Монголбанк өнөөдөр /12 дугаар сарын 20/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 61.1 сая ам.доллар, 8 сая юань тус тус худалдах, 10 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк эдгээр саналыг хэлэлцээд, 1398 төгрөгийн хаалтын ханштайгаар 61.1 сая ам.доллар худалдан авлаа.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР