Иракийн ерөнхийлөгч Германыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Иракийн ерөнхийлөгч Германыг зорьжээ

Иракийн Ерөнхийлөгч Жаляль Талабани өнгөрсөн даваа гаригт зүрхний хэмнэл алдагдсаны улмаас Багдад хотын эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл тэрээр өнөөдөр Герман улсад очиж эмчлүүлэхээр тус улсыг зорьжээ. Өдгөө 79 настай Ерөнхийлөгч Жаляль Талабани удаан хугацааны турш зүрхний шигдээс өвчнөөр шаналж байгаа бөгөөд өнгөрөгч даваа гаригт бие нь гэнэт муудсан аж. Иракийн албаныхны мэдээлснээр түүний биеийн байдал муу байгаа учраас Герман улсад очиж эмчилгээ хийлгэхээр болжээ. Үүнээс өмнө тэрээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард Германд нурууны хагалгаанд орж байсан аж. Зарим шинжээчид Ерөнхийлөгч Жаляль Талабанигийн бие муудсанаар Курдууд болон Арабуудаар толгойлуулсан Иракийн Засгийн газрын хоорондох улс төрийн зөрчил улам нэмэгдэнэ гэж үзжээ.  Жаляль Талабани нь Курдын партизан хөдөлгөөний гишүүн байсан бөгөөд Иракийн ерөнхийлөгч болсон анхны курд гаралтай хүн юм байна. Тэрээр сүүлийн хэдэн долоо хоногт Иракийн Засгийн газар болон Курдуудын хооронд Киркук хотын асуудлаарх маргааныг зохицуулахаар зуучлан ажиллаж байжээ. Сүүлийн үед газрын тосоор баялаг Иракийн Киркук хотыг арабчууд болон курдууд өөрсдийн эзэмшилдээ авахаар булаацалдсанаас тэдний хооронд сөргөлдөөн үүсээд байгаа билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж