Америкийн ерөнхийлөгч өмнө нь 2008 онд Time сэтгүүлийн оны хүн болж байв. Тэр үед Обама анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Америкийн лидерээс гадна 2012 оны хүний төлөө Египетийн лидер Мохаммед Мурси, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ба түүний нөхөр бөгөөд ерөнхийлөгч асан Билл Клинтон, Yahoo!-гийн ерөнхий захирал Марисса Майер, Apple-ийн тэргүүн Тимоти Кук, Пакистаны блогчин охин, талибын халдлагын дараа алдартай болсон Малала Юсуфзай нар өрсөлджээ.
Сэтгүүлийн тодорхойлолсноор оны хүнээр олон нийтэд болон мэдээлэлд эерэг сөрөг аль альнаар нь нөлөөлж, өнгөрч буй оны турш олны анхаарлын төвд байсан эрхмийг тодруулдаг юм.
Үүнээс гадна Time сэтгүүл уншигчдын саналаар бас нэгэн “Оны хүн”-ийг тодруулдаг бөгөөд Хойд Солонгосыг нэг жил удирдаж байгаа Ким Чен Ун уншигчдаас сонгогдсон байна. Санал асуулгад 5,6 сая хүн оролцсон аж.
Сэтгүүлд тэмдэглэснээр Ким Чен Уны хувьд өнгөрч буй он “сайн” жил болжээ. Эцгийгээ нас барсны дараа тэр засгийн бүх эрхийг нэг жилийн дотор өөрийн гарт төвлөрүүлж чадсан юм. Тэр мөн өнгөрч буй онд Time сэтгүүлийн нүүр хуудсанд заларч, The Onion гэх шог сэтгүүлээс хамгийн секси эр гэж хүртэл нэрлэгдсэн байв.
Түүнчлэн Time сэтгүүлийн уншигчдын тодорхойлолтод хууль бусаар цагаачлагчийн нийтлэг дүрийг бүтээгч, Америкийн инээдмийн жүжигчин Жон Стюарт, Олимпийн аварга тамирчин бүсгүй Габби Дуглас, Мьянмагийн сөрөг хүчний лидер Аун Сан Су Жи, Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси нарын нэр багтсан байна.