“X Factor” Ньютауны хохирогсдын дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

“X Factor” Ньютауны хохирогсдын дурсгалыг хүндэтгэв

Их Британийн “X Factor” шоуны шилдэг оролцогчид өчигдөр АНУ-ын Коннектикути мужийн Ньютаун хотод харамсалтайгаар хорвоог орхисон 27 хохирогчийн дурсгалыг хүндэтгэн тэдэнд зориулж попын хаан Майкл Жейксоны “You Are Not Alone” дууг дуулжээ. Шоуны  шилдэг оролцогчид бүгд цагаан өмсгөлөөр ижилсэж “You Are Not Alone”-ийг дуулах үеэр тэдний ард “Сэнди Хук” сургуулийн аймшигт аллагаар амиа алдсан 27 хүний нэрийг тайзнаа байрлуулсан нь үзэгчдийн сэтгэлийг маш ихээр догдлуулсан аж.

Хорвоог харамсалтайгаар орхисон 27 хүний 20 нь дөрвөөс найман настай хүүхдүүд байсан юм. Энэ үеэр “X Factor”-ийн шүүгч  Саймон Коул “Бид өнгөрсөн баасан гаригт Сэнди Хук сургуулийн эмгэнэлт хэргийг сонсоод маш их цочирдсон. Сэтгэл эмтэрмээр үйл явдын золиос болсон тэд бидний зүрх сэтгэлд үргэлж хамт байх болно” хэмээн ярьжээ.

Америкт  Ньютауны дээрх хэргээс болж хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийх байсан  Холливудын нэрт жүжигчин Том Крузийн тоглосон “Jack Reacher”, Леонардо Ди Каприогийн тоглосон “Django Unchained” кинонууд дэлгэцэнд гарах нь  хойшлогдсон юм. Учир нь өнгөрөгч баасан гаригийн хэрэгтэй холбоотойгоор инээдмийн, олон ангит кино, шоунуудыг дэлгэцээр гаргахыг Америкт хориглоод байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж