&#34Хөөмэйн түрлэгтэй цэнгүүн зохион байгуулна&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

&#34Хөөмэйн түрлэгтэй цэнгүүн зохион байгуулна&#34

Хүмүүсийн дунд “Энэ сарын 21-нд од гаригийн тохиол болно. Дэлхийг харанхуй нөмөрнө гэсэн цуу яриа тархаад байгаа. Үүнийг няцааж хүмүүст эерэг энерги бэлэглэх зорилгоор Монгол бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн зайран, яруу найрагч Д.Бямбадорж “Онгодын дуудлагатай хөөмэйн түрлэг” цэнгүүнийг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Түүнтэй уулзаж тус цэнгүүнийх нь талаар тодрууллаа.
-“Онгодын дуудлагатай хөөмэйн түрлэг цэнгүүний гол онцлог нь юу байх вэ?

-Дэлхий даяар тархаад байгаа цуу яриаг няцаах хүмүүсийн сэтгэлд эерэг энерги бий болгох, өглөөний нарыг баяр баясгалантай угтаж байгаасай. Дэлхий ээжийг баярлуулж байгаарай гэсэн санааг л хүмүүст хүргэх гэж байна. Газар дэлхийгээ баясгаж байвал хүн төрөлхтнийг харж үзнэ шүү дээ. Энэ цэнгүүний нэг зүйл нь галын тахилга. Хүннүгийн үеэс галаа тахиж ирсэн уламжлалтай. Галын тахилга бол бүх тахилгын дээд нь л дээ. Галын хүч бол тэнгэрээс дээшээ гардаг. Бас оюун ухаан сэргээдэг. Муу энерги шингэсэн хүмүүсийг галаар ариусгаж сэтгэл санааг нь гэгээн болгодог учиртай. Арванхоёрдугаар сарын 21-ийг өөдрөгөөр угтах зан үйл хийх юм.

-Тэгэхээр энэ сарын 21-ийг угтсан арга хэмжээ гэж ойлгож болох нь ээ?

-Хүмүүсийн яриад айгаад байгаа шиг ямар нэг гамшиг тэр өдөр болохгүй л дээ. Цуу яриа тараад хүмүүсийг айдаст автуулаад байхаар зарим нэг даралт ихтэй хүн харвачихаж мэдэх юм. Тиймээс иргэдийн сэтгэл санааг тайвшруулах нь зүйтэй л дээ. Муу юмыг зөгнөөд байвал сэтгэл дагаад байдаг. Хүн бүх юманд сайхан сэтгэлээр хандвал муу юм тойрч өнгөрдөг. Юм бүхэнд сайхан сэтгэлээр хандах учиртай.

-Энэ цэнгүүнд яагаад заавал хөөмэйг онцолж багтаасан юм бэ?

-Хөөмэй бол уул усны аялгуу, хархираа харгиа л даа. Тодруулбал газрын хэл юм. Тэнгэрийн хэлээр ярьдаг бөө нар газрын хэлээр ярьдаг хөөмэйчидтэй нэг дор цугларч дэлхий ээжийгээ моринхуурын аялгуу, уртын дуугаар аргадах гэж байна. Дэлхий гэдэг агуу зүйлийн дэргэд хүн бол өчүүхэн юм. Тиймээс биднийгээ ивээж хайрла гэж хүсч байгаа нэг илэрхийлэл маань энэ цэнгүүн.

-Бөхийн өргөөнд цэнгүүнээ хийнэ гэл үү. Тэгэхээр галаа яаж бадраах юм бэ?

-Тулга тавиад асбест хавтангаар хүрээлж байгаад л галаа асаана даа. Галын тахилга дотроо хааны, хамжлагын, харцын гээд ялгаатай. Хааны галыг бол өргөөнд нь л тахидаг байсан шүү дээ. Бөхийн өргөө бол түүнтэй л ижил. Галын тахилга 3-5 цаг үргэлжилдэг. Гэхдээ энэ цэнгүүний үеэр хэдхэн минутад л багтааж хийнэ. Цэнгүүнд ирэхдээ тавгын идээ, хадаг авч ирэхийг зөвлөмөөр байна.

-Энэ арга хэмжээнд таниас гадна хэчнээн хүн оролцох вэ?

-Нийт есөн бөө оролцоно. Есийн тоо утга учиртай л даа. Энэ тооны утга цагаан сүлдэнд ч байдаг. Монголчууд эртнээс төрийн хар, цагаан сүлдийг дээдэлж цэнгүүлж ирсэн. Бидний сайн сайхан байх үндэс бол хар, цагаан сүлдэнд оршиж байдаг. Хүннүгийн үед найман зүгийн эрдэмтэн мэргэдийг нэгэн тугийн доор нэгтгэх зорилгоор цагаан сүлдийг цэнгүүлж тахидаг байсан. Харин Чингисийн үед хар сүлдийг  дээдэлж зөв цэнгүүлдэг байсан учраас монголчууд хүчирхэгжсэн. Хар сүлд бол дөрвөн зүгийн хүчтэнийг нэгэн тэнгэрийн доор нэгтгэж явсан түүхтэй. Бөө бол бүх шашны эцэг учраас үүнээс соёл иргэншил үүссэн гэж үздэг. Гэгээрсэн хүн бол бөө мөргөлийн утга учрыг мэддэг юм билээ. 1999 онд би Д.Чойжамц хамбатай хамт далай ламын урилгаар Энэтхэгт очоод бөөлж өгсөн. Гэгээрсэн хүн агуу шүтлэгийг хүндэлдэг юм байна. Тэр жил дэлхийн шашны хурал болоход Чингис хааны бөө мөргөлийн шашнаас төлөөлөгч авчраарай гэж далай багш хамбад хэлж байсан юм билээ. Тэгээд би тэр хуралд очиж оролцсон. Тухайн шашин нэг нэгнээсээ ёс заншлаар л өөр болохоос зорилго нэгтэй л байх нь чухал гэж далай лам айлдсан байдаг.

-Та 2013 он гаргаад шинэ номоо хэвлүүлэх гэж байгаа гэл үү?

-“Өргөлийн дуулал” гэсэн тууль бичиж байгаа. Хаадын цадиг, хатдын цадиг, Монгол бахархал гэсэн хэсгүүдтэй. Монгол бахархал хэсэгт ийм зүйл гарах юм.
…Уртын дууны шуранхай уулсын оргилд жигүүрлэх

Хуурын дууны татлаганд хултай айраг мэлтэлзэх
Уулын оройд морьтой гэртэйгээ
Усны захад адуутай айрагтайгаа… гээд л шүлэглэсэн байгаа. Энд би сүмогийн их аварга Д.Дагвадоржийн тухай бас багтаасан.
…Аархуу омог нь цээжиндээ оволзсон
Азийн дэвжээнд ганцаараа тодорсон
Дайчин тэнгэрийн элч Дагваа аваргын барилдахыг харсан уу
Домогт тэр бөхийн дотоод нууцыг мэдэх үү… гэж түүнийг магтаж бичсэн.

Б.ГАНАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж