Монгол, Оросын ЗГ хоорондын комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын ЗГ хоорондын комисс хуралдана

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XVI хуралдаан маргааш  Улаанбаатар хотод болно. Төрийн ордонд болох хуралдааны бэлтгэл ажлыг хангахаар Монгол, Оросын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөгчид өчигдрөөс Улаанбаатарт ажилласан бол манай зарим байгууллагын төлөөлөгчид мөн Москвад томилолтоор ажилласан байна.

Хуралдааныг ЗГХК-ын Монголын хэсгийн тэргүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын хэсгийн тэргүүн, Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар даргалах аж. Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэлбэр, Монгол дахь бүтээн байгуулалтын төслүүдэд ОХУ-ын оролцох боломж, нөхцлийн талаар санал, мэдээлэл солилцох ёстой.

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” компани, “УБТЗ” нэгдлийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсад тогтвортой найдвартай нийлүүлэх, улмаар энэхүү төрлийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд ОХУ-аас дэмжлэг авах, цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлууд анхаарлын төвд байх нь мэдээж.

Түүнчлэн талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудаар протокол байгуулах бөгөөд Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул, уурхайн сайд Д.Ганхуяг нартай тус тус уулзах юм байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж