Виза карт хуурамчаар үйлдэх нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Виза карт хуурамчаар үйлдэх нь ихэсчээ

Хэд хоногийн өмнө гэртээ харихаар автобусанд сууж явтал нэг ийм явдал тохиолдлоо. Автобусанд дөнгөж ортол кондуктор нь “Муу худалч, буу чи” гээд л нэг охиныг зандарч байна. Нөгөө охин нь ч өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй янзтай “Би яахаараа худалч болчихдог юм бэ. Энэ билетийг чинь би сургуулиасаа авсан юм. Наадах чинь хуурамч биш. Хуурамч бол тэр МОХ л хийсэн” гэж байна. Тэр хоёрын ярианаас охины автобусанд үнэгүй зорчдог наалт хуурамч юм байна гэж ойлголоо. Харин охин наалтаа жинхэнэ гээд зүтгээд байдаг. Нэлээд маргалдсаны эцэст охин виза картаа кондукторт үлдээгээд автобуснаас буулаа. “Охины виза картны наалтыг яагаад хурааж байгаа юм бэ” гээд кондуктороос асуусан чинь “Наалт нь хуурамч байсан юм. Ойрд хуурамч наалт их гарч байна”, “Та хуурамч гэдгийг нь яаж мэдсэн юм бэ” гэтэл “Эгч нь мэдэлгүй яах вэ дээ. Гэхдээ үнэхээр хуурамч эсэхийг нь шалгуулна. Хэрвээ жинхэнэ бол Нийтийн тээврийн газраас очоод авна биз” гэв.

Энэ жил виза картны наалт хуурамчаар хийх тохиолдол эрс нэмэгдсэн гэнэ. Учир нь энэ онд 90 мянган ширхэг наалтыг оюутнуудад тараасан байна. Хэдийгээр БШУЯ 113 мянган ширхэг наалт хийх зөвшөөрөл олгосон боловч Сангийн яамнаас 90 мянгын хязгаар тогтоосон аж. Дээр нь энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл хуурамч наалт ихэссэн нь  эрэлт ихэсч нийлүүлэлт багассантай холбоотой юм. Чоно борооноор гэгчээр ийнхүү эрэлт ихэссэнийг далимдуулан хуурамч наалт олноор хийж оюутнуудад өндөр үнээр зарах хүн их болсон байна. Энэ жил виза картны наалт эрэлттэй байгаа учраас үнэ нь нэлээд нэмэгджээ. Дунджаар 30-40 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд зарим тохиолдолд 100 мянга хүрч байсан. Энэ хэмжээний мөнгөөр хуурамч наалт авч хохирсон зарим оюутны яриаг хүргэе.

МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Д.Энхжаргал:
ХУУРАМЧ ЭСЭХИЙГ НЬ ЯАЖ МЭДЭХ БИЛЭЭ

-Энэ жил манай ангийн 32 оюутны дунд 15 виза картны наалт өгсөн. Сугалаа сугалаад би наалт авч чадаагүй учраас шагийн наалт 40 мянган төгрөгөөр авсан. Гэтэл хэд хоногийн өмнө хураалгачихлаа. Наалтаа хүнтэй зарын дагуу холбогдож байгаад л авсан. Хуурамч эсэхийг нь яаж мэдэх билээ. МОХ өмнө нь хуурамч билет зарж байгаа эсэхийг шалгаж ийм зүйл гарахаас сэргийлэх ёстой байсан байх гэж бодож байна.

МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Д.Саруул:
МИНИЙ ВИЗА КАРТНЫ НААЛТ ЖИНХЭНЭ БАЙСАН БОЛОВЧ КОНДУКТОР ХУРААЧИХСАН

-Би нэг таньдаг хүнээсээ наалт авсан юм. Гэтэл автобусны кондуктор хуурамч наалт байна гээд хураагаад авчихсан. Авсан хүнээсээ асуухад жинхэнэ наалт гэсэн. Тэгээд нөгөө кондуктортойгоо эргэж холбогдоод наалтаа авъя гэтэл Нийтийн тээврийн газраас асуу гэлээ. Харин Нийтийн тээврийн газарт миний виза карт байгаагүй. Ингээд л би наалт ч үгүй, виза карт ч үгүй хоцорлоо.
Хуурамч виза картны наалт ихэсч байгаагийн хажуугаар кондукторууд жинхэнийг нь хураах тохиолдол цөөнгүй гарч байгаа ажээ. Хэдийгээр кондукторууд оюутнуудаас виза картыг нь хурааж аваад Нийтийн тээврийн газарт өгдөг гэж байгаа ч хураагдсан бүх наалт тэнд очдоггүй бололтой. Оюутан бүр автобусанд мөнгөө төлөөд явах боломжгүй учраас үнэгүй зорчих тасалбар авах нь чухал байдаг. Гэтэл энэмэтчилэн виза картны наалт хүрэлцээ муутайгаас болж оюутнууд хохирч байна.

Э.Батжаргал: ШААРДЛАГАТАЙ БОЛ МОХ-Г ШАЛГУУЛЖ БОЛНО

МОХ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Э.Батжаргалаас виза картны хуурамч наалтны талаар цөөн асуултад хариулт авлаа.
    
-Оюутны виза картны наалтыг үнэгүй хийх тохиолдол их байна. Саяхан Оюутны холбооноос шалгалт хийсэн гэсэн. Хэчнээн хуурамч виза карт болон наалт илрүүлсэн бэ?

-Монголын оюутны холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран өнгөрсөн са­рын сүүлчийн долоо хоногт автобус­нуудад шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчилтэй виза карт хуурамч наалтыг хурааж авсан. Зөрчилгүй виза карт наалтууд МОХ-нд ирж байгаа. Зөрчилтэйг нь устгаж байгаа. Тэгэхээр оюутнуудад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж виза карт, наалтаа аваарай гэж хэлмээр байна. Хувь хүнээс авбал хуурамч байх магадлалтай юм. Бидний хийсэн шалгалтаар 600 орчим хуурамч наалт илэрсэн.

-Виза картны наалтыг хуурам­чаар хийсэн хүнд хуулийн дагуу ямар ха­риуцлага хүлээлгэдэг юм бол?

-Виза картны наалт маань өө­рөө үнэт цаас. Тиймээс үнэт цаас хуурам­чаар үйлдсэн, худалдан борлуул­сан гэдэг үндэслэлээр Эрүү­гийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-Хуурамч наалтыг ямар хүмүүс хийгээд байна вэ?

-Хуурамч наалт хаанаас гарч байгааг, хэн хийж байгааг тогтоохоор ажиллаж байна. МОХ-ноос УМБГ-т энэ хэргийг шалгаж өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг байгуулагдан шалгаж байгаа. Их хэмжээгээр үйлдвэрлэсэн газар, хувь хүнийг удахгүй тодорхой болгоно. 

-Хуурамч наалтыг жинхэнээс нь яаж ялгадаг юм бэ?

-Ер нь бол харахад л андашгүй байдаг юм. Хуурамч наалт дээрх үсгийн шрифт нь нарийнхан, үг хоорондын зай нь хол байдаг. Харин жинхэнэ наалтны үсгийн шрифт нь өргөн, зай нь ойрхон байна. Мөн наалтыг хуулж үзэхэд дахин ашиглах боломжгүй гэсэн бичиг гарч ирдэг. Дээр нь хуурамч наалтны үзүүр шовх байдаг. Наалтыг төстэй байдлаар дуурайлгадаг ч жинхэнэ шиг нь хийж чадахгүй.

-МОХ-ныхон өөрсдөө хуурамч наалт хийж байна гэсэн яриа гарч байна. Энэ талаар албан ёсны хариулт өгөхгүй юу?

-МОХ-ноос автобусанд үнэгүй зорчдог наалтыг хуурамчаар үйлдэх ямар ч боломж байхгүй. Энэ наалт нь үнэт цаас, дээр нь өөр дээрээ серийн дугаартай байдаг учраас аль сургуулийн хэн гэдэг оюутан авсан гэдэг нь бүртгэгдсэн байдаг. Дээр нь бид энэ наалтыг Нийтийн тээврийн газар зэрэг байгууллагатай хамтран олгодог учраас хуурамчаар үйлдэх боломжгүй. Бид одоо хуурамч наалтны хэргийг УМБГ-т шалгуулж байна шүү дээ. Тэгэхээр асуудал байгаа бол МОХ-г шалгуулж болно.

-Хуурамч наалтаа хураалгасан оюутнууд сургуулиасаа авсан гэж байна шүү дээ?

-Тухайн оюутан наалт авахад нь суургуулиас нь албан ёсны даатгалын хуудас гэж өгдөг. Хэрвээ үнэхээр сургуулиасаа авсан бол тэр хуудас нь байна шүү дээ. Гэтэл зарим оюутан хувь хүнээс хуурамч наалт авчихаад сургуулиасаа авсан гээд байгаа юм.

-Жинхэнэ эсэхийг нь мэдэлгүй наалт авснаас болж оюутнууд 30-40 мянган төгрөгөөр хохирч байна. Цаашид виза карт хуурамчаар хийлгэхгүй байхын тулд яах ёстой юм бол?

-Ямар ч байсан МОХ-ноос энэ мэт хууль зөрчсөн үйлдэлтэй тэмцэж байна. Цаашид хяналт шалгалтыг нэмэгдүүлнэ. Оюутнууд хувь хүнээс наалт авахгүй байхад л хуурамч наалт хийхгүй шүү дээ.

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж