Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралд Увс, Баян-Өлгий, Дорноговь, Дархан-Уул, Орхон зэрэг аймгийн 120 гаруй төлөөлөгч оролцжээ. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны анхдугаар хуралдаанаас Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна. Хурлын үеэр Үндэсний сагсан бөмбөгийн ордонтой болох асуудлыг танилцуулж, зураг төслийн талаар ярилцсан байна. Мөн ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар хэлэлцэж, гадаадаас ирэх тамирчдын асуудлыг хэлэлцжээ.
Б.МАРАЛ