&#34Нийгмийн дайсан&#34 жүжгээрээ ялагч болов

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

&#34Нийгмийн дайсан&#34 жүжгээрээ ялагч болов

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд зохиосон “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдаан өнгөрсөн бямба гаригийн орой шилдгээ шалгаруулав. Сүүлийн шалгаруулалт нь нийслэлд болж зүүн, баруун, төвийн бүсээс шалгарсан гурван театрын уран бүтээлчид өрсөлдсөнөөс Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан Х.Ибсений “Нийгмийн дайсан” жүжиг, симфони найрал хөгжмийн “Сонгодог концерт”-оороо түрүүлж 35 сая төгрөгөөр шагнууллаа. Уралдааныг УДЭТ-ын найруулагч Б.Баатар, гавьяат жүжигчин Г.Урнаа, бүжиг дэглээч С.Сүхбаатар нарын таван хүн шүүсэн бөгөөд тэд тус театрынхныг симфони найрал хөгжмөөрөө бусдаас илүү байсныг онцолсон юм.

Баруун бүсээс төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ван­ганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт драмын театр А.П.Чеховын “Ванья ах” жүжиг, “Этүгэн чимэгт аялгуу” концерт, төвийн бүсээс Дархан-Уул аймгийн “Залуучууд театр” Х.Ибсений “Нора”, Г.Перселлын “Дидона Эней хоёр” дуурийг тус тус нийслэлчүүдэд дэлгэн өрсөлдсөн юм. Мөн урилгаар Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордон “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга “Зүүдний Соннамбула”  сонгодог концерт, Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулга  “Бурхан Халдуны дуулал” концерт, Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр “Гайхам ертөнц” хүүхэлдэйн сонгодог концертоо хүргэсэн билээ.

"Сонгодог хөгжмийн попури өндөр үнэлгээ авсан"


Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх багш, урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдойтой ярилцлаа.

-Та бүхний бэлтгэж авчирсан бүтээл “Сонгодог бүтээл 2012”-ын шилдэг нь байж чадлаа. Та бүхэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Хичээсэн зүтгэсэн, мэрийсэн, бүхнийхээ ард амжилттай сайн гарсанд сэтгэл өндөр байна.

-Танай театрынхны тавьсан бүтээл бусад аймгуудын бүтээлээс юугаараа онцлог байв?

-“Сонгодог
концерт” нь шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээг авсан. Миний найруулсан
сонгодог хөгжмийн попури сайн байлаа. Тиймээс өндөр үнэлгээ авсан. Нөгөө
талаар дан симфони оркестортой тоглож дуулснаараа онцлог. Бидэнтэй
бүтээлээрээ өрсөлдсөн хоёр аймгийн театрт дуучин байлаа гэхэд фанаграмм
тавих юм аа. Манайх амьд хоолойгоор дуулж хөгжимддөг. Манай театрын
дуучин Ганчимэг Д.Лувсаншаравын аялгуу, Ц.Дамдинсүрэнгийн үг “Хэрлэн”
гэдэг дууг  дуулсан. Мөн манай Дөлгөөн морин хуураар гоцлож “Морин хуур”
хөгжимд зориулсан концертыг тоглосон нь түрүүлэхэд бас нэг гол хүчин
зүйл болсон. 

-Зүүн бүсээс ямар бүтээлээрээ шалгарсан билээ?

-Х.Ибесний
“Нийгмийн дайсан” гэсэн драмын жүжгээрээ шалгарсан. Түүнийгээ л
нийслэлд тоглолоо. Нөгөөх нь “Сонгодог концерт”  ч сайн.  Бид аль
боломжтой сонгодог хэлбэрийг сайн тоглосон гэж бодож байгаа. Үзэгчид,
шүүгчдийн хувьд ам сайтай байсан.

-ХБК-ийн “Найрал хөгжим 2012” тоглолтод танай найрлынхан урилгаар оролцож байсан?

-ХБК-ийн
75 жилийн ойд зориулж И.Штраусын “Радецки марш” хөгжмийг тоглуулж, би
дохисон. ХБК-ийн уран сайхны удирдаач бидний тоглолтыг үзээд найрал
хөгжмийнхөө ойн тоглолтод оролцох урилга тавьсан. Бид баярласан. Яагаад
гэвэл хөдөөгийн театрын хөгжмийг тоогоод урина гэдэг том завшаан байлгүй
дээ.
 
-ХБК-ийг төгссөн хөгжимчид хэр олон байна?

-1988-1989
онд төгсч байсан хүмүүс бий. Манай хөгжимчдийн 50 гаруй хувь ХБК-ийг
төгссөн. Энэ сургуулийг төгссөн хэдэн хөгжимчид оркесторыг авч явна
даа. 

-Хөдөөгийн театруудад байхгүй симфони найрал хөгжим танайд багаа. Хэдэн онд байгуулагдсан бэ?

-Симфони
найрал хөгжим 1978 онд байгуулагдсан. Хүн хүчний хувьд тааруу ч
хөдөөгийн театрууд дундаа хамгийн олон уран бүтээлчтэй нь. Сонгодог
хөгжмөөр дагнасан бүтээл олонтой.  “Сонгодог бүтээл-2012” уралдааныг
зохион байгуулснаар бид бусад театруудын уран бүтээлчдийн хувьд
өөрсдийгөө хаана ямар шатанд явааг олж харлаа, мэдлээ. Мөн туршлага
солилцох, харилцан суралцах гээд олон авах юмтайгаараа онцлог байв.

-Хөдөөгийн театрын хөгжил ямар шатандаа явж байгаа гэж боддог вэ?

-Манайх
шинэ театртай болсон нь бидэнд том боломж олгосон. Цаашдаа уран бүтээл ч
сайжрах байх. Том том бүтээл тавина. Соёлын яам байгуулагдсанаар урлаг
соёлыг хөдөө рүү их чиглүүлж байна. Соёл, спорт хоёроор улсын нэр
дэлхийд гардаг шүү дээ. Зүүн аймгийн таван театр хоорондоо бүтээлээ
уралдуулсан юм. Манайх бол бусдаасаа ялгарч илүү харагдаж байна билээ
шүү. Манай нутгийнхан өнгөрсөн жил оркестор хөгжмийн зэмсэг авч өгсөн.
Дуугаралт нь шал ондоо. Орон тооны хувьд 27 хүнтэй гэхэд боломжийн.
Манайх хөгжмөөр гайгүй тооцогдох ч орон тоог нэмэх хэрэгтэй. Мэргэжлийн
уран бүтээлчдийг хөдөөд бэлтгэнэ гэж  байхгүй. Манай хөгжимчдийн тал
хувь нь өөрийнхөө авьяасаар ажиллаж байна. Цаашид ч оркесторынхоо орон
тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Соёлын яамандаа энэ хүсэлтээ тавина.
Мэргэжлийн дуучин, бүжигчин, жүжигчин хэрэгтэй л байна.

-Танай театрын уран бүтээлчид насны хувьд хэдтэй хүмүүс байна вэ?

-1977 онд ХБК төгссөн хөгжимчид бий. Гурван жил ажиллаж байгаа  залуу хүн ч бий.

-Та театртаа хамгийн ахмад настайд нь орно. Хэдэн оноос энэ театртай амьдрал ахуйгаа холбосон бэ?

-Хар
бага залуугаасаа өтөл болтлоо зүтгэж байна. Анх 1959 онд 17 настай
байхдаа Дорнодын театрт хөгжимчнөөр орсон. Тэрнээс хойш өдий хүртэл
багш, удирдаач, найруулагч бүх зүйлийг нь хийж байна. Театрт ороод хэдэн
жил хөгжимчин хийж байгаад ЗХУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан.
Хөдөөнөөс ЗХУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан ганцхан хүн байдаг юм. Тэр
нь би. Одоо бол тэтгэвэртээ гарсан театрынхаа зөвлөх багш хийж байна. 

-Танай театр хэдэн онд байгуулагдсан бэ. Анх ямар жүжгээр нээлтээ хийж байсан юм?

-Манайх
анх байгуулагдахдаа драмын жүжгээрээ театр сайн байсан. 1948 онд
байгуулагдсан. Ч.Ойдовын “Зам” жүжгээрээ театрынхаа нээлтийг хийж байсан
түүхтэй юм билээ. Тэрнээс хойш хөгжимт драмын жүжиг их тоглож байсан.
1953 онд манайхаас олон гавьяат төрж байсан. Жишээлбэл Түвдэндаржаа,
Дарьсүрэн, Банзрагч, Цэрэндаш гуай гээд олон гавьяат  байсан. 1970 он
хүртэл драмын урлагаар сайн байсан. Ууган жүжигчдийн нэг 80 хол гарсан
Ванчинзаваг гээд хүн бий. Энэ хүмүүсийн залгамж халаа болсон шавь нар
зөндөө байлаа. Түүний дараа 1960-аад он гарсны дараа жүжгээр олондоо
танигдсан. “Хурим”, “Шарай голын гурван хаан” гээд хөгжимт драмын
жүжгийг тоглодог байсан. Манайд Д.Бэх-Очир гэж балетместэр ЗХУ-д
Жамьяандагва гуайтай хамт сурч байгаад ирээд театртаа бүжигчнээр
ажилласан. Түүнийг ажиллаж байхад нэг үе бүжиг анги сайн байсан.

-Та хэчнээн хөгжмийн зохиол бичсэн бэ?

-Дууны
хөгжим 100-аад, концертын бүжгийн хөгжим 150 гаруй бичжээ. “Халхын гол”
гээд симфони найраглал бичсэн. Бүжгэн жүжгийн хөгжим гурав бий. 1978
онд “Цэнхэр дурдан алчуур”, 1988 онд “Малчдын дуулал” бүжгэн жүжгийг
ДБЭТ-т тавьсан. Дараа нь 1991 онд “Бурхадын дуулал”  гэдэг балетыг
нутагтаа  тавьж байлаа.  “Хэцүү Тоо Ван” киноны хөгжим хийж байлаа.
Хөгжимт драмын жүжиг тав бий. 50-аад жил хийсэн уран бүтээлийнхээ
тайланг өнгөрсөн жил Нийслэлд “Дорнод нутгийн дуулал” гэсэн нэртэй 
хйисэн. Манай  театр урын сандаа Монголын болон дэлхийн 50 гаруй
сонгодог бүтээл тоглосон байдаг юм билээ. Түүнээс хойш ч тоо нь
нэмэгдсэн. Жилд шинээр нэмж хоёр гурван бүтээл хийдэг. Тэр ч утгаараа
хаана ч явсан бэлэн бүтээл хөгжимтэйгээ явдаг шүү.

-Та урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг хэдэн онд хүртсэн юм бэ?

-1993 онд авсан, одоо 20 жил болж байна. 

-Нийт хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

-Захиргаа аж ахуйтайгаа нийлээд 70 гаруй хүнтэй. Уран бүтээлч нь 60 гаруй хүн бий. Драм, хоор, бүжиг анги гээд байдаг.

-Ойрын хугацаанд хийх уран бүтээлийн тов юу байна?

-Өнгөрсөн
намар шинэ байрандаа орох гээд уран бүтээл хийсэнгүй. Сая “Сонгодог
бүтээл-2012” уралдаанд оролцохоор бэлтгэсэн. Уг нь  жилд концертын
төрлийн гурван уран бүтээл хийдэг. Нэг концерт, хоёр жүжиг хийх уран
бүтээлийн төлөвлөгөөгөө шинэ он гаргаад хийнэ дээ. “Сонгодог
бүтээл-2012” уралдаан том учраас бүх хүч хөдөлмөр цаг заваа үүнд
зориулсны үр дүн гарлаа.

-Хэзээ нутаг буцав?

-Хагас
сайны орой шилдгүүдээ шалгаруулаад маргааш нь буюу бүтэн сайнд нутагтаа
ирлээ. Аймгийн Засаг дарга, Тамгын газрын хэлтсийнхэн сайхан халуун
баяр хүргэж сайхан хүлээж авсан шүү.

О.САЙХАНЦЭЦЭГ


Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж