Засгийн газрын ээлжит хуралдаанаас тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар О.Магнайг томилжээ. Дээрх томилгоог хийснээр өмнөх дарга Б.Лхагваа ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Шинэ дарга ажлаа авсан даруйдаа нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг сэргээж, “Үгсэн хуйвалдаж үндэслэлгүйгээр бүтээгдэхүүнийхээ үнийг нэмбэл нефть импортлох тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэдэг хатуухан мэдэгдэл хийсэн билээ. О.Магнай даргын ажил үүгээр зогссонгүй сүү, жүүс үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчиддээ ямархуу бүтээгдэхүүн нийлүүлдэг байсныг зарлаж, үнэнийг илчилснээрээ амьгүй албат шиг явж ирсэн ШӨХТГ-ын нэр хүндийг өсгөж тэр хэрээр өөрийгөө энэ албанд юм хийж чадах хүн гэдгээ харуулж чадсан. Одоо гол нь барилгын компаниудын барьж байгаа барилгын үнэд хяналт тавьж, үнийг зохиомлоор хөөрөгдсөн эсэхийг тогтоох нь иргэдийн хувьд хамгийн их хүсэн хүлээсэн ажлын нэг болж хувираад байна.
Засгийн газрын харьяа Төрийн өмчийн хорооны хуралдаанаас МҮАН-ын дарга М.Энхсайханыг Монголын төмөр зам /МТЗ/төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг гаргасныг өнгөрсөн аравдугаар сарын 18-нд ёсоор болгожээ. Эл шийдвэрийг МТЗ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн эцэслэсэн юм байна. Уг нь МҮАН-ынхны зүгээс намын даргаа Сангийн сайдаар томилуулах хүсэлтийг гаргаж байсан ч УИХ-ын сонгуульд хамтдаа эвсэл байгуулан орсон МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс ял авчихсан, шоронд хоригдож байх үетэй нь таарсан нь нэг талаараа эрийн жудаг зааж, сайдын тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэхээс аргагүйд хүрсэн гэх гаргалгааг улстөрийн хүрээнийхэн хийдэг. Гэхдээ Ардчилсан намынхан нэгэн цагт намын даргын алба хашиж явсан түүний мэдлэг боловсролыг ашиглахын тулд МТЗ-ын даргад нэр дэвшүүлэн томилсон нь нүдээ олсон томилгооны нэгд тооцогдож байна.
МАН, Ардчилсан нам хамтдаа Засгийн газрыг барьж байх үед УИХ-аас “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийг байгуулах шийдвэрийг гаргаж байв. Тус компанийн хувьд Тавантолгой хэмээх том ордоос олборлож байгаа нүүрсийг гадаад зах зээлд ашигтай нөхцөлөөр худалдаалж, Монгол иргэн бүрийн эзэмшиж байгаа 1036 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгох үүрэг хүлээсэн юм.
Одоо энэ компанийг УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь удирдаж байна. Тодруулбал, аравдугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад гүйцэтгэх захирал Б.Энэбишийг ажлаас нь чөлөөлж, Я.Батсуурийг томилох шийдвэр гаргасан байна. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж олон улсын харилцаа, худалдааны мэргэжил эзэмшсэн тэрбээр Монгол Улсыг төлөөлөн гадаад оронд Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан нь “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилоход жинхэнэ тохирох хүн гэж үзсэн бололтой. Одоо тэр Тавантолгойн ордын нүүрсийг үнэ цэнэтэй болгохын тулд гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрийн ширээний ард суугаад буй.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн хуралдаанаас Газрын тосны газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Өлзийбүрэнг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Г.Өлзийбүрэнг УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр гэдгээр улстөрийн хүрээнийхэн андахгүй.
Шинэчлэлийн Засгийн газраас хийж байгаа томилгоог харахад тэр дундаа агентлаг, газрын дарга нарын томилгоог шулуухан хийчихгүй байгаа нь нэг талдаа хийх ажлыг нь харж байж жинхлэхээр хаширлаж байгаатай нь холбоотой бололтой. Нөгөө талаас Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр шууд дарга нарыг томилох боломжгүй байгаа юм байна. Тухайлбал, Газрын тосны газрын даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон бол хамгийн сүүлд хийсэн Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарын томилгооноос ч үүнийг харж болно. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Ганбатыг, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Батмагнайг тус бүр томилоод байна. Ингэснээр хамтарсан Засгийн газрын үед Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон байсан Д.Цэвээнжав, Татварын ерөнхий газрын дарга Д.Баттөмөр нар албан тушаалаасаа тус бүр чөлөөлөгдлөө.
Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар нь Сангийн сайдын мэдэлд харьяалагддаг. МАХН-ын гишүүн Ч.Улаан Сангийн сайдын алба хашдаг нь Татвар, Гаалийн ерөнхий газрын дарга нарыг харин ч удаан хугацаагаар албан тушаалд нь уясан, түүнээс өөр хүн байсан бол сайдын албан томилогдонгуутаа бусад сайд нарын нэгэн адил ажлаас нь эрт чөлөөлөх байсан гэж буй юм. Ямартай ч, МАН-ын гишүүнчлэлтэй хоёр дарга ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж хэсэг хугацаанд гэртээ суух нь тодорхой боллоо.
Үүрэг гүйцэтгэгч нарын тухайд тодруулахад, Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн есдүгээр сард томилсон яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын ихэнх нь үүрэг гүйцэтгэгч гэсэн статус доор ажиллаж байна. Харин тэднийг хэзээ жинхэлж Төрийн нарийн бичгийн даргаар шууд томилох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.