Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 21 болоход ердөө ганцхан хоног үлдлээ. Энэ өдөр юу болохыг дэлхий нийтээрээ анхааралтай ажиглаж, чих тавин чагнаж байна. Учир нь Маяачуудын он тоолол 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах тул энэ өдөр дэлхий сөнөх үү гэсэн асуулт олон хүний анхаарлын төвд ороод байгаа юм.

Дэлхий сөнөх тухай энэхүү цуурхалд монголчууд ч мөн адил анхаарлаа хандуулж, хүн бүр арванхоёрдугаар сарын 21-нд юу болохыг ажиглаж байна. Монголчууд энэ өдөр дэлхий сөнөнө, гурван өдөр харанхуй болж, хасах 70 хэм хүрч хүйтэрнэ хэмээх цуурч байгаа юм. Тэр ч бүү хэл иргэд энэ цуурхалд итгэж, лаа, чүдэнз маш ихээр нөөцлөх болсон аж. Мөн орон сууцанд амьдардаг иргэдийг монгол гэрт амьдрахыг санал болгож байгаа зэрэг хошин шогийн маягтай үзэгдэл газар авах болоод удаж буй.

Тиймээс ч  хөдөөд лаа, шүдэнзний, хотод монгол гэрийн үнэ огцом өссөн талаар иргэд өөр хоорондоо ярьцгааж байна. Үүгээр ч зогсохгүй энэ өдөр сургууль, цэцэрлэг амарч, гадаадад байгаа нэгэндээ монголчууд сэтгэл зовниж буй. Тиймээс ч бид  монгол гэр болон лаа, шүдэнзний үнэ ханш бодит байдал дээрээ үнэхээр  нэмэгдсэн эсэхийг сурвалжлахаар “Нарантуул” ОУХТ-ийг зорилоо.

Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс дэлхий сөнөх тухай анхааруулжээ  

Идэр есийн хүйтэн эхлээгүй ч “Нарантуул” зах гойд хүйтэн байв. Тус захын үүдэнд бохь, чихэр ширхэглэж зардаг хижээл насны эмэгтэйгээс монгол гэр хаагуур худалдаалдаг болохыг нь тодруулаад заасан зүг рүү нь явлаа. Бидний очсон эхний павилионд наймаачид цугларан хөзөрдөж байв. Гэрийн үнэ сонирхож, эрэлт ямар байгааг нь асуулаа. Сурвалжлагаар  явааг минь сонссон нэгэн наймаачин эр “Монгол гэрийн үнэ огт өсөөгүй. Хүмүүс гадуур 21-тэй холбоотой монгол гэрийн үнэ 2-3 дахин өссөн байна гэж цуураад байгаа болохоос биш эрэлт, үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн зүйл огт байхгүй. Энэ бол үндэслэлгүй худал мэдээлэл” гэв.

Тэнд хөзөрдөж байсан наймаачид арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэж шал дэмий юм ярьж, хүмүүсийн толгойг эргүүлж явсан хэсэг нөхдийг барьж, цагдаагийн байгууллагад хандсан талаараа бидэнд хуучлав. Тодруулбал, энэ сарын 18-нд  “Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө” гэсэн бичиг бүхий лоозон барьсан хүмүүс тус захаар явж, монгол гэр, лаа, шүдэнзээ нөөцлөхийг сануулж байсан аж. Харин тус захыг хариуцсан байцаагч нар тэднийг цагдаа дуудаж, баривчлуулсан байна. Учир нь тэд энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байжээ. Тус захын монгол гэр борлуулдаг наймаачдын хувьд дэмий  зүйл ярьж, үнэ хөөрөгдсөн хэмээн худлаа цуурхал тарааж байгаа нөхдүүдэд бухимдаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Дэлхий сөнөхөд монгол гэр ер нь ямар хамаатай юм бэ.

Тэгээд ч 21-нд юу ч болохгүй учраас бидний наймаа, арилжаа үргэлжилдгээрээ л үргэлжилнэ” гэж байв. Бид цааш явсаар “Танан гэр” ХХК-ийн борлуулах цэгт хүрлээ. Нарантуул захын хувьд монгол гэр дунджаар 650-1.5 сая төгрөгийн үнэтэй байв. Энэ компанийн борлуулж буй гэрийн хувьд ч мод, хийцээсээ хамаараад үнэ ханшийн хувьд ялгаатай. Тодруулбал, шалгүй,  дан бүрээстэй, таван ханатай гэрийн мод 650-850 мянган төгрөгийн ханштай байв. Харин шалтай, давхар туургатай, таван ханатай гэрийн мод 1.3-1.8 сая төгрөгийн үнэтэй байгааг “Танан гэр” ХХК-ийн захирал П.Мягмарсүрэн хэлсэн юм. Түүнчлэн дээвэр хоёр хос нь 220 мянга, туурга 50 мянга, гадуур, дотуур цагаан бүрээс дөрвөн ханатай гэрийнх нь 35, таван ханатай гэрийнх 50 мянга, берзинт 120-250 мянга, бүслүүр 7000, өрх 25 мянган төгрөгийн ханштай байв. Харин өнгөрсөн жилийн хувьд таван ханатай, шалтай, давхар бүрээстэй гэрийн мод 1.3-1.5 сая төгрөгийн ханштай байсан гэнэ.

Энэ жилийн хувьд гэрийн үнэ ойролцоогоор 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн аж. Гэхдээ энэ нь дэлхийн сүйрэлтэй холбоогүй бөгөөд түүхий эд нь ховордсонтой холбоотой юм байна. Хамгийн гол нь түүхий эд бэлтгэх асуудал хүндрэлтэй байгаа учраас үнэ, ханшинд ийнхүү өөрчлөлт орсон аж. Түүнээс биш иргэдийн яриад байгаа шиг дэлхийн сүйрлээс болж гэрийн үнэ нэмэгдээгүй гэв. Мөн өөр нэгэн павилионы наймаачин эмэгтэй “Өдөрт ганц туурга, гэрийн мод зар­вал баярлаад зогсч байна шүү дээ. Хүмүүсийн яриад байгаа шиг монгол гэрийн үнэ нэмэгдээд,  ховордсон  зүйл огт байхгүй. Үнэхээр хүмүүсийн яриад байгаа шиг гэрийн үнэ нэмэгдээд, нийлүүлэлт нь багассан бол бид ингэж өвлийн хүйтэнд даарч, зах дээр зогсох шаардлагагүй. Ер нь жилийн жилд урин дулааны улиралд монгол гэрийн борлуулалт сайн байдаг юм. Харин өвлийн хүйтэнд гэр барьдаг монгол хүн байдаггүй шүү дээ. Уламжлал, цаг уурын нөхцлөө бодсон ч хэн хөлдүү газар гэр бариад сууж байх вэ дээ” гэв.  Монгол гэр худалдаалдаг хэсгээс гарч лаа, шүдэнз борлуулдаг “өргөтгөлийн”  гэх тодотголтой  чингэлэгүүдийг зорилоо.

Өдөрт нэг контейнор лаа борлуулагдаж байна

Харин энэхүү өргөтгөлийн наймаачдын хувьд борлуулалт сайтай байгаагаа үгүйсгэсэнгүй. Үүгээр ч зогсохгүй арван­хоёрдугаар сарын 21-нд тохиох болзошгүй аюулаас сэргийлж, хүмүүс лаа, шүдэнз их хэмжээгээр нөөцөлж байгаа тул тэдний ашиг орлого сайн байгааг ч хэлж байсан юм. Тухайлбал, бидний эхний очсон контейнорын худалдагч эр “Лаа, чүдэнзний борлуулалт сайн байгаа. Ер нь лаа, шүдэнзний ханш тус бүрдээ 50-200 төгрөгөөр нэмэгдсэн” гэв. Мөн хажуугийн контейнорийн худалдагч эмэгтэй “Сүүлийн өдрүүдэд лааны борлуулалт эрс нэмэгдсэн. Үнэ ч өссөн.

Ялангуяа орон нутгийн  иргэд лаа, шүдэнзийг хайрцаг, хайр­­цгаар нь авч байна. Нэг контейнер лаа, шүдэнз буугаад өдөртөө дуусч байгаа талаар бөөний худалдаачид ярьж байна” гэв. Бидэнтэй тус контейнороос лаа, шүдэнз худалдан авч байгаа нэгэн хижээл насны эр таарсан юм. Тэрбээр Хэнтий аймгийн харъяат бөгөөд арванхоёрдугаар сарын 21-нд ямар нэгэн зүйл болохгүй гэдэгт итгэлтэй бай­гаа гэсэн боловч гартаа ууттай лаа барьсан харагдав. Энэ лааг хэнд зориулж авсныг нь лавлахад тэрбээр “Миний хувьд энэ өдөр юу ч болохгүй гэж бодож байна. Харин нутгийн хөгшчүүдийн захисан лаа, шүдэн­зийг цуглуулж явна даа” гэв.

Энэ бүхнээс харахад лаа, шүдэнзний борлуулалт ихэссэн нь харагдаж байсан бөгөөд “Нарантуул” захаас гараад хувиараа гэрийн үйлдвэрлэл эрхэлдэг Санжаасүрэн гуайнд очив. Түүний хувьд ч мөн адил гэрийн борлуулалт, үнэ өссөн нь үндэслэлгүй цуурхал гэсэн юм. Харин гэрийн хувьд таван ханатай, шалтай, давхар бүрээстэй гэрийн мод 2.5-2.7 сая төгрөгийн ханштай гэнэ. Мөн таван ханатай сийлбэртэй, эрээн гэр зургаан сая төгрөгийн үнэтэй аж. Харин зургаан ханатай сийлбэртэй гэр найман сая төгрөгийн ханштай байв.

Арванхоёрдугаар сарын 21-ний эргэн тойронд…

Зарим нэгэн энэ өдөр юу ч болохгүй хэмээн тал бүрээс нь тайлбарлаж байгаа боловч нөгөө хэсэг нь ямар нэгэн зүйл болно гэж үзэж байгаа юм. Тиймээс ч зарим нэгний хувьд битүүхэн болгоомжилж, багахан айдастай өдөр хоногийг өнгөрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч дунд сургуулийн сурагчид энэ өдөр амарч, иргэдийн хувьд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг эрхэмлэж байна. Мөн хүмүүс баасан гарагт дэлхий сөнөхөөс өмнө нэг сайн наргиж авъя хэмээн хошиг­нож байна. Тэр ч бүү хэл дэлхийн хэмжээний зарим одод ч энэ цуурхалд итгэж байгаагаа үгүйсгээгүй бөгөөд хоргодох байр бариулсан талаараа ярьж байгаа билээ.

Харин Монголд зарим нэг нь тэсгим өвлийн хүйтэнд тарвага ичээнээсээ гарсан нь ямар нэгэн байгалийн гамшиг болохыг зөгнөж буй үзэгдэл хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл  одон орны талаар хамгийн энгийн ойлголтгүй хүмүүс гурав хоног харанхуй болно хэмээн цуурч байгааг эрдэмтэд сануулсан билээ. Учир нь манай дэлхий наран талаас гурав дахь гариг юм. Тиймээс дэлхийн нөгөө талд байгаа том гаригууд байрлалаа өөрчилж, нарнаас ирж байгаа гэрлийг хаахгүй юм. Тиймээс гурав хоног харанхуй болно гэдэг ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй цуу яриа гэдгийг дахин сануулъя.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж