Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Оройхон ажлаасаа тарсан би буудал дээр явах чиглэлийг минь зарлан хашгирах микроавтобус зогсч байсанд ихэд олзуурхан суулаа. За ингээд микроавтобусанд хүн дүүрэхийг хүлээж 30-аад минут “тухаллаа”. Жолооч, мөнгө хураагч хоёр замын хажуугаар өнгөрөх хүмүүст “Одоохон хөдөллөө, ганц нэгхэн хүн аваад явлаа” хэмээн найр тавихад “Үйлчлүүлэгч хаан” гэдэг уриа жинхэнэ хэрэгжиж байх шиг санагдаж байлаа. Микронд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь над мэтийн оройтож тарсан ажилчид бололтой. Харин нэлээд сүүлд жаахан “юм” үнэртүүлсэн хоёр залуу, нөхөртөө гоморхоод аавындаа очихоор яваа болов уу гэж харагдсан нэг хүүхэн сууснаар микроавтобус дүүрч, хөдөллөө. Харин микроавтобус хаалгаа хаан хөдөлснөөр хэрэглэгч би “хаан” байх худлаа болов оо. Хошин шог дээр “Эхнэр маань анх салаа гэзэгтэй, их сайхан зантай байсан. Харин гэрлэсний маргааш л үсээ шуугаад загнаад эхэлсэн” гэдэг шиг. Учир нь мөнгө хураагч зорчигчдоосоо өдрийн цагт авдаг мөнгөнөөсөө гурав дахин ихийг нэхэж байна. Хүмүүс дургүй байсан ч харанхуй шөнө өөр унаа байхгүйгээс хойш гэж бодсон бололтой эхнээсээ өгч байна аа. Хүмүүсийн аргагүй байдлыг далимдуулан ингэж шулж байгаад нь цухал төрсөндөө “Танай машин чинь оройн цагаар илүү их түлш хэрэглэдэг юм уу?” гээд асуучихлаа. Харин үнэн голоосоо уур нь хүрсэн бололтой, тэр урдаас жолооч нь тэгтэл нүд нь эргэлдэн гялалзаж “Хэнийг, хэдэн төгрөгөөр авч явахаа би мэдье. Хаана хичнээн литр түлш хэрэглэхээ муу ямбий минь мэдэг /үнэхээр л ямбий байсан даа/ Мөнгөө төлж чадахгүй бол чи дуугүй буу” гэж ирээд л бөөн уур уцаараа хадаалаа. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг үгийг ийм үед л хэрэглэхэд тохирох бололтой. Аавыгаа ирэхээс нааш унтахгүй гээд гэдийчихдэг “зулзага” дээрээ хурдан очихын тулд тэгс гээд дуугүйхэн мөнгөө төллөө. Гэсэн ч миний бухимдал арилах шинжгүй. Харин өглөө нь босоод тэр бухимдлаа тайлах шилдэг арга олсон юм. Энэ маань юу гэвэл Нийслэлийн нийтийн тээврийн газарт очиж гомдлоо мэдүүлэх, үгүйдээ л микроавтобусныхан ингэж дураараа аашилж болох эсэхийг тодруулахаар шийдсэн юм.

Ингээд маргааш өглөө нь хариуцсан газар дээр нь очиж асуултынхаа хариуг тодрууллаа. Ямартаа ч улсын маань нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авсан 24 аж ахуйн нэгжийн 893 том оврын автобус, троллейбус үйлчилгээнд явдаг байна. Мөн иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж цагийг нь хэмнэхийн тулд 34 аж ахуйн нэгжийн 1100 микроавтобус үйлчилдэг гэсэн тоог Нийслэлийн нийтийн тээврийн газрын албаны хүн өгч байна. Үүнээс гадна зөвшөөрөгдсөн 16 аж ахуйн нэгжийн 732 такси байдаг гэнэ лээ. Харин орой, үдшийн цагаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их төлбөр аван үйлчилж байгаа микронуудад шалгалт явуулдаг эсэх, зөрчил илэрсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар асуухад минь Нийтийн тээврийн газрын албаны хүн хариулт өгөхөөс шууд татгалзаж “Юун элдэв бусын амьтад оруулаад хүний ажил хийлгэхгүй байгаа юм бэ” гэж жижүүр рүүгээ мундагдлаа. Уг нь бол иргэд бид тэр газарт гомдол, саналаа гаргаж, асуулт асууж, тэд бидний тавьсан асуултад үнэн зөв хариулт өгч, иргэдийн гомдлын дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой баймаар. Гэтэл тэд энэхүү ажлынхаа гол үүргийг мартан ийн омгорхох болсон нь гайхалтай.

Болохгүй байгаа үйлчилгээг “ховлож” бухимдлаа тайлах гэсэн минь “Сахил хүртээд шал дордов” гээч боллоо. Одоо яавал дээр вэ? Микроавтобусныхантай хэрүүл хийгээд мэдээж ямар ч арга байхгүй. Хяналт тавих ёстой төрийн байгууллага нь ийн нэрмэж загнаж байдаг… Ингээд эцсийн эцэст сүүлтэй, сүүлгүй чононд өгч, заримыг нь “эзэн” нь таниад аваад явсан ч нутагт хэдэн тооны адуу бийг санав. Өглөө, орой гээд цаг цагт харилцан адилгүй их “хоол” иддэг техникийн дэргэд, өвс, хужирхан байхад явгалахааргүй халуун хошуут мал минь дээр ч юм шиг. Ер нь хөдөө байгаа ахдаа өглөө оройдоо хөл дүүжилж байх унааны ганц морь захья даа, хөөрхий.      

 
Т.Дарханхөвсгөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж