Н.Гүнчинсүрэн “Оргил өөд” үзэсгэлэнгээ толилуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Н.Гүнчинсүрэн “Оргил өөд” үзэсгэлэнгээ толилуулна

“976” галерейд энэ сарын 22-нд зураач Н.Гүнчинсүрэнгийн “Оргил өөд” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тэрээр өнөөгийн цаг үеийн төрхийг баатруудаар нь дамжуулан түүхнээ мөнхлөхийг хүсдэг уран бүтээлчдийн нэг бөгөөд шинэ үзэсгэлэнгийнхээ талаар “Хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн. Өнөөдөр биднийг хүрээлэн буй ололт амжилт, дэвшилт бүхэн хүний бүтээл. Тиймээс би янз бүрийн насны, ажил мэргэжил, амьдрал ахуйгаараа ялгаатай ч сэтгэл татам, сайхан хүмүүсийн хөрөг зурах дуртай” хэмээн ярьж байна. Зураач цаашид ч хөрөг зургийн чиглэлээр бүтээл туурвиж, энэ төрлийг орчин үеийн урсгалтай сүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Тэрээр ОХУ-ын Красноярскийн Уран зургийн академид 2007-2011 онд суралцан төгссөн. Тэрээр суралцах хугацаандаа Красноярск хотод “Пейзаж”, “Осень”, “Весна”, “Мартовский кот”, Санкт-Петербургт “Копий”, Улаанбаатарт “Хар зураг” тэргүүтэй үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. “Оргил өөд” үзэсгэлэндээ тэрээр 2009-2012 оны хооронд туурвисан 30 орчим бүтээл толилуулах нь. Тэрээр “Дүрслэх урлаг бол агуу уул. Тэр уулын бэлд нь буй би оргил өөд тэмүүлнэ. Үүнийг бэлгэдэн үзэсгэлэнгээ ийн нэрлэсэн юм” хэмээн ярилаа. Үзэсгэлэн ирэх нэгдүгээр сарын 5-н хүртэл үргэлжилнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж