“Сүйрэл”-ийн өдөрт бэлтгэсэн гэж үү?

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

“Сүйрэл”-ийн өдөрт бэлтгэсэн гэж үү?

2012.12.21-нд дэлхий сүйрэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж буй ч иргэдийн дунд битүүхэн айдас байсаар… Нарны аймгийн гаригууд нэг давхцалд орж, дэлхий нийтийг түнэр харанхуй бүрхэх тул тэсгим хүйтэн болж, эргэн тойрон бүхэлдээ мөстөн хөлдөнө гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэж, эртнээс лаа, шүдэнз цуглуулан, бакрышка хүртэл хашаандаа овоолж буй сураг ч сонстоно лээ. Зарим нэг нь хотоос зайдуухан гэр барьж, “сүйрлийн” өдөр амь зогоох аргаа эртнээс бэлтгэсэн нь ч бий гэнэ. Энэ мэт байдлаас үүдэн лаа, шүдэнз, монгол гэрийн үнэ ханш, худалдаа, захиалга ямархан байгааг, товчхондоо бол иргэд “сүйрлийн” гэх энэ өдөрт хэрхэн “бэлтгэж” байгааг сонирхохоор “Нарантуул” захад очлоо.

Нийслэлийн хэмжээнд хамгийн том, хүний хөл тасардаггүй “Нарантуул” худалдааны төвд монгол гэр худалдаалдаг 30 гаруй чингэлэг байдаг ч одоогоор 10 хүрэхгүй нь ажиллаж байна. Эл хуль, хүн цөөтэй, нэг чингэлэгт 1-2 гэрийн унь, хана өрж тавьсныг харвал худалдаа маруухан байгаа мэт. “Үнэндээ найр хуримтай намрын сарууд, ноос ноолуур гардаг хаврын саруудтай харьцуулахад одоо монгол гэрийн үнэ 300-400 мянган төгрөгөөр хямдарсан” гэдгийг тус худалдааны төвд наймаа эрхэлдэг Д.Мягмар ярьсан юм. Сониучирхан лавлавал, “Иргэд дэлхий сүйрэхэд бэлтгээд монгол гэр ихээр худалдан авч байгаа, үнэ огцом өссөн гэдэг худлаа. Зарим өдөрт ганц ч гэр борлуулж чадахгүй байна шүү дээ” гэх хариулт өгөв. Түүний хувьд сүүлийн 10-аад жил монгол гэрийн наймаа эрхэлж байгаа аж. Жилийн энэ үед ерөнхийдөө худалдааны идэвх сулардаг, энэ жил ч яг л тэр жишгээр байгааг тэр хэлсэн юм.

“Нарантуул” захад худалдаалж буй монгол гэрийн үнэ ханшийн тухайд дунджаар 1,5 сая төгрөг. Дөрвөн ханатай жижиг гэр 1,4-1,8 сая төгрөгийн үнэтэй бол хар модон, сийлбэртэй, таван ханатай, шал, давхар дээвэр туургатай, иж бүрэн гэр 1,7-2,3 сая, их гарын гэгдэх зургаан ханатай бол 2,6 сая төгрөгийн үнэтэй байх аж. Хийц, сийлбэр, модны чанар зэргээс хамаарч ханш 300-400 мянган төгрөгөөр хэлбэлздэг гэнэ. Мөн монгол гэрийн хос дээвэр 220 мянга, туурга 35-50 мянга, гадуур, дотуур цагаан бүрээс таван ханатай гэрийнх 50 мянга, дөрвөн ханатай гэрийнх 30 мянган төгрөгийн ханштай байлаа. 

Харин лаа, шүдэнзний борлуулалт эрс нэмэгджээ. Үнэ нь ч мөн өнгөрсөн сарынхтай харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн гэдгийг худалдаачид хэлж байв. Тодруулбал, боодол лааны үнэ 850-1000 төгрөг, толгой шүдэнз 250 төгрөгийн ханштай байгаа ч 50-150 төгрөгөөр нэмэгдсэн үнэ гэнэ. Харин олдоц, нийлүүлэлт сайн байгаа аж. “Хүнсний дэлгүүрт лаа, шүдэнз угаасаа олдоц муутай байдаг. Тиймээс иргэд лааны олдоц ховордсон, үнэ хэд дахин нэмэгдсэн гэдэг ойлголттой байгаа бололтой. Харин худалдааны төв, томоохон захуудад тийм зүйл байхгүй. Иргэдийн хувьд юмыг яаж мэдэх вэ гэдэг байдлаар лаа, шүдэнз бага ч болов хэмжээгээр нөөцөлж байгаа байх” гэж “Нарантуул” захын худалдаачин ярилаа.

Арванхоёрдугаар сарын 21-нд буюу маргааш дэлхий нарыг тойрох хавтгай, дэлхийн эклиптикийн хавтгай өнцөг үүсгэхгүйгээр нэг шугамд давхцах үзэгдэл болно. Гэхдээ үүний улмаас ямар нэг онцгой байдал үүсэхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж буй. Тиймээс та ч бас сэтгэл амар байж, арванхоёрдугаар сарын 22-ныг угтаарай.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж