Чөлөөтийнхөн ирэх онд завгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн ирэх онд завгүй

Манай тамирчдын амжилт өсөхийн хэрээр Монгол оронд зохиох олон улсын уралдаан тэмцээний тоо арвижиж, монгол тамирчидтай Улаанбаатарт маань ирж хамтарсан бэлтгэл хийх сонирхол өсдөг нь гарцаагүй. Тэр ч ёсоор 2013 онд Монгол Улсад тив дэлхийн болон олон улсын цөөнгүй тэмцээнийг зохион явуулах ажээ. Эдгээрээс чөлөөт бөхийнхөн нэлээд завгүй байх нь. Ирэх оны гуравдугаар сарын 2,3-нд эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цомын тэмцээн анх удаа Монголын дэвжээнд юм. Уг тэмцээнд чөлөөт бөхийн хөгжлөөр тэргүүлдэг шилдэг долоон баг оролцоно. Зохион байгуулагч гэдэг утгаараа Монголын чөлөөтийн бүсгүйчүүд найм дахь багаар тодорч байна. Тэгвэл тавдугаар сарын 11, 12-нд “Mongolian Open” олон улсын гурав дахь удаагийн тэмцээн болно. Түүнчлэн долдугаар сарын 25-28-нд чөлөөт, сонгомол, эмэгтэй бөхийн Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Монголын үзэгчдийн нүдийг хужирлах нь. Эдгээр гурван тэмцээн FILA-гийн календарьт батлагдсан тул манай чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээ урагшлуулан 2013 оны нэгдүгээр дундуур явуулахаар шийджээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж ирсэн “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг зэрэглэл бууруулан Улаанбаатарын Азийн нээлттэй тэмцээн (Asian Open Ulaanbaatar) нэртэй болгов.

“СПОРТЫН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж