Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

76:1

76:1 “Төмөр хатагтай”

News.mn уламжлалт 76:1 булангаараа эрхэм гишүүдийн хэн нь хэн болох талаар өгүүлдэг. Энэ удаад МАН-аас нэр дэвшин, дахин санал хураалт явуулан чамгүй удаан хугацааны дараа тангаргаа өргөнгүүтээ Ардчилсан нам руу “шилжин” хамгийн их анхаарал татсан хүн болоод байгаа УИХ-ын гишүүн Д.Арвингийн хөргийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Арвиныг олон жилийн өмнөөс сэтгүүлчид ингэж нэрлэдэг болсон юм. Одоо үеийн хэр баргийн нялцгайдуу эр хүнээс гарамгүй зориг, тэвчээр, муу үгийг даах тэсвэр, эрс зоримог шийдвэр гаргах эрч хүч түүнд бий. Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын урь Монголд унахаас өмнөхөн МУИС төгссөн Д.Арвин гишүүн Залуучуудын эвлэлийн байгууллагын ажилтан, ардын армийн офицер байв.

МАХН-ын дайчин туслагч, бэлтгэл хүчин гэсэн тодотголыг нь үл тооцвол социализмын үеийн хамгийн хөдөлгөөнтэй, шинийг эрэлхийлэгч, зоригтой хөдөлдөг хэсэг нь залуучуудын байгууллагын гишүүд байсан. Дээр нь офицерийн гэрт мэндэлж, цэргийн хүн явсан нь өнөөдрийн “Төмөр хатагтай”-г төлөвшүүлэхэд зохих хэмжээгээр нөлөөлсөн байж таарна. Монголын нийгэм зах зээлд шилжмэгц тэрээр барилгын “Их өргөө” компани байгуулан бизнесийн салбарт хүчээ сорьсон. Улмаар УИХ-ын  2000 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин Хэнтий аймгийн тойрогт өрсөлдөж их улс төрд хөл тавьсан юм.

Их улс төр бол хаалгаараа оруулсан эмэгтэй бүү хэл эр хүнээс асар их золиос, эрсдэл шаарддаг хатуу тоглоомын талбар. УИХ-д дөрвөнтөө сонгогдож, 12 дахь жилдээ төр түшиж яваа Д.Арвин гишүүн энэ хатуу тоглоомын гарын аяыг даахын дээдээр дааж өнөөдрийг хүрсэн.

Хэлэх гэсэн үгээ хэний ч өөдөөс хэлчихдэг, хэлэлцвэл хэлэлцэж, хэрэлдвэл хэрэлдчихдэг түүний үг ихэнхдээ шударга үнэний төлөө байдаг юм. Шалчгануур зантай эрчүүд хоорондоо хов ч биш, хор ч биш хоёрын хооронд юм ярьж явахад Д.Арвин гишүүн сэтгэл доторхоо тас хийтэл хэлчихээд сууж байдгаараа “Төмөр хатагтай” нэрээ баталдаг хүн. Шударга үнэний төлөө явдаг зан нь түүнд “Элсний 13-ын нэг”, “Н.Энхбаярын хүн”, “Н.Энхбаярын ээж Бүдханд гуайн нурууг угааж өгдөг”, “Шазруун” гэх зэрэг элдэв нэр хоч наахад хүргэжээ.

Гэхдээ “Элсний 13” гэх зэрэг нэр хочийн цаана МАН буюу тухайн үеийн МАХН-ыг шинэчлэхийн төлөө явсан Д.Арвин гишүүний сэтгэл, зүтгэл л байсан. МАН-ын үе үеийн удирдлага шинэчлэлийн төлөө, нам доторх бугшсан дутагдлыг арилгахын төлөө санал гаргасан шударга гишүүдээ хавчиж хяхаж, намаасаа хөөж, албан тушаалаас бууруулж, гадуурхаж ирснийхээ балгийг УИХ-ын 2012 оны сонгуулиар амсч сөрөг хүчний байр сууринд шилжээд буй. МАХН-ын нэрийг солихыг тууштай эсэргүүцэж байсан  гишүүдийн нэг нь Д.Арвин байв. Эсэргүүцлээ илэрхийлж намын нэр сольсон МАХН-ын их хуралд ч суугаагүй.

Хэрэв эрэгтэй улстөрч ийм үйлдлүүд гаргасан бол чухам мундаг сайн эр гэсэн нэр гуншин зүүх байв. Эмэгтэй хүн учраас Д.Арвин гишүүн сонсох бүү хэл хэлэх, бичихээс зүрх халгам хоч, доромж үгсийг дуулж сонсч ирлээ. Тэглээ гээд тэрээр нугарч харих хүн огт биш гэдгээ  дараа дараагийн үйлдлүүдээрээ харуулсаар байна.

Тухайн үед МАХН нэрийг архивт хадгалж МАН болгосон намын удирдлагууд “Ардын нам, Ардын засаг мандтугай” гээд л уухайлаад байснаас биш Д.Арвин нарын сануулж хэлээд байсан ялагдлын цондонг огтхон ч анзаараагүй.

УИХ-ын гурван ч сонгуульд аавынхаа төрсөн нутаг Хэнтий аймагт нэр дэвшин сонгогдсон эмэгтэй гишүүнээ МАН-ынхан энэ жил дэндүү хавчсан. Мандатын тоо Сонгуулийн шинэ хуультай уялдаж цөөрснөөс үүдэн МАН-ын эрчүүд хуншгүй аашилж Д.Арвин гишүүнийг Хэнтийн тойргоос “жийж” орхисон. Хэнтийн тойргийг нь “хураан” авч эрчүүдээ “шагнав”. “Шагналын тойрог” авсан эрхэм нь даан ч өвдөг шороодож АН-ын Б.Гарамгайбаатарт суудлаа бэлэглэчихэв.

Д.Арвин гишүүн тойргоо булаалгасны хариуд өөрийнхөө төрсөн нутаг нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн тойргийн нэг мандат дээр гуйж биш, гуядаж байгаад нэр дэвшсэн. Монгол Улсын хамгийн олон сонгогчтой тойрог бол Баянзүрх дүүрэг. Гурван мандаттай хэдхэн тойргийн нэг нь Баянзүрх дүүрэг байв. Тиймдээ ч хамгийн олон буюу 28 нэр дэвшигч тэнд тоосоо өргөсөн. Тэдэнтэй Д.Арвин гишүүн ана мана өрсөлдсөөр гурав дахь мандат дээр дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийн хамт тунаж бүтэн таван сарын дараа дахин санал хураалтаар давхар өрсөлдөн хайнаа хагалж даагаа хөтөлсөн юм. Нэгэн сонгуулийн хүрээнд хоёронтаа өрсөлдөхдөө тэрээр “Б.Батзориг ба МАН” гэсэн асар том хүчтэй нүүр тулгаран “гардан тулаан”-д орсон гэж хэлж болно. Ганц эмэгтэй хүнийг ийм том лантуугаар нүдэх “зориг”-ийг МАН гаргаж чадсан юм.

Гэхдээ Д.Арвин гишүүн үүнийг бор зүрхээрээ туулж, “нэг унагасан юм чинь дахин унагаж болно оо хө” гэсэн зарчмаар үзэлцсээр төр түших эрхээ дөрөв дэх удаагаа олж авсан. Монгол бөхийн зарчмаар хүч тэнцүү бөхчүүд тунаж үзэлцэхийг хамгийн шударга барилдаан, давж чадсаныг нь жинхэнэ хүчтэн гэдэг. Тийм хүчтэнээр Д.Арвин гишүүн тодорч Баянзүрх дүүргийн тойрог дээр ялж чадав.

УИХ-ын гишүүний тангараг өргөснийхөө маргааш Д.Арвин гишүүн чуулганы танхимын баруун жигүүр дэх АН-ын талд, хамт тангараг өргөсөн Г.Батхүү гишүүний дэргэд очиж суусан нь олны хараанд олзлогдож, улмаар тэр оройдоо “Д.Арвин гишүүн АН-д орохоор болжээ” гэсэн чимээ Төрийн ордонд дэгдсэн юм. Тэр чимээ үнэн болж Д.Арвин гишүүн 1994 оноос хойш гишүүн нь байсан МАН-ын улаан батлахаа тушаачихаад АН-ын гишүүний үнэмлэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гардан авлаа.

Намаа шинэчлэх гэсний төлөө МАН-ын дээд хүрээнийхэнд дэндүү бүүрэлхүүлсэн болохоор ямар сонголт хийх нь, хаашаа эргэх нь Д.Арвин гишүүний эрх байсан. МАН-ынхан өмнө нь гурвантаа төр түшсэн эмэгтэй гишүүнээсээ сонгуулийн өмнө тойргийг нь булаасан нь үнэн. Гурван удаа төр түших эрх олгосон Хэнтий аймгийн сонгогчдодоо талархаж явдгаа УИХын гишүүний тангараг өргөх үеэрээ Д.Арвин гишүүн онцгойлон хэлсэн нь Ханхэнтийчүүдээсээ сэтгэл буруулаагүйн илрэл.

Д.Арвин гишүүнийг сонгуулийнхаа сурталчилгааг хийж байх явцад МАН-ынхан дэмжээгүйгээр барахгүй эсрэг РR явуулж Б.Батзоригийг лоббидсон ч хуучин түшээ Д.Арвин зангараг заан ялж УИХ-ын гишүүний мандат өвөрлөсөн нь МАН-ынхад “Наашаа харж инээж, цаашаа харж уйлах”-ын үлгэрийг авчирчээ. Дассан тойргоос нь жийж, шинэ тойрогт нь эсрэг сурталчилгаа хийсэн МАН-ынханд Д.Арвин гишүүн дуртай намаа сонгоод гарлаа гэхэд үнэндээ хэлэх үг олдоогүй биз. “Давхар сойлготой” наадамд “уяачгүй” түрүүлсэн гишүүн МАХН-даа орно уу, АН-ыг сонгоно уу ах намд хүртээлгүй болсон. Намаасаа татаастай Б.Батзоригийг  “давхар хамаад” дараалан ялаад гараад ирсэн бүсгүй гишүүнээ айлын болоод явчихаар яалтай ч юм билээ.

Яадаг ч байсан Д.Арвин гишүүн “Миний байх газар МАН” биш гэсэн товч бөгөөд хатуу үг хэллээ. Ядарсан бус задарсан цагт нь МАН-ыг орхисноо ч мэдэгдсэн. Нээрээ л хамаг гишүүд нь хаяад явчихсан 1990-ээд оны эхээр Д.Арвин гишүүн хэтэвчтэй мөнгөө бариад МАХН-ын хаалгаар алхсан юм гэнэ лээ. Олигархиуд эрх мэдлийг нь атгачихсан мөнгөтэй, хөрөнгөтэй, өнгөлөг тансаг ордонтой өнөө цагийн МАН-ын үүдийг хаагаад гарах эрх Д.Арвин гишүүнд бүрэн бий. Харин араас нь элдэв өөнтөгч үг чулуудах илүү зан МАН-д зохихгүй биз ээ.

                                    Д.ОЮУНЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж