Д.Арвин: Миний байх газар МАН биш

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Д.Арвин: Миний байх газар МАН биш

УИХ-ын гишүүн Д.Арвин өнөөдөр АН-д элслээ. Түүнтэй ярилцав.

-Ардчилсан намд элсэх болсон хамгийн том шалтгаан нөхцөл юу байв аа?

-Төрийн бодлого чинээлэг  иргэд рүү чиглэж байна. Өнөөдөр ядуус ажлын байргүй, амьдарч байгаа орчин нь цэцэрлэг, сургууль байхгүй,  худаг ус, цахилгаан гэрэл ч үгүй байна. Ийм дүр төрх нийслэлийн захын хорооллоор дүүрэн. Тодруулж хэлбэл, 190 мянга гаруй иргэн өнөөдөр маш хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч  байна. Энэ хүмүүст зориулсан бодлого хэрэгжүүлэх саналыг би өмнө нь МАН-ын гишүүн байхдаа олон удаа тавьж ирсэн. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэх хуулийг ядуу иргэддээ чиглүүлье гэж хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулж байхад ажлын хэсгийн ахлагч өөрчилж байлаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэхээсээ илүү Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулах хэрэгтэйг тухайн үеийн Ерөнхий сайд болон бусад хүмүүст хэлж байсан боловч миний санал дэмжигдээгүй. Монгол Улсад хөдөлмөрийн бодлого хэрэгтэй, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах талаар би өмнө нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга байхдаа олон асуудлыг дэвшүүлж, оруулж байлаа. Гэвч эдгээр асуудлыг гүйцэтгэх засаглал манай МАН-ын бодлогоор хэрэгжүүлэхгүй байсанд миний сэтгэл өвдөж байсан.

Би Монгол Улсын хамгийн том тойрогт орж ирсэндээ их баяртай байгаа. Хэдийгээр би УИХ-ын гишүүнийхээ хувиар хууль боловсруулах байгууллагад орж ирсэн ч ядуу иргэдийн төлөө би л ажиллахгүй бол хэн ажиллах юм бэ гэж өнгөрсөн зуны турш бодогдсон. Тийм учраас би ядуу иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бодлого гаргаж ажиллая, намайг дэмжээч гэж би Ардчилсан намынхан хүсэлт тавьсан. Өнгөрсөн хугацаанд би загвар хот болгох, ядууруулыг бууруулах талаар том хөтөлбөр боловсруулсан. Түүнийгээ би УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан. З.Энхболд дарга миний төсөлтэй танилцаад, манай намын бодлоготой нэг зүгт байгаа учир чи хамтарч ажиллаарай гэсэн. Ийм учраас би улс орноосоо урваагүй. Үзэл бодлоосоо урваагүй. Ардчилсан намд элсэхдээ  эдгээр хөтөлбөрүүдээ  хэрэгжүүлэхийг зорьж, энэ шийдлийг гаргасан.

-Ардчилсан нам, МАН бодлогынхоо хувьд хоёр өөр, нэг нь зүүний чиглэлийг баримталж байхад, нөгөө нь баруун чиглэлийнх. Та Ардчилсан намын гишүүдтэй хэр гар нийлдэг бол. Тэр тусмаа үзэл бодлын зөрүү гарах биш үү?

-Ардчилсан нам МАН хоёр нэг нь зүүний, нөгөө нь барууны нам боловч өнгөрсөн дөрвөн жилд хамтарч ажиллахдаа ямар ч үзэл баримтлалын зөрчил гаргаагүй. Монгол Улсад хэт барууны, хэт зүүний үзэл хэрэггүй гэдгийг амьдрал харуулсан учраас би энэ сонголтыг  хийсэн.

Тэгээд чи миний хувьд өнөөдөр намын ивээлд багтаж, нам дотор муур хулгана болж тоглохыг хүсээгүй. Би МАН-ын шинэлчлэлийн төлөө элсний 13-ын нэг болж, шөнө өдөргүй тэмцэж ажиллаж байсан боловч үр дүн ерөөсөө гараагүй. Тиймээс би өнөөдөр намын шинэчлэлийн төлөө явахаасаа илүүтэй сургууль цэцэрлэггүй байгаа, ядуу амьдарч зовж байгаа иргэдийнхээ төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэлтэйгээр төрд орж ирж байна. Энэ бол урвалт биш сонголт. Би зогсонги амьдрахыг хүсээгүй. Би нам дотроо зогсонги байхгүйн төлөө өнгөрсөн 12 жил намынхаа бүлэг болгон дээр үг хэлж, сэтгэгч байлаа. Миний санаачилсан, хэлсэн бүхэн хэрэгжээгүйд би маш их гомдсон. Учир нь би Монголын парламентад  гурван удаа сонгогдохдоо өөрийн санаачилсан, хэрэгжүүлэхийн төлөө боловсруулсан төслөө ажил болгож чадаагүйд харамсаж явдаг. Би ард түмнээсээ уучлал гуйж явдаг байлаа. УИХ-ын гишүүн байна гэдэг Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө явна гэсэн үг. Энэ нийтлэг эрх ашгийг төрийн бодлого болгож чадаагүйдээ харамсаж байна. Харин Ардчилсан нам миний сонголтыг дэмжинэ гэсэн үүднээс би энэ сонголтыг хийсэн. Өнөөдөр иргэд газаргүй байна. Гэтэл газар өмчлөлийн хуулиар хүн амын долоохон хувь нь газар өмчилсөн байна. Бид Газар өмчлөлийн тухай хуулийг сайн боловсруулсан боловч албан тушаалтнууд иргэдэд газар өгөөгүй, өнгөтэй, мөнгөтэй хүмүүс, компаниуд, гадаадынханд газар өгсөн байна.  Төрийн анхан шат ард түмнээ их дарамталж зовоож байгааг би харсан. Өөрчлөн байгуулалт хийх хэрэгтэй байна шүү дээ.

-МАН таны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би намын дүрмийн дагуу  намын үүртээ өргөдлөө өгсөн. Намын үүрт өргөдлөө өгснөөр энэ асуудал шийдвэрлэгддэг. Дүрмийн дагуу асуудлаа шийдсэн.

-Та МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Гэтэл та гишүүн болонгуутаа Ардчилсан намд элсэхээр сонгогчдод хүндээр л бууж байгаа даа?

-Би МАН-аас нэр дэвшин сонгогдсон. Гэхдээ зөвхөн энэ намын нэрээр гарч ирсэн гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл нэр дэвшигчийн төлөө иргэд сонгогчид саналаа өгдөг. Хэрвээ МАН-ын нэрээр гардагсан бол өнөөдөр нийслэлийн сонгуулийн 20 мандат дээр нэр дэвшсэн гишүүн бүр гарах байлаа. Өнөөдөр миний явсан замнал намайг Баянзүрх дүүрэг, Налайхын хэсгээс  гарахад нөлөөлсөн гэж бодож байгаа. Нөгөө талаар, Баянзүрх дүүргийн нийт иргэд намайг дэмжсэнд баяртай байна. Манай МАН-ын гишүүдээс, Ардчилсан нам ИЗНН, бие даагч  гишүүд намайг дэмжиж ажилласан. Тийм учраас энэ бол нэг намын сонголтоор биш өнөөдөр улс төрийн намуудын дэмжлэгээр, эмэгтэй хүнийх нь хувьд бидний амьдралыг өөрчилж чадна гэдэг үүднээс иргэд намайг сонгосон гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл та МАН ямар ч хөгжил шинэчлэлгүй болсон учраас сонголтоо хийж Ардчилсан намд элслээ гэж ойлгож болох уу?

-Үгүй ээ.  Бид ажиллаж амьдарч байна. Гэсэн ч иргэдийн амьдралд чанарын өөрчлөлт гарахгүй байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ярьсаар 20 жил боллоо. Хөрсний бохирдол таван жилийн дараа нийслэлийн хөрсөн дээр амьдрахад бэрх болж ирэх нь. Үүнийг бид шийдвэрлэх, ядуурлыг бууруулах, шилжин ирж байгаа иргэдэд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхэд зориулсан төрийн бодлого гаргаж өгөхгүй байгаагаас иргэд “хүй нэгдэл”-ийн нийгмээс доогуур амьдарч байна. Нийслэлд иргэд гэрэлгүй, худаггүй орчинд амьдарч байна. Би энэ бүхнийг өөрчлөхийн  төлөө өнгөрсөн 12 жил маш олон бодлого гаргаж ажилласан. Энэ дээр бид хамтарч ажиллаж чадаагүй,миний хийх гээд байгаа ажил, бодлогыг харин Ардчилсан нам хийж, дэмжиж, хамтарч ажиллая гэсэн учраас би  ийм сонголт хийлээ.

-Таныг Ардчилсан намын дэмжлэгийг авч сонгуульд ялсан гэсэн мэдээлэл гарсан?

-Би УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавьсан. Би хүнд нөхцөлд сонгуульд орох нь. Нэг намын хоёр хүн өрсөлдөж байна. Манай дүүргийн намын хорооны тэргүүлэгчид зөвхөн дүүргийнхээ даргыг дэмжинэ гэсэн шийдвэр гаргалаа. Иймээс намын анхан шатын гишүүд бүгд намайг дэмжих боломжгүй боллоо. Иймээс та бүхэн намайг эмэгтэй хүний хувьд дэмжиж ажиллаач гэж учир байдлаа хэлсэн. УИХ-ын дарга “Энэ парламентад цуг сууж байсан эмэгтэй хүний хувьд шударга зөв явдгийн чинь хувьд өөрийнхөө гишүүдээр дамжуулан  дэмжинэ” гэдгээ хэлсэн.  Ийм хүнд үед, ийм том тойрогт Ардчилсан нам, Ардчилсан намын жирийн гишүүд л дэмжсэн. Мөн МАХН-ын гишүүд, С.Ганбаатар нарын бие даагчид, ИЗНН-ын С.Оюун даргыг дэмжигчид нь надад дэмжлэг үзүүлсэн. Иймээс л би энэ сонголтыг хийх нь зүйтэй гэж ялалтынхаа өдөр өөрийнхөө сэтгэл зүтгэлээр шийдсэн.

-Танд Ардчилсан нам сайдын суудал амласан учир элсэж байгаа гэсэн яриа гарах болсон. Энэ яриа үнэн үү. МАХН хэзээ нэгэн цагт Засгийн газраас гарахад танд сайдын суудал санал болговол хүлээж авах уу?

-Хамтарсан Засгийн газрыг битгий задраасай, Ардчилсан нам МАХН, МҮАН, ИЗНН энэ Засгийн газраа цаашаа авч яваасай гэж хүсч байна. Би МАХН-ыг Засгийн газраас гаргахгүйн төлөө ажиллана. Д.Арвин гэдэг хүн өмнө нь гурван удаа сонгогдохдоо нэг ч удаа албан тушаалын төлөө явж байгаагүй.  ТэгэхэдТ.Ганди хоёр удаа сайд болж байсан, Ч.Туяа гишүүн нэг сонгогдоод сайд болж байсан. Д.Арвин чадахгүйдээ сайд болоогүй биш, сайд болохыг хүсээгүйдээ энэ олон жилийг улс төрд өнгөрүүлсэн. Би цаашдаа сайд болохгүй ээ, харин сайдын дайтай ажиллана. Миний хувьд ядуу зүдүү амьдарч байгаа иргэддээ туслах нь сайдаас илүү албан тушаал. Өнөөдөр намайг улстөрчид өөрсөд шигээ санаж байна. Би албан тушаалын төлөө явдаг хүн биш. Ямар ч үед сайд болохгүй гэдгээ амлая. Хийх ажлаа л хийнэ.

-Та УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн учраас нэрийг тань татах асуудал гарч мэдэх юм? 

-УИХ-ын гишүүн байхдаа намаа сольсон хүн олон бий шүү дээ. Ц.Шинэбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва гээд олон гишүүн намаа сольж байсан.  Нам сольсоноор нэр татдаг зохицуулалт байдаггүй.

-Та МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө МАН-ын үе үеийн дарга нар дарамтад орсноос намаасаа гарахаас аргагүй байдалд орж байсан. Хамгийн сүүлийнх нь Н.Энхбаяр дарга. Надад бас намын зүгээс тийм шахалт ирсэн учраас би энэ сонголтыг хийхэд хүрсэн” гэсэн.  Яг ямар дарамт ирсэн бэ танд?

-Би “Элсний 13”-ын нэг болж тэмцэж явсныг та бүхэн мэднэ. Би намаа шинэчлэхийн төлөө явж байсан. Ингэснийхээ төлөө 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд намын удирдлагууд намайг унагах арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Саяын сонгуулиар гэхэд нэг намын хоёр хүн өрсөлдөж байхад нөгөөг нь дэмжээд намайг огт дэмжээгүй. Намын эмэгтэйчүүдийн байгууллагын дарга ч эмэгтэй хүнийхээ хувьд нэг ч удаа утасдаж асуугаагүй. Тэр байтугай дүүргийн анхан шатны байгууллагын н.Намсрай гэдэг эмэгтэй “Д.Арвинг УИХ-д гаргаж болохгүй шүү” гэж намын эмэгтэй гишүүдийг дуудаж хэлсэн байсан.  Энэ бүхэн хүний тэвчээрийг бардаг юм билээ. Миний байх газар энэ биш юм байна гэж сүүлийн 20 хоногт хатуу мэдсэн.  УИХ дахь МАН-ын гишүүдээс нэг нь ч  “Арвин минь чи ийм хүнд нөхцөлд яаж ажиллаж амьдарч байна гэж” утастаагүй. Тэгэхэд Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ж.Батзандан, Д.Ганхуяг нар “Зоригтой л ажиллаарай л гэж байсан” юм шүү.

-Танд хэн хэн  шахалт  үзүүлж байсан бэ?

-Яг шууд шахалт үзүүлээд  байсан юм байхгүй. Цаагуураа дэмжлэг үзүүлэхгүй байсан, тэгэхдээ хүнээр дамжуулж шахаж байгаа нь надад мэдрэгдсэн. 

-Та хэнд гомдож байна вэ?

-Гомдоод байх юм байхгүй. Улс төрд гомдол гэж байдаггүй юм.

-Иргэдийн амьдрал энэ 20 жилийн хугацаанд дээшилсэнгүй гэж та хэллээ. Ирэх дөрвөн жилд иргэдийн амьдралд чанарын өөрчлөлт гарахгүй бол та дахиад намаа солих уу?

-Би ажиллана шүү дээ. Ажиллавал бүх юм бүтнэ. Надад туршлага байна. Дэмжлэг үзүүлэх  баг байна.. Тийм учраас энэ дөрвөн жилийн дараа өөрчлөлт гарна гэж бодож байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж