Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Киночид хаачив?

Монголын кино кино урлаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, дэлгэцийн шинэ бүтээлүүд шил даран мэндлэх болсон билээ. Өнгөрсөн жилийн намар, өвөл олон шинэ кино нээлтээ хийн үзэгчдийг байлдан дагуулж байсан бол энэ жил харин тоотойхон хэд л байгаа нь өнөөх киночид маань хаачив гэж өөрийн эрхгүй асуухад хүргэв. Өнгөрсөн жил наймдугаар сарын 20-д гаргаад л кино театрууд дэлгэцийн бүтээлийн нээлтийн захиалгад дарагдан танхимаа хуваах гэж сандарч байсан бол энэ жил наймдугаар сар байтугай өнөөдрийг хүртэл дэлгэцийн шинэ бүтээл ганц нэгээрээ чимээгүйхэн нээлтээ хийсэн юм. Мөн энэ жилийн киночдын давалгааг өнгөрсөн зун болсон УИХ-ын сонгууль, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль тасалдуулсан гэнэ. Учир нь киночид сонгуулиар реклам хийн нэлээдгүй ашигтай ажилласан болохоор энэ зун кино хийх гэж улайраагүй гэх.

Сүүлийн жилүүдэд киночид ар араасаа уралдан кино театрын танхимуудыг хуваан байж нээлтээ хийсэн бүтээлүүд нь ашиг ч олох завдалгүй нэг нэгэндээ цохигдон буусан. Үүгээр тэдэнд монголын кино урлагт өнөөх кино менежмент гэдэг зүйл дутагдалтай байгаагын нэгэн гэрч, том сургамж болон үлдсэн. Түүнчлэн кино театрууд өнгөрсөн жил гаргаж буй бүтээлийнх нь 50 хувийг авдаг байсан нь энэ жилээс 60 хувь болж өссөнтэй ч холбоотой аж. Талх 100 төгрөгөөр бүтдэг гэж бодвол 60 төгрөгийг нь бусдад өгөн 40 төгрөгөөр ашгаа олоорой гэхийн адил тэд ч хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэх бус эсрэгээрээ шийтүүлэх болсон гэнэ. Мөн нийслэлд байдаг гурван театрт л киночид нээлтээ хийх өдрийн товоо тавиулахаар наана инээж, цаанаа уйлах нь холгүй зовдог тухай ч чих дэлслээ. Дээр нь үзэгчдийн тоо тэдний толгойн өвчин болдог аж. Манайх шиг бага зах зээлтэй газарт өндөр өртөгөөр бүтсэн бүтээл нь төд удалгүй л хулгайн замаар бусдын гар алдагдан хуулбарлагддаг хямд өртөгөөр хүрдэг учраас театрыг зоригчдын тоо багасна. Орон нутагт зэрэг нээлтээ хийх ч боломж тааруу хэмээн киночид  учирласан юм. Бас аливаа нэгэн крмпани, байгууллагаар ивээн тэтгүүлэн дэлгэцийн бүтээл хийхэд заавал тухайн компаний бараа бүтээгдэхүүнийг бүтээлдээ оруулах болдог гэх мэт дарамт ихтэй гэнэ шүү. Тиймээс компаний реклам шиг дэлгэцийн бүтээл бус үзэгчдэд хүрэх сайн бүтээл хийхийн төлөө мөнгөний эрэлд мордон чамгүй олон байгууллагын үүдийг татдаг нь ч нууц биш юм.

Тиймээс өнгөрсөн арваннэгдүгээр сард монголын кино урлагт  “Нэүрит” нэртэй нэгдэл үүдээ нээн өрх тусгаарласан. Монголын кино урлагийн залуу үеийн төлөөлөл болсон зургаан студи хамтран уг нэгдлийг байгуулсан юм. Уг кино нэгдэлд “Амьдралд тавтай морил” олон ангит киног бүтээсэн “Захиалгат инээд” хамтлагийн “ZI” энтертайнмент, “Хайрын рекорд”, “Намрын синдром” кино, “Миний нууц хүү” драмын жүжгийг бүтээсэн найруулагч Д.Галбаярын “Go” студи, “Цэлмэг тэнгэр”, “19”, “Долоон бурхан харвадаггүй” киног хийсэн “Логикфильм” студи, “Цагаан шөнө”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Адам”, “Бодлын хулгайч” кино “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг үзэгчдэд хүргэсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “J and S”студи, “Эзэнгүй бөгж” киног бүтээсэн найруулагч Ч.Батбаярын “Мазаалай” фильм нэгдсэн.

Өнөөдөр монголд кино хийж, бүтээдэг 40 гаруй студи, продакшн байдаг хэдий ч өөр хороондоо хамааралгүй бие даан ажилладаг аж. Тиймээс нэгдэл байгуулан ажиллах нь олон талын үр ашигтай гэдгийг ч тэд онцлон хэлсэн юм. Тайз, дэлгэц гээд салбар бүрт амжилттай уран бүтээлээ туурвин яваа тэдэнтэй нэгдэхийг хүссэн хэн бүхний өмнө “Нэүрит” фильм нэгдлийг үүд хаалга нээлттэй гэлээ. Зөвхөн кино студи, продакшн гэлтгүй кино зохиолч, зураглаач, найруулагч, жүжигчин гээд кино урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа уран бүтээлчид тэдэнтэй нэгдэж болох гэнэ. Киночид өөр хоорондоо зөвлөлдөн, хамтран сайн уран бүтээл хийх гараагаа энэ сард “Шоучид” инээдмийн киноны зураг авалтаар эхлүүлсэн юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж