системийн
сүйрлийг хойшлуулж чадсан боловч социализмын шинэчлэгдэх найдлагыг
тасалсан гэж болно.

Сталинизмыг буруутгасан Хрущевын хагас дутуу
илтгэл өөрийн ул мөрийг үлдээсэн. Дулаарал заримд нь найдлага өгч
заримд нь цөхрөл авчирсан билээ. Илтгэл юуны түрүүнд коммунист
засаглалын нэгдмэл цул гэх үзэл суртлыг эвдэлсэн юм. Нам нь өөрийн
лидерийн үгээр хүн ба улс төрийн тооцоондоо алдаа гаргаж байсныг хүлээн
зөвшөөрлөө. Зөвлөлтийн системийн онцлог болох намын их хурлын
шийдвэрүүдийн адил ХХ хурал нь Брежневийн “зогсонги” үед ч шинэ сталинч
нарт саад болсоор ирсэн юм. Хоёрдугаарт Сталины үед оршин байсан айдас
бүрэн зайлсан билээ. Тэрсүү үзэлтнүүдийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хорин
хашиж, амиа хорлоход хүргэж байсан ч үй олноор хоморголон устгах
харгислал нэг мөр алга болсон юм. Мөн дээд удирдлагын хүрээнд өөр өөр
үзэл бодол гарч ирэхэд тус болон Зөвлөлтийн дээд хүрээний нэгдлийг 
бутаргах үрийг тарьсан гэж болно. Эцэст нь “Дулаарал” л зөвлөлтийн хүнд
хувь хүн байх эрхийг нь олгосон юм. “Галзуу нохой шиг тэднийг бууд” гэж
хашгирах  шаардлагаас тэднийг чөлөөлсөн билээ.

Зөвлөлт холбоот
улс 1991 онд задрахад үүнээс хэдхэн сарын өмнө нэгдмэл улсын төлөө
байсан хүмүүс цайгаа уугаад л гал тогоондоо мөрөө хавчаад л сууцгааж
байв. Тийм ч учраас коммунист байсан орнуудын өөрчлөлт шинэчлэл бүрэн
төгсөөгүй л байна.

Коммунизмын сүйрлийн үрийг тарьсан ХХ их
хурлын илтгэл хагас зуун жилийн дараа ч хар цагаан өнгөөрөө л харагдаж
байна.

ХРУЩЕВЫН ИЛТГЭЛИЙН ЖИНХЭНЭ НУУЦ

“Гардиан”, Их Британи,
зохиогч
Том Партифф

Тавин таван  жилийн өмнө
Зөв­лөл­тийн лидер Сталиныг шүүмж­лэхээр зүрх­лэв. Гэвч энэ нь зүрх
зориг байв уу эсвэл амиа хайцаалан том т олгой гар­гасан хэрэг үү?

Тэнд
байсан хүмүүсийн ихэнх нь танхимыг эзэмдсэн “ялаа нисэхэд сонсогдох нам
гүмийг” санацгаадаг.

1955 оны хоёрдугаар сарын 25-ны орой байлаа.
Намын ХХ их хурлын төлөөлөгчдийг Төв хорооны сүүлийн хаалттай
хуралдаанд гэнэтхэн цуг­луу­лав. Зөвлөлтийн лидер Никита Хрущев индэрт
гараад ярьж эхлэхэд төлөөлөгчдийн зарим нь ухаан алдан унаж, нөгөө нь
толгойгоо барин цөх­рөн сууцгааж байлаа. Олон ч хүн өөрийн чихэнд
итгээгүй юм.

Урьдчилан сануулсан зүйлгүйгээр Хрущев өөрийн өмнөх
талийгаач Иосиф Сталиныг хилэнтэйгээр дайрч эхлэв. Тус орныг дэлхийн
хоёрдугаар дайныг удирдан туулуулж, гурван жилийн өмнө  нас барсан Их
удирдагч харгис хэрцгий, тогтворгүй зантай хүн байсан гэж Хрущев
илтгэлээ. Тэрээр дөрвөн цагийнхаа илтгэлд Сталиныг нэг хүний дахин
шүтлэгийг бий болгосон  ба өөрийн замд зогссон бүгдийг “хатуугаар
хүчирхийлсэн” хэрэгт буруутгав.

Тавин жилийн өмнө илтгэгдсэн
Хрущевын нууц илтгэл нь Ста­линизмыг хурц тод буруутгасан, да­раа нь
дэлхий даяар тархсан “дулаарал” эцэст нь хэдэн зуун мянган хүнийг
хоморголон хороож, хорих лагерьт илгээсэн оронд аллагийн төгсгөл
авчирсан ийм л зүйл байлаа. Баруунд түүний илтгэлийг улс орныхоо хувь
заяаг өөрчилсөн эр зориг, эрхэм чанрын илэрхийлэл гэж үнэлсэн юм.

Хоёрдугаар
сарын эхээр АНУ-д амьдардаг, Их сургуулийн багш, Хрущевын ач охин Нина
Хрущева өвөөгөө “Сталиныг мангас хэмээн илчилсэн” гэж “Вашингтон пост”
со­ни­ны хуудаснаас магтлаа. Гэвч энэ ойг даруухан чимээгүй тэмдэглэсэн
Орост Хрущевын илтгэл нь өөрийгөө болон намынхаа хамтран зүтгэгчдийг
аврах гэсэн амиа хайцаалсан цэвдэг илтгэл байсан гэдэг шинэ гэрчилгээ
гарсаар байна. Тэр үеийн нууц архи­выг саяхан судалсан Оросын Шинж­лэх
ухааны академийн түүхч Юрий  Жуков “өөрийн гар нь тохойгоо хүр­тэл
цусанд будагдсан тэрээр бүх бурууг Сталинд тохохыг оролдсон” гэж хэлэв.

Түүний
нууц илтгэлд хийж буй дахин үнэлгээ нь ХХ зууны ихэнх хэсэгт өөрсдийн
дарангуйллыг тог­тоон барьж байсан нугарашгүй ком­му­нистуудыг
санагдуулам нэг хүний дэглэм рүү гулсаж байгаа хэмээн Путиныг шүүмжилж
байгаа үетэй давхцаж байна. Ерөнхийлөгч Путины шинэ арга хэмжээнээс
хэв­лэл мэдээлэлд төрийн хяналт тогтоох, сонгогдох захирагч нарыг
томилгооны хүнээр сольж байгаа зэрэг нь олны сэтгэлийг түгшээж байгаа
билээ. Кремль хэдийгээр Сталиныг идэвхтэй сурталчилдаггүй ч
дарангуйлагчийн чансаа нь Хрущевынхаас ямагт илүү байгаа. Сталины
харгислалд хэл­мэгдэгсэд түүний өвийг шүүмжлэхийг уриалж байгаа ч Оросын
улстөрчдөөс хэн ч энэ талаар шүүмжлэх зүрх гар­гахгүй байгаа. Олон
нийтийн санал бодлыг судлах Бүх Оросын төвийн судалгаагаар оросуудын 50
хувь нь  Сталиныг эерэг үүрэгтэй байсан гэж үзжээ. Энэ үзүүлэлт 2003 онд
46 хувьтай байсан юм..

Хрущевын 1956 оны илтгэл өнгөрснөөсөө
салсан хэрэг болсон нь мэдээж. Тэрээр Сталин “намынхаа зарч­мыг ноцтой
гажуудуулж” “ха­туу харгислал” явуулж эхэлсэн гэж шүүмж­лэв. “1937-1938
онуудад Төв хорооны 139 гишүүдээс 98 нь Ста­ли­ны тушаалаар буудуулсан
гэж Хрущев мэдэгдэв.

Их хурлын 1400 гишүүд тэр хэрэг явдлын
талаар дам сонсох нь зайлш­гүй байсан бөгөөд тэдний сэтгэлийн хям­рал нь
Сталины талынхны уур хилэнтэй адил хүчтэй байлаа. “Миний сэтгэгдэл их
сөрөг байсан. Хрущевыг Сталинтай харьцуулахад ноль” гэж тэр үеийн
Төлөвлөгөөний комиссын тэргүүн байсан 94 настай Николай Байбаков ярьж
байв. Илтгэлийг хэ­лэл­­цээгүй ба төлөөлөгчид айдас­тайгаар гэр орондоо
буцацгаав. Олон хүн архиар сэтгэлээ тайлж тэр өд­рүүдэд хоёр төлөөлөгч
нь амиа хорлосон байжээ.

Өөрчлөлт шууд л эхлэв. Хрущевын
илтгэлийг бүрэн эхээр нь 1980 оны сүүлчээр нийтэлсэн боловч тэр үед
ишлэлийг нь намын тушаалтнуудад тарааж хурал цуглаан дээр уншиж байв.
Улс төрийн хоригдлуудыг ца­гаат­ган хэвлэлд харьцангуй эрх чөлөө өгсөн
байлаа. Мөн Франц, АНУ зэрэг орнуудтай харилцаа тогтоож эхэлсэн байна.
Хрущевын улс төрийн сөрөг талынхан зайлуулагдан хаягдсан би­лээ. Сталины
үе үргэлжилж байсан бол тэд бүгд л буудуулах байсан нь мэдээж. Гадаадын
коммунистуудад илтгэлийг тараасан нь дэлхий даяар онцгой сонирхол бий
болгож байв. Францын “Observer” (Үүрийн туяа) сонин 26 мянган үгтэй
бүхэл бүтэн дугаарыг илтгэлд зориулж байлаа.

Хрущев хэдийгээр
эргэж буцашгүй өөрчлөлтийг эхлүүлсэн боловч тэрээр цуст харигслалд
өөрийн үүргийг гүй­цэтгэсэн гэж шинжээчид үзэж бай­на. Зөвхөн сүүлийн
таван жилд Хрущевын оролцооны талаар бүрэн тогтоогдож чадлаа. Хрущев
1938 онд Украины лидер болоод Төв хороонд цахилгаан илгээж 30 мянган
хүнийг буудах ба баривчлах зөвшөөрөл хүсч байсан баримтыг Оросын Шинжлэх
ухааны академийн түүхч Юрий  Жуков олжээ.  Тун удалгүй Украинд
“дай­сагнасан элементүүд” болон сэ­хээтний их цэвэрлэгээ эхэлсэн байна.
Үүнээс нэг жилийн өмнө Хрущев Москвагийн намын босс байхдаа 8,5 мянган
хүнийг буудах бас 33 мянган хүнийг баривчлах зөвшөөрөл хүсч байжээ. “Энэ
бүх  мөрдлөг хавчлага бодит байсан ба Хрущевын тушаалаар хийгдсэн” гэж
Жуков хэллээ.

Залуу орос сэхээтэн Дима Быко­вын яриагаар Хрущев
Сталины дуул­гавартай зарц байсан гэнэ. “Би багш байхдаа Гитлерын үхлийн
дараа нацис­туудын хурал дээр Гиммлер фашизмын эсрэг үг хэлж байгаа
мэ­тээр жишээ татан ХХ их хурлын тухай шавь нартаа ярьдаг байсан” гэж
тэр сонсголоо.

Хрущевын “дулаарлын” хил хязгаар нь илтгэлээс
хойш хэдэн сарын дараа Зөвлөлтийн танкийг Унгарын бослогыг дарахаар
илгээснээр то­дор­хой харагдаж эхэлсэн билээ. Тэ­рээр Александр
Солженицынд хо­рих лагерийн тухай ном хэвлэхийг зөвшөөрсөн мөртлөө
большевик хувьс­галын үр дагаврыг таатай биш харуулсан Борис
Пастарнакийн “Доктор Живаго” гэсэн романыг хэвлэхийг зөвшөөрөхгүй байв.

Өвөөгийнхөө
нэрээр нэрлэгдсэн 48 настай сэтгүүлч Никита Хрущев Зөв­лөлтийн лидер
түүхээс бүтээж байгаа тийм баатар биш гэдгийг хүлээж байна. “Өвөө,
мэдээж харгис­лалд оролцсон. Тооцоо бодох гэсэн хүмүүсийн нэрсийн
жагсаалт дээрээс түүний гарын үсгийг үзэж болно. Архиваас олон баримт ил
гарах нь мэдээжийн хэрэг. Харин тэрээр Ста­линыг илчлэхээр зүрхэлсэн нь
түүний хувийн эр зориг. Жинхэнэ гавъяа. Энэ нь тэрээр өөрийн доторх
Сталинизмыг ялсан хэрэг” гэж ач хүү нь ярилаа.

Залуу сэхээтэн
Быков ч Хрущевыг өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрсөн зүрх зоригтой хүн гэж
нэрлээд  харин системыг бүрэн эвдэхэд нь эр чадал нь хүрээгүй гэв.
“Хрущев хагас дарангуйлагч, хагас либерал хүн, Путин ч тийм. Ялгаа нь
Хрущевын үед урагш явж байсан бол одоо энэ хө­дөлгөөн ухарч байна.
Хрущев эрх чөлөөг санагалзсан бол Путин түү­нийг авслагч” хэмээн энэ
залуу хэлэв.

Эрдэнэ
шишчин Никита

Асар их талбайд эрдэнэ шиш тарих
оролдлого гар­гасных нь төлөө Хрущевыг “эр­дэнэ шиш­чин” гэж голдуу
нэр­лэдэг.

Хрущевын
“Нууц илтгэл” 1956 онд тавигдсан ба дөрвөн цаг үргэлжилсэн юм. Хорин
зур­гаан мянган үгтэй уг илтгэл нь Зөвлөлт холбоот улсад 1989 онд
бүтнээрээ хэвлэгджээ. Илт­гэлд Иосиф Сталин эсрэг талын­хандаа хатуу
цээрлэл үзүүлдэг байсныг бас өөрийн үзэл бодлыг хуваалцахгүй мэт
санагдсан хүн бүрт тэр тогтворгүй ааштай хүн хэрхэн харгисаар ханддаг
байс­ныг өгүүлсэн юм. Илтгэлд Сталин 1923 онд эхнэрийг нь доромжилсонд
дургүйцсэн Вла­димир Ленины захидлын талаар ч яригдсан байна.

Улс төрийн товчооны архивын материалаар
1930-аад оны эцсээр на­мын удирдлагад байхдаа Ни­кита Хрущев 
барагцаалбал 70 орчим мянган хүнийг барьж буудах зөвшөөрөл хүсч байжээ.


ХРУЩЕВЫН ИЛТГЭЛИЙГ
БАРУУНД ХЭРХЭН МЭДСЭН БЭ?

Барууны хэдэн сурвалжлагч нар
Москвагаас Зөвлөлтийн коммунист намын ХХ хурлын ажиллагааг сурвалжилж
байлаа. Тэдний дунд байсан Ройтер агентлагийн сурвалжлагч Жон Ретти
дурсаж байна.

Би Стокгольмд амрахаар 1956 оны гуравдугаар сарын
эхний нэгэн орой Москва дахь байрандаа  чемоданаа бэлтгэж байхад утас
дуугарлаа. Миний Москвагийн танил Костя Орлов утасдсан байв. “Чамайг
явахаас өмнө би уулзах хэ­рэг­тэй байна” гэж тэр хэллээ. Маргааш эрт
хурал болох тул надад уулзах хү­сэл нэг их төрсөнгүй. Тэр жилийн
хоёрдугаар сард арав хоногийн турш ба­руу­­ны хэдэн сурвалжлагч нар ХХ
их хурлын ажиллагааг сурвалжилсан юм. Хурал албан ёсоор хаагдсан тэр
орой ЗХУКН-ын Төв хорооны байрны цонх бүгд гэрэлтэй байсанд бид их
гайхаж байлаа. Хурал дуусан шүү дээ. Энэ үеэр л Хрущев нууц хуралдаан
дээр Сталиныг алуурчин гэж нэрлэсэн дуулиантай илт­гэл тавьсан сураг
ажиг сонсогдож эхлэв. Илтгэл гэнэтийн зүйл болсон ба хур­лын төлөөлөгч
ухаан алдан унаж, зарим нь амиа хорлосон тухай ч ярьцгааж эхлэв.

Гадаадынхан
амьдарч байсан бидний байранд харуул хамгаалалттай ч гэсэн Орлов яаж
ийгээд л манайд ороод ирдэг байсан учир би түүнийг ороод ирэхгүй юу гэж
урив. Барууныханд зөвлөлтийн найзтай байх нь тэр үед их амжилт гэж
тооцогддог байжээ. Харуулыг аргалаад ирдэг болохоор Орловыг КГБ-д
ажилладаг байх гэсэн хардлага ч надад байлаа.

Тэрээр орж
ирэнгүүтээ ямар нэг удиртгалгүйгээр Хрущевын илтгэлийг  ярьж эхлэв.
Мэдээ нь миний хүлээж байснаас хамаагүй дуулиантай байлаа.

Түүний
хэлснээр тэр илтгэлийн тухай намын хурал дээрээс сонссон ба илтгэлийн
ишлэлийг найз нь үзүүлсэн аж. Түүнд итгэж болох уу гэсэн ганц асуудал л
байлаа. Үр дагавар нь миний болон Ройтер агентлагийн хувьд маш чухал
байв. Би өөрийн босс Сидней Вейландад утасдаж түүнтэй шөнө дундын үед
уулзахаар болов. Тусгай албаны чагнах хэрэгслээс болгоомжлон бид цастай
гудамжаар зугаалан би түүнд илтгэлийн талаар ярьж өглөө. Эцэст нь бид
хоёр Орловт итгэх хэрэгтэй гэж үзсэн юм. Дараагийн өдөр нь хармаандаа
тэмдэглэлийн дэвтэртэйгээр би Стокгольм руу нислээ. Тэмдэглэлийн дэвтэр
халаасыг минь нэвт шатааж байгаа мэт байлаа.

Би Ройтерын
сурвалжлагч нараас материалыг бэлтгэхдээ миний нэр болон Москвагийн эх
сурвалжийг заахгүй байхыг гуйлаа. Учир нь би Москвад эргэн очих ёстой.
Би Москвад буцаж ирээд ажилласан ба Хрущевын дулаарал хүйтэрч КГБ-ийн
зүгээс надад шахалт ирэх болсон учир би буцсан юм.

Ингээд 32
жилийн дараа Горбачевын дулаарлаар би Оросын нийслэлд “Гардиан” сонины
даалгавраар дахин очсон юм. Тэр үеэр л Костя Орлов өөрөө надад мэдээлэл
дамжуулаагүй нь тодорхой болсон юм. Хэн түүнд нууц илтгэлийн тухай надад
хэлэх даалгавар өгсөн бол? Сталины өврөөс салж буйгаа баруунд мэдэгдэх
гэсэн Никита Хрущев ч өөрөө байж болох талтайг үгүйсгэхгүй. Энэ асуултыг
тавьсан хүн бүр л надтай санал нэг байлаа. Гэхдээ үнэнийг мэдэж
чадахгүй нь тун харамсалтай.

ХРУЩЕВЫН НУУЦ ИЛТГЭЛИЙГ
БАРУУНД ДАМЖУУЛСАН ХҮН

Түүхийг Хрущев хийсэн. Би бол
түүх бүтээгээгүй харин тэр түүхтэй нь хэдэн цаг танилцсан хүн хэмээн
одоо Израильд амьдарч байгаа Польшийн сэтгүүлч Виктор Граевский ярьж
байна.

Их хурлын дараа Кремль нэг хүний
тахин шүтлэгийн тухай илтгэлийнхээ нэг хувийг Польшийн коммунистуудад
хүргэн түүнийг хувилахыг эрс хориглосон гэнэ.

Виктор Граевский:
ЗХУКН-ын ХХ их хурал болж тэнд Хрущев илтгэл тавьсныг Варшавт мэдэж
байлаа. Тэр юу ярьж, ямар илтгэл тавьсныг хэн ч мэдэхгүй байв. Дэлхийн
тагнуулын албад түүний илтгэлийг олохоор чармайж байсан санагдана.
Америкчууд хэн тэр илтгэлийг авчирна түүнд бүтэн хагас сая доллар
амласан байв.

Миний найз бүсгүй намын Төв хороонд ажилладаг
байлаа. Нэгэн удаа би түүнийг кофе уухаар урих гэж очтол тэр их завгүй
байв. Түүнтэй ярилцаж байх хооронд ширээн дээр нь улаан хавтастай
тохимол харагдлаа. Тэнд “Коммунист намын ХХ их хурал Хрущевын илтгэл”,
бас “маш нууц” гэсэн бичиг харагдаж байлаа. Би түүнээс гучин минутын
дотор гэртээ уншчихаад эргүүлээд өгье гэтэл тэрээр зөвшөөрлөө.

Би
намын гишүүн байсан ба социализм, коммунизмд итгэдэг байв. Гэтэл Сталин
тийм ийм харгис гэсэнд нь итгэхийн аргагүй байв.

Илтгэлийг
уншаад дуусгахад миний гарт атомын бөмбөг байгаа юм шиг сэтгэгдэл төрж
байсан юм. Түүнийг би хурдан буцаахаар явж байх замдаа бодож эхлээд
Израилийн элчингийн байранд очиж танилдаа үзүүллээ. Түүний царай нь нэг
цагаарч нэг улайж их догдолсон харагдана. Тэрээр одоохон гэж хэлээд
түүврийг авч яваад гучин минутын дараа буцааж өглөө.

Харин би
Израильд амьдрахаар ирсний дараа энэ түүхийн үргэлжлэлийг мэдсэн юм.
Израилийн элчингийн ажилтан Венад ирж мөн тийшээ Израилийн сөрөг
тагнуулын албаны дарга Амос Манор очин тэр илтгэлийг авчээ. Дараа нь
Израилийн Ерөнхий сайд Бен-Гурион түүнийг уншсан гэнэ. Тэрээр Орос
хэлтэй, илтгэлийг уншиж дуусаад “хэрэв энэ бүгд үнэн бол гучин жилийн
дараа Зөвлөлт холбоот улс сүйрнэ” гэж хэлсэн гэдэг. Тэрээр илтгэлийг
олсон эх сурвалжаа хэлэлгүй түүнийг америкчуудад дамжуулжээ. Илтгэлийг
ТТГ-ын тэргүүн Ален Даллес авсан ба тэрээр өөрийн ах Гадаад хэргийн сайд
Фостер Даллест үзүүлсэн гэнэ. Тэр хоёр ч үүнд итгээгүй хуурамч илтгэл
гэж үзэж байсан аж. Тэд Зөвлөлт судлаачдыг цуглуулан шинжилгээ хийлгэсэн
ба хоёр долоо хоногийн эцэст жинхэнэ илтгэл гэсэн дүгнэлт гаргуулжээ.
Дараа нь тэд илтгэлийг Ерөнхийлөгч Эйзенхауэрт хүргүүлсэн бөгөөд тэрээр
уг илтгэлийг нийтлэхээр шийдсэн гэдэг.

Минийхээр бол тэр үед л
Зөвлөлтийн сүйрэл эхэлсэн . Тавин жилийн өмнө 1956 онд . Тагнуулчдын
амлаад байсан мөнгийг хэн ч аваагүй. Израиль илтгэлийг Америкт “найз”
хэмээн өгсөн. Би тэр мөнгийг авсан бол өнөөдөр ингэж яриад сууж байхгүй,
Номхон далайн нэг арал дээр биеэ шараад хэвтэж байх байсан биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж