Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар өргөдөл өгсөн 3967 хүний 1081-д нь зээл олгосон. Үүнээс 970 хүнд зээл олгох боломжгүй, 705 хүний зээлийг удахгүй шийднэ гэж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр танилцуулжээ. Гэтэл цаана 1211 гэр бүлийн өргөдлийг хэрхэн шийдэх, тэд зээлээ авах эсэхийг ч одоо болтол мэдэхгүй яваа учраас өчигдөр сэтгүүлчдэд хандлаа.
Зээлээ хүлээж буй 2000 гаруй гэр бүлийн өргөдөл удахгүй шийдэгдэнэ гэж буй 705-ын дотор байгаа юу, эсвэл шийдэх нь тодорхойгүй 1200-ийн дотор байгаа эсэхийг ч тэд мэдэхгүй байна.
Анх удаа байр авч буй, гэр бүлийн сарын орлого 700 мянган төгрөгөөс дээш буюу Засгийн газрын бага, дунд орлоготой гэж тодорхойлж буй иргэд 55 метр квадратаас дээшгүй, барилгын гүйцэтгэл 90 хувьтай байрны урьдчилгаа 10 хувийг төлсөн бол зээл олгоно гэсэн тэнцэхэд бэрх шаардлагатай ч бага дунд орлоготой иргэдийн байртай болох бараг цорын ганц дөнгүүр нөхцөл байсан болохоор олон ч хүн зээл авахаар хошуурцгаасан. Тиймээс амьдарч байсан хашаа байшингаа зарсан эсвэл барьцаанд тавьсан, ар гэр, ах дүүгээсээ мөнгө зээлж 10 хувийн урьдчилгаагаа төлсөн гэр бүл олон байна.
Харин одоо бол тэд урьдчилгаагаа төлсөн ч зээлээ авч чадаагүй болохоор яахаа мэдэхгүй байдалд ороод байгаа. Хэрвээ өмнөх Засгийн газрын зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болгоно гэдэг амлалтад итгээгүй бол энэ хүмүүс урьдчилгаа олох гэж эрсдэлтэй алхам хийхгүй байсан гэж тэд ярьж байна.
Зээл хүссэн хүмүүсийн дунд байр нь бэлэн болчихсон ч үлдэгдэл мөнгийг нь Төрийн банкнаас олгох ёстой зээлээр төлөхөөр хүлээсэн олон хүн байна. Жишээлбэл “ЭКО констракшн”-н байранд орох гээд Төрийн банкны зээлийг хүлээж байгаа 150 гаруй гэр бүл байгаа юм байна.
Урьдчилгаагаа төлсөн хүмүүсийн байрных нь үлдсэн мөнгийг зээлээр олгох ганц л алхамыг энэ хүмүүс Засгийн газраас хүсч байгаа. Хэрвээ зээл нь бүтэхгүй бол барилгын компаниуд хүмүүст урьдчилгааг нь буцааж өгөхдөө 10-20 хувийн алданги тооцно гэдгээ мэдэгджээ.
Гэхдээ Төрийн банкнаас байрны мөнгө буюу үлдэгдэл зээлийг өгнө гэж итгээд урьдчилгаагаа төлсөн байруудыг нь заралгүй, энэ иргэдэд боломж олгон хүлээж буй нэлээн хэдэн барилгын компани байна. Хэрвээ төр үлдсэн зээлийг нь өгөхгүй бол арилжааны банкуудад хандах хэрэгтэй гэж тэд зөвлөжээ.
Гэвч арилжааны банкуудын 13-22 хувийн хүүтэй зээлийг авахын тулд сард хоёр саяас дээш орлоготой, сард 800 мянгаас нэг сая 300 мянган төгрөг төлөх боломжтой хүмүүст л зээл олдоно. Хэрвээ хүмүүст ийм боломж байсан бол зургаан хувийн хүүтэй зээлийг хүлээж цөхөрч суухгүй л байх байсан. Боломжгүй учраас л хүү багатай зээлд хамрагдах гээд ийм адал явдалтай тулгараад байна гэж ярьж байлаа.
Барилга хот байгуулалтын яамны, төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнээс энэ асуултын хариулт эрлээ.
-Ийм зургаан хувийн хүүтэй зээл анхнаасаа буруу шийдвэр байсан. Одоогийн зах зээл дээр зээлийн хүү болон ОССК-ийн зургаан хувийн зээлийн хоорондын зөрүүг улс төлж байгаа нь иргэдийн татварын мөнгөөр төлж байна гэсэн үг. Татвараа төлж байгаа хүмүүсийн дунд зээлтэй, зээлгүй янз бүрийн хүмүүс бий. Зургаан хувийн хүүтэй зээл авах гэсэн 4000 гаруй иргэний зээлийн хүүгийн төлбөрийг иргэдийн нуруун дээр үүрүүлэх ёсгүй учраас энэ зээл анхнаасаа буруу санаа байсан гэж хэлсэн юм.
Урьдчилгаагаа төлсөн Төрийн банкнаас зээл авах гэсэн дээрх хүмүүсийн тухай удахгүй Засгийн газрын шийдвэр гарна гэж тэрээр нэмж хэллээ.
Байрны зээлийн хариуг зургаан сар шахуу хүлээж байгаа хүмүүс Төрийн банк, ОССК болон Барилга хот байгуулалтын яамны хооронд “бөмбөг” шиг өнхөрч байна. Тиймээс Засгийн газар ямар нэг аргаар тэдний асуудлыг шийдтэл нь тэмцэнэ гэж мэдэгдлээ.
“Жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох боломжтой боллоо гэж өмнөх Засгийн газар зарлахад байртай болно гэж итгэсэн хүмүүс үл хөдлөх хөрөнгийн баталгаа авах гэж Иргэний бүртгэлийн гадаа хонон өнжин дугаарлаж байсан юм.
Энэ хүмүүсийн дунд нэгэнт амьдарч байсан гал голомтоо хүртэл зарж үрсэн гэр бүл ч байгаа болохоор өлсч, даарч, зулын гол болоход бэлэн байгаа гэнэ. Хэрвээ Засгийн газар энэ долоо хоногт багтааж зургаан хувийн зээл горилогчдод хариу өгөхгүй бол тэд тэмцлээ өлсгөлөн зарлахаас эхлэх гэж байна.