Өнгөрсөн долоо хоногт Кубад очиж, хагалгаа хийлгээд ирсэн Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес эх орондоо эргэн ирсэн ч ханиад хүрснээр биеийн байдал нь тогтворгүй байгаа тухай Харилцаа Холбооны сайд нь мэдэгджээ. Тиймээс Уго Чавес эмчийн нарийн хяналт дор эмчилгээ хийлгэж, хэсэг хугацаанд амрах хэрэгтэй байгаа гэнэ. Уго Чавес өнгөрсөн аравдугаар сард болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа сонгогдож, ирэх зургаан жилд тус улсыг удирдахаар болсон юм. Гэвч тэрээр хорт хавдрын улмаас дөрөв дэх удаагаа Куба улсад хагалгаа хийлгэх болсноор хагалгааны үеэр өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол Дэд ерөнхийлөгч Николас Мадурог өөрийнх нь орыг залгамжлахыг хүссэн юм. Хэрэв Уго Чавесийн биеийн байдал сайжирч, бүрэн тэнхэрвэл тэрээр ирэх нэгдүгээр сарын 10-нд ерөнхийлөгчийн тангарагаа өргөх бололтой. Харин биеийн байдал нь улам дордож, нөхцөл байдал бүр хүндэрсэн тохиолдолд Венесуэлийн үндсэн хуулийн дагуу дахин ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах юм байна.
Б.АНХТУЯА